Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум дахь “Гандандамчойлин” хийдийн гол шүтээн болсон Харморьт сахиусыг өөр бурхан тахилын хамт энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлсан хэрэг гарсан. Түүх, соёлын үнэт өв болсон дээрх Таогчойжил (Сүүлчийн номын хаан) гэдэг сахиусыг одоогоос 300 гаруй жилийн өмнө буюу 1700 оны үед Төвдөөс Ахай бээсийн хошууны ноён залж авчирсан аж.
Энэ хосгүй үнэт эд өлгийн зүйлсийг хадгалж буй дээрх хийдийн харуул хамгаалалт сул, телекамерын болон дохиоллын хяналтгүй байсныг гэмт этгээдүүд эртнээс судалж мэдэн боломжтой үеийг хүлээж байгаад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн шөнө “ажлаа амжуулсан” аж.
Уг хэргийг 1982 онд төрсөн Бямбасүрэн гэгч, 1984 онд төрсөн А-тай хамтран үйлдсэнийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хөвсгөл, Орхон аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хамтран эрэн сурвалсны дүнд олж баривчлан, эртний эдлэлийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Энэ талаар МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Б.Манлайбаяраас тодруулахад “Сэжигтнүүдийг олж тогтоон, эртний эдлэлүүдийг эд мөрийн баримт болгон хурааж аваад байна. Сэжигтэн хоёр этгээд бусадтай бүлэглэсэн байж болзошгүй тул эрэн сурвалжилж байгаа.
Эртний түүх, соёлын үнэт өв хадгалагдаж байгаа сүм хийдүүдийн харуул хамгаалалтыг сайжруулж, дохиолол, телекамерын хяналттай болговол энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ахиц гарна. Тиймээс сүм хийдийн захиргаа төдийгүй, төр, засаг үүнд анхаарах хэрэгтэй байна.
Хийдээс алдагдсан эд зүйлийг үнэлэх боломжгүй гэдгийг тус хийдийнхэн хэлсэн. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 145.4-т заасан (Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан) үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод шалгаж байгаа. Алдагдсан эд зүйлсийг хийдийнхэнд хүлээлгэн өгөх гэж байгаа” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээдүүд гол шүтээн Харморьт Таогчойжил бурхан, Хот мандлын зурмал, рашааны гүцийг долоон сая төгрөгөөр бусдад худалдсан байжээ. Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Бямбасүрэнг Орхон аймгийн Жаргалант суманд байхад нь баривчилжээ. Тэрбээр хулгайлсан эд зүйлсээ хоёр дахь эхнэрийндээ аваачин нууж, заримыг нь борлуулсан байсан гэнэ.