Монголчууд фэйсбүүк орчинд гадаадынханд мэхлүүлдэг байсан бол өдгөө манайхан хуурамч хаяг нээн, гадаад, дотоодын иргэдийг залилан мэхэлдэг, эд зүйлийг нь дээрэмддэг болжээ. ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Баянзүрх дүүргийн иргэн 23 настай А, 28 настай С, Сүхбаатар дүүрэгт оршин суух М нарыг бусдыг залилан мэхэлсэн, айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна.\
Тэд фэйсбүүкт хуурамч хаяг нээж, түүгээрээ дамжуулан өрөөлийг хуурч мэхлэн, уулзахаар болзсон аж. Уулзмагцаа гар утас, мөнгийг нь дээрэмдээд зогсохгүй, оршуулгын газарт аваачин хувцсыг нь тайлж, ухсан нүхэнд хийн, аминд нь халдахаар айлган, их хэмжээний мөнгө авчээ.
Мөн Хан-Уул дүүрэгт оршин суух 20 настай Б бусдын фэйсбүүкийн нууц үгийг олж аван, 20 иргэнийг 12 удаа залилан мэхэлж, мөнгө авсан хэргийг дээрх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.