ЭМ сайдын санаачлагаар хэрэгжүүлж буй "Шилэн мэдээлэл" төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг нээлтэй ил тод болгох зорилгоор төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдэд хэрэгжүүлж буй туршлага тэр дундаа УНТЭ-гийн туршлагыг хуваалцах уулзалтыг ЭМХТ, УНТЭ хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн чанарын албаны дарга нар, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцож уулзалтын үеэр танилцуулсан сайн туршлагуудаас өөрсөдийн эмнэлгүүдэд нэн даруй нэвтрүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй ил тод эмнэлэг болох асуудалд онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцон санал солилцлоо. ЭМХТ дээр авдаг эмч нарын эмчлэх эрхийн шалгалтыг шилэн болгож байгаа бөгөөд шалгалт өгч байгаа явцыг иргэд шалгалтын өрөөний гадна байрлуулсан дэлгэцээр шууд хянах төдийгүй тус төвийн вэб хуудсаар дамжуулан хаанаас ч хянах боломжтой болж байгаа юм. Харин УНТЭ үйлчлүүлэгчдийн амбулаторийн үзлэгийг шилэн болгож хэн хэзээ үзүүлэхийг нийтэд нээлтэй болгосон төдийгүй мэс засал яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тухай мэдээллийг ар гэртнь шуурхай мэдээлэх дүрсээ харж ярих технологийг нэвтрүүлээд байна. Мөн Хүрээ амаржих газрын хувьд төрөх өрөөнд төрөх гэж байгаа болон сая төрсөн ээж ар гэрийхэнтэйгээ дүрсээ харан ярьж биеийн байдлаа мэдэгдэх хүүхдээ харуулах боломжыг бүрдүүлээд байна. Цаашид эрүүл мэндийн салбар иргэдэд нээлттэй ил тод өөрөөр хэлбэл "Шилэн" болохоор хамтдаа нэгдэн бие биедээ болон олон улсын туршлагыг судлан үрдүнтэйг нь,санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна.