Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдон шалгуулж байгаад сураггүй болсон Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн ням гаригийн үдэш гэрээс нь баривчилсан байна. Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь гэрт нь ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын албан хаагчдын хамт баривчлахаар орох үед дээрх эр мансууруулах бодис хэрэглэчихсэн байжээ.
Тэр даруйд нь хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээ шээс, цуснаас нь авахад “мөс” буюу метамфетамины төрлийн бодис илэрсэн гэнэ. Мөн гэрээс нь ч энэ төрлийн бодис гарчээ.
Олон жил орон шоронгоор явж, “Гандан бороо” нэрээр эрүүгийн ертөнцөд танигдсан Чимэдийн Батхуяг гэх 50 настай эрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр хууль сахиулах байгууллагынхан цагдан хорьж шалгаж байсан ч тэрбээр цагдаад нэлээд дээгүүр алба хашдаг танил талынхаа ивээлээр суллагдсан юм билээ.
Иргэн Г-ыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан хэрэгт түүнийг сэжиглэн шалгаж байх үед мөрдөн байцаалтаас оргосон гэнэ.
Ч.Батхуяг нь 1990-ээд оны эхэн үед хулгайн хэрэгт холбогдож, улмаар хулгайн эд зүйлсийг зах дээр борлуулдаг байсан гэдэг. 2000 оноос хойш гадаад паспорт хуурамчаар үйлдэж, хүмүүсийг БНСУ руу явуулж байсан тухай мэдээлэл бий. Орон сууцны ченж хийж байгаад 2005 онд хутгатай танхайрсан үндэслэлээр ял шийтгүүлсэн бөгөөд 2008 онд Өршөөлийн хуульд хамрагдан, ялаас чөлөөлөгдсөн нэгэн гэнэ.
Суллагдаад удалгүй бас л бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, олсон мөнгөөрөө цагдаагийн байгууллагад дээгүүр алба хашиж байсан хүнээ “ивээн тэтгэж” хэргээ аргалуулж байсан тухай учир мэдэх хүмүүс ярих юм билээ.
Ч.Батхуягт дарамтлуулан эд хөрөнгөө залилан мэхлүүлсэн хүмүүс өмнө нь хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Алдархишиг хэрэгсэхгүй болгож байсан удаатай гэнэ.