ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, биологийн ухааны доктор Н.Мэндсайхан Монголын “Улаан ном”-д орсон долоон төрлийн загасны ихэнх нь хүний буруутай үйлдэл, сувдаг шунахай сэтгэлийн балгаар устахад хүрч, ердийн тул (сибирь) зөвхөн Монголд л үлдээд буйг хэдхэн сарын өмнө хэлж байлаа.
Харамсалтай нь, бид “Монголд л бий” хэмээн гайхуулж, бахархан ярьдаг эл амьтнаасаа үүрд хагацаж, халаглан суух үе ойртож байх шиг. “Люмино” хамтлагийн ахлагч, Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сангийн тэргүүн, Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Д.Тэмүүжин фэйсбүүк хуудсандаа хоёр хоногийн өмнө Эрдэнэтийн нэгэн худалдааны төвд тул загас худалдаж буй тухай мэдээлж, цахим орчинд шуугиан тарив.
Монголын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд ховор, устаж болзошгүй гэсэн бүртгэлтэй, агнахыг бүрмөсөн хориглосон уг амьтныг дураараа барьж, худалдаж буй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэж бухимдах иргэн цөөнгүй байв. Д.Тэмүүжингийн хэлж буйгаар уг худалдааны төвийг шалгуулахаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдэд хандсан ч “Тус аймгийн холбогдох байгууллагад хандана” гэхээс өөр зүйл хэлээгүй аж.
Энэ хэргийн талаар тодруулахаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Нямсүрэнтэй холбогдоход “Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг хэд хэдэн байгууллагынхан өчигдөр “Энх” худалдааны төвийг шалгасан. Тарваган тахал гарсантай холбоотойгоор манайх Булган аймагтай хамтраад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, байнгын хяналт, шалгалт хийж байсан учир наймдугаар сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл ийм хэрэг гараагүй.
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хяналт суларсан үед энэ хэрэг гарлаа. Д.Тэмүүжингийн мэдээлэл үнэн болохыг тогтоосон. Тэнд зарж байсан тулыг Хялганатаас авчирсан бололтой. Тэр худалдагчид тул загас нийлүүлдэг хүн бий гэсэн. Амьтны тухай хууль зөрчсөн эдгээр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулна” гэв.
Харин Цагдаагийн газрынхан “Тул мөн, эсэхийг тогтоогоогүй байна. Өөр төрлийн том загас байхыг үгүйсгэхгүй” гэв. Иргэдийн мэдээллээс үзвэл уг газарт тул худалдаж буй нь анхных биш аж. Тул зардаг лангууны зургийг нь авч, энэ талаар Д.Тэмүүжинд мэдээлсэн, уг холбооны гишүүн Б.Улсболд ч худалдагчид шаардлага тавьж, “Зарахаа байчихвал, танд нийлүүлдэг хүмүүс тул барихаа болино” гэхэд “Битгий солиор” гээд ер тоогоогүй гэнэ.
Таван төрөлтэй ч устсаар ганцхан нь үлдээд буй ердийн тулыг агнах нь битгий хэл загасчлах спортод сэртэнгүй дэгээгээр бариад, агаарт удаан байлгалгүйгээр усанд нь буцаан тавих журамтайг загасчид ярьж байна.
Зарим иргэний хэлж буйгаар “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн махны лангуунуудад тул өвөл, зунгүй “хэвтэж” байдаг гэх юм. Энэ мэдээллийн мөрөөр “Меркури” худалдааны төвд очиход худалдагчид нь “Хориотой учраас зардаггүй” гэж үгүйсгэсэн ч тэндхийн байнгын үйлчлүүлэгч иргэн “Энд тул зардаг. Болгоомжилж байгаа юм. Хэнд зарахаа мэддэг” хэмээв.
Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. Бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гээд заачихаж.
Уг нь “Монголд л байдаг” гэгдэх уг амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар агнахад ч дэндүү хайран. Холбогдох мэргэжилтнээс тул барих зөвшөөрлийг ямар тохиолдолд олгодгийг тодруулахад “Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд барьж болно. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулахад болон халдварт өвчний голомтыг арилгах зорилгоор барьдаг” гэв.
Энд бичсэн тусгай зөвшөөрөл олгогч байгууллага нь БОАЖЯ юм. Тул хууль бусаар барьж агнасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно гэсэн хуулийн заалт бий.