Өнгөрсөн шөнө тоглоомын төвд зодоон болж, хоёр этгээд олон хүн бэртээсэн тухай мэдээлэл цацагдсан билээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад: "2016 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллан хэргийн газарт очиход тус хороонд байрлах байранд байсан нэр бүхий 10 иргэд рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг хүний хамт дайрч зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэрэг гарсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн А, Б нарыг Эрүүгийн цагдаагийн газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран баривчилж цагдан хориод байна.
А болон Б нартай хамт байсан этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм. Эх сурвалжын мэдээлсэнээр А, Б нар нь өмнө нь ял эдэлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.
Мөн хэрэг үйлдсэн бусад этгээд болон дээрэмдсэн эд зүйлийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин халдлагад өртсөн 10 хүн нь 25-31 насныхан бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэйгээр мэдүүлэг тайлбар өгөөд явж байгаа гэнэ. Хэрэг тоглоомын төвд бус түрээсийн байранд болсон . Сэжигтэн А нь 2016 оны 7-р сард өршөөлийн хуулиар суллагдсан сэжигтэн Б нь хар тамхины хэргээр шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна . Тэд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байжээ.