Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Жаргалант, Буянт, Чандмань, Манхан,Үенч, Булган, Алтай, Зэрэг, Цэцэг, Дөргөн суманд энэ сарын 11-16-ны өдрүүдэд ажиллах юм. Уулзалтын салхийг Ховд аймгийн Буянт сумаас хагаллаа. Иргэдтэй хийх уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт улс орны нийгэм, эдийн засгийн талаар ийнхүү ярив.
С.Бямбацогт: Иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй
Нутгийнхантайгаа уулзах хүсэлтэй байсан ч малын гоц халдварт өвчин гарч сар гаруй хугацаанд хорио цээр тогтоосноос болж саатсан. Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. УИХ-ын сонгуулиар нэр дэвшээд явж байхдаа “Монгол Улсын нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол 1.3 хувь болж буурлаа. Ажилгүйдэл ядуурал газар авлаа. Нийгмийн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүйд хүрлээ” гэж ярьж байсан. Үүнийг засахын тулд хүндрэл хямралыг туулах онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон.МАН Засгийн эрх авч бодит байдалтай танилцлаа. Бидний төсөөлж байснаас илүү их муудсан байжээ. Хүндрэл бэрхшээлийг шууд даван туулах нь алга урвуулахын адил амар биш. Өнгөрсөн наймдугаар сард Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар иргэдэд улс орны эдийн засгийн талаар бодит мэдээллийг өгсөн. Үүнтэй холбогдуулж, хямралаас гарах гарц шийдлийг хайж төсөвтөө тодотгол хийсэн.Тэгэхээр Засгийн газар хүнд, хэцүү сорилт дунд ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол Улсын валютын нөөц 2012 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан. Өнгөрсөн онд бид “валютын нөөц гурав дахин буурсан байна” гэж ярьж байсан бол өнөөдөр бодит байдал дээр хасах руу орсон байх жишээтэй. Туйлын хүнд байдалд бид энэ Засгийн газрыг хүлээж авсан. Мэдээж, хүнд, хэцүү байна гэж яриад суух биш хэрхэн энэ хямралт байдлаас гарах вэ гэдгийг ярилцаж, гаргалгаа хайх нь зүйн хэрэг. Саяхан 2017 оны төсвийг УИХ-д өргөн барилаа. Төсөв өргөн барихдаа татвар нэмэхгүй, цалин бууруулахгүй, өмнө нь нийгмийн халамжийн чиглэлээр авч байсан арга хэмжээг үргэлжлүүлэх, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт суусан амлалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. 2017 оны төсөвт цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байхгүй ч бууруулахгүй байх болно. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй, хуучнаа дуусгана.Зарим үр ашиггүй концессийн гэрээг зогсоосон нь дээр гэж үзсэн. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Оюутолгойн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байж эдийн засгаа хямралаас гаргана. Гэхдээ нөхцөл байдал хүнд байна гээд иргэдийнхээ халаас руу гар дүрэхгүй. Орон нутгийн сонгууль болж байгаатай холбоотойгоор “Ардын нам амлалтаасаа буцлаа” гэж ярьж байна. Бид өмнөх бодлогын алдааг засах шаардлагатай байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүртээ олгоно. Гэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд нь сар бүрт нь олгоё. Үлдсэнд нь хуримтлуулж байж өгөхөөр ярьж байгаа. “Оюутны 70 мянгыг зогсоочихлоо” гэж ярьж байгаа. Оронд нь оюутны зээлийн санг бий болгож, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох байдлаар шийднэ. Хамтын тэтгэврийн тухайд өнөөдөр Монгол улсад 280 мянган ахмадууд тэтгэвэр авдаг. Үүнээс хамтын тэтгэвэр авах ахмадууд нь 7000 байгаа. Тэгэхээр 7000 ахмадуудад хамтын тэтгэвэр олгох уу эсвэл 80 мянган ахмадуудад насны хишиг нэмэлт тэтгэвэр олгох уу гэдэг асуудал байгаа юм.
Ховд аймгийн Буянт сумынхан газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг. Сүүлийн үед хүнсний ногооны үнэ ханш унаж байгаа бөгөөд төрийн бодлогоор ногоочдыг дэмжиж өгөхийг тус сумын иргэн А.Шекен хүссэн юм. Харин Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Оюунчимэг 1983 онд ашиглалтад орсноос хойш дорвитой засвар хийгээгүй сумын сургуулийн нөхцөл байдал хүндхэн байгааг учирлав. Буянт сумын иргэн И.Төлөөгөн хүнсний ногооноос гадна жимс жимсгэнэ тариалах боломж байна гэсэн юм.Тиймээс санаачилгатай байж хүнсний ногоогоо боломжийн үнээр зарах гарцыг хайх хэрэгтэйг И.Төлөөгөн хэлж байв. Хууль, зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тойрогтоо хийх уулзалт үргэлжилж байна.