Монгол Улс хар тамхи хэмээх цар тахлыг хяналтаасаа алдчихлаа. Хилээр янз бүрийн бодис оруулж ирж байхад гаалийнхан ямар ч хяналтгүйгээр нэвтрүүлж байна гэхэд хилсдэхгүй. Энэ сарын 12-нд Замын-Үүд боомтоор Эрээнээс орж ирсэн иргэн Б 70 гаруй грамм жинтэй нунтаг цагаан бодис авчирчээ.
Түүнийг нь хүү Н нь А, Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь нэгэн цэнгээний газарт борлуулж байгаад тагнуул, цагдаагийнханд баригдав. Өдгөө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд ээж, хүү хоёрыг найзуудтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэд ашиг олох зорилгоор дээрх хэмжээний мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг тогтоосон гэнэ.
Тагнуулын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтэн Н ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид хоригдож байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглээд баривчлагдсан хүмүүстэй танилцаж, тэднээс хар тамхи хилээр оруулж ирэн борлуулбал ашигтай гэсэн ойлголттой болсон аж.
Улмаар ээжийгээ явуулж авчруулсан гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Өмнөд хөршөөс 10 гр “мөс”-ийг чанараас нь хамаараад 2000-3000 юаниар авч, Монголд 2-3 дахин нугалж борлуулдаг гэсэн мэдээлэл байна. Үүнээс үүдээд л монгол залуус хар тамхины наймаа эрхлэхийн зэрэгцээ бусдыгаа цагаан тахлын золиос болгож буй юм.
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн дангаараа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд хүчрэхгүй байгаа. Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь Гаалийн газрынхан өнгөрсөн сарын 23-нд хамтарсан шалгалт явуулж, Бээжингээс “мөс” оруулан ирж байсан, Улаанбаатар хотын харьяат А, Д нарыг илрүүлэн шалгаж байна. Өдгөө А, Д нарын бүлэг, Б, Н, А, Д нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар тооцоод байгаа аж.