Хэрэг гарсан байр
-Шүүх ийм хүмүүсийн толгойг илсээр байх уу-
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны оршин суугчид уржигдар айдас түгшүүр дүүрэн нэгэн шөнийг өнгөрүүлжээ. Тус хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэдэг залуу хэдэн хүний хамт тэнд эл шөнө мөрийтэй тоглож, овоо хэдэн сая төгрөг, сүүлдээ гулууз алт тавин улайрцгаасан байна. Энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 00.00 цагийн үед нэгийнх нь мөнгө дуусаж, гаднаас мөнгө авчрахаар гарах гэтэл өөдөөс нь АКМ буу, хутгаар зэвсэглэсэн, нүүрээ хар багаар халхалсан 6-7 хүн дайран орж ирсэн байна.
Улмаар дээш нь нэг удаа буудаж, мөрийтэй тоглогчдыг цочроон, бууны бөгсөөр цохиж, эсэргүүцсэн хоёр хүний нэгийнх нь толгойд дахин буулгаж, өөр нэгийг нь хутгаар гэмтээжээ. Шөнө дунд буу дуугарч, хүмүүс зодолдож байгаа чимээнээр хөршүүд нь цагдаад мэдэгдсэнээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд Яаралтай тусламжийн төвийн дэргэдэх “Элит” хотхонд очсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн “Энэ сарын 10-ны 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах орон сууцанд зодоон болж байна” гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажилласан. Нэр бүхий 10-аад хүн рүү А, Б гэгч этгээдүүд өөр хүмүүсийн хамт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө, эд зүйлийг нь дээрэмдсэн. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр 30 гаруй хүн хутгалуулсан, мөрийтэй тоглоомын газар дээрэмдүүлсэн, тэрбум гаруй төгрөг алдсан гэж мэдээлсэн нь ташаа” гэсэн юм.
Бидний авсан мэдээллээр цагдаагийнхан хэргийн газарт очихоос өмнө гэмт этгээдүүд мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алтыг нь дээрэмдээд зугтсан байжээ. Уг алтны тухайд орон нутагт нэгэн уурхайтай эр олборлосон алтаа тушаахаар нийслэлд ирмэгцээ мөрийтэй тоглож байсан гэх мэдээлэл бий.
Хууль сахиулагчид шуурхай эрэн сурвалжилсны дүнд уг хэргийн гол холбогдогч болох Норовын Ариунгэрэлийг III хороололд нэгэн байранд бүгж байхад нь 06.00 цагийн үед олж баривчилсан аж. Өөр нэг этгээдийг нь 08.00 цагийн үед баривчилсан бөгөөд тэр нь Л.Батцэнгэл гэгч юм байна.
Хүмүүс “Элит” хотхоны 12 дугаар байранд мөрийтэй тоглож байгаа тухай мэдээллийг Л.Батцэнгэл эхэлж аваад Н.Ариунгэрэл болон бусад зургаан хүний хамт гэмт үйлдлээ хийсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Халдлагад өртсөн хүмүүсийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн эмч нараас лавлахад “Нэг нь толгойдоо юмаар цохиулж хүндэвтэр гэмтсэн, нөгөө нь хутганы шархтай хоёр хүн ирсэн. Тэд гадуур эмчилгээ хийлгэхээр болсон, хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж эмч нар нь үзсэн юм билээ. Цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн шиг хүнд гэмтэж, шархадсан зүйл байхгүй” гэсэн юм.
ЗЭВСЭГТ ДЭЭРЭМЧИД ХЭН БАЙВ
Сэжигтнүүдийн нэг болох “Шош” хэмээх хочоороо шорон, эрүүгийн ертөнцөд алдаршсан Н.Ариунгэрэл хүний амь бүрэлгэсэн хэрэгт 20 гаруй жилийн хорих ял шийтгүүлж байжээ. Өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн шүүхийнхэн 80 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд зарим хүнийг хугацаанаас өмнө шүүх магадлангийн хурлаар оруулсан гэнэ.
Тэдний дунд Н.Ариунгэрэл багтжээ. Тэрбээр 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан гурван жилийн ял нь хөнгөрч, улмаар өнгөрсөн хавар хорих ангиас нь засрал хүмүүжил олсон хэмээн магадланд оруулсан юм байна.
Суллагдмагцаа Сутай хайрхны тахилгад болон Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатарын урилгаар төрийн хамгаалалттай бүс буюу Ерөнхийлөгчийн оролцож байгаа арга хэмжээнд очсон нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан гэнэ. Н.Ариунгэрэлийн хувьд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байна.
“Ландага” хочоороо эрүүгийн ертөнцөд алдартай Ё.Батцэнгэлийн хувьд хар тамхи хууль бусаар олж авсан, цагдаагийнхны өөдөөс заазуур барьж дайрсан хэрэгт шалгуулж байхдаа дахин гэмт хэрэг үйлдлээ. Уг нь түүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байсан ч шүүгчид Ерөнхийлөгчийн “Хар тамхины хэрэгт холбогдогчдод өршөөл үгүй” гэсэнтэй нь зөрчилдөн үл ялих шалтгаанаар хэргийг шийдэхгүй байгаа юм.
Цус, шээснээс нь хар тамхи илэрсэн, хэрэглэсэн “мөс”-нийх нь уут тэдний байсан байрнаас олдсон байтал “Тэр уутан дотор хэчнээн хэмжээний бодис байсныг тогтоо” гэх боломжгүй шалтгаанаар хэргийг буцаасан байдаг. Хэрэв Төв аймгийн шүүх хугацаанаас өмнө тэнсэн суллахдаа анхаарал болгоомжтой хандсан бол, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар боломжгүй заалтаар хэргийг буцааж байхынхаа оронд шударгаар шийдсэн бол энэ 10 хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч үлдэхгүй байв.
Бидэнд олдсон мэдээллээр дээрх хоёроос гадна дээрмийн хэрэгт холбогдон шалгуулж байсан зургаан хүнийг энэ хэрэгт эрэн сурвалжилж байгаа аж. Тэднийг хохирогчдоос дээрэмдсэн мөнгө, алтыг нуусан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж буй гэнэ.
Зэвсэгт дээрэм хийсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 147.3-т заасан “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцож буй. Мөн хуулийн 186.2-т заасан “зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан” гэх үндэслэлээр буруутгаж буй гэнэ.
Харин хохирогчдыг дээрх хуулийн 243 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглосон” гэх үндэслэлээр шалгах юм байна.