Бетон хавтангууд нь хоорондоо хамгийн ихдээ 2-3 см зайтай байхыг зөвшөөрдөг
Ази, Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ гээд өнгөрсөн зунжин л улс даяар сүр дуулиантай арга хэмжээ болсон. Үүнээс өмнө энэ уулзалтад зориулж их хэмжээний хөрөнгө оруулалт хандив тусламж, төсвийн хөрөнгөнөөс гээд өчнөөн мөнгийг зам талбай, уулзалтын байр байшин, нисэх буудлын шинэчлэл, арга хэмжээнүүдэд ашиглах техник хэрэгсэл авахад гэх зэргээр зарцуулсан билээ.
Жингийн цуваа явдгаараа явж, АСЕМ хэмээх том арга хэмжээ болдгоороо болж, манай улс сайн зохион байгуулж өндөрлүүлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ уулзалтад зарцуулсан хөрөнгө, авсан техник тоног төхөөрөмж өнөөдөр хаана, хэнд очив гэдэг нь тодорхой бус. АСЕМ-аас өмнө ашиглалтад орох ёстой атлаа одоо болтол үйл ажиллагаа нь жигдрээгүй объект ч байна.
ЦЭРГИЙН НИСЭХ БУУДЛЫГ ИРГЭНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ХӨГ ӨНГӨРЧЭЭ
Одоо ч үйл ажиллагаа нь жигдрээгүй объектын нэг бол Налайх дахь цэргийн нисэх буудал. АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд тухайн үеийн Зам, тээврийн сайд М.Зоригтын шийдвэрээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ашиглаж буй нисэх буудлыг “Иргэний болон тусгай зориулалтын нисэх буудал” төслийн хүрээнд шинэчилж, засахаар болсон юм.
Ингэхдээ 2011-2015 оны хооронд дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улмаар энэ төсөлд 19.7 тэрбум төгрөг зарцуулах болсон аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр мөнгийг нь төсвөөс гаргачихсан гэнэ. Хэрэв энэ их мөнгө гарсан нь үнэн бол хаана, юунд зарцуулсныг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгах шаардлагатай байна.
Эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд энэ хэмжээний мөнгөнөөс зориулалт бусаар зарцуулсныг нь буцаан авбал хэдэн сургууль, цэцэрлэг барих мөнгө эргээд орж ирэх ч юм бил үү.
Дээрх төслийн хүрээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд хоёр жилийн өмнөөс зорчигч угтан авах, үдэн гаргах зориулалттай барилга барьж эхэлсэн юм байна. Цэргийн нисэх буудлаа иргэний зориулалтаар ашигладаг орон БНСУ-аас эхлээд олон бий. Түүн шиг л ашиглах гэж барилга барьсан бололтой юм.
Харамсалтай нь зорчигчдыг угтан авах, үдэн гаргах зориулалттай барилга баригдсан хэдий ч нэг ч зочин угтан авч, үдэн гаргаагүй атлаа өнөөдөр зориулалтаар нь ашиглах хөг өнгөрчээ. Яагаад ингэж хэлэх болов гэхээр ЗТЯ, ИНЕГ, МХЕГ-аас нарийн мэргэжлийн хүмүүс очиж, уг нисэх буудлын үйл ажиллагаатай танилцан, дүгнэлт гаргажээ.
Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж 1/1077 тоот албан бичигт гарын үсэг зурж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд хүргүүлсэн байгаа юм. Мөн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг тухайн үед хурандаа цолтой байсан, өдгөө бригадын генерал болчихоод байгаа, Агаарын цэргийн командлагч О.Энхбаярт хаяглан, Налайх дахь нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн зөрчлийг арилгуулах тухай есөн хуудсанд уг байгууламжийн зөрчил дутагдлыг нь нэг бүрчлэн дурдаж, 07/103/44 тоот хугацаатай шаардлага хүргүүлсэн байна.
Түүнээс өмнө ЗТЯ, ИНЕГ-аас 19 заалт бүхий албан шаардлага БХЯ болон Агаарын цэргийн командлал, төслийн удирдагч, хурандаа У.Дэмбэрэл, ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажав нарт хүргүүлж байж. Гэвч илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр ямар ч ажил зохиогоогүй өдий хүрсэн төдийгүй цэргийн хувцсаар хэл амыг нь таглах гэж оролдсон гэх юм билээ.
БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн удирдлага хооронд хий хоосон бичиг цаас шидэлцсэн болж, өнөөг хүрч байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр ЗТЯ, ИНЕГ-ын албаны хүмүүс шалгалт хийж, өчнөөн зөрчил дутагдал байгааг илрүүлэх үед тэдэнд амыг нь таглах гэсэндээ тэр үү, цэргийн хувцас өгсөн байгаа юм. Гэвч нисэхийн салбар гэдэг цусаар бичигдсэн дүрэм журамтай учраас гадаад, дотоодын олон хүний амь насыг хамгаалахын тулд дүгнэлтээ хуулийн дагуу л гаргасан аж. Хувийн ашиг хонжоо хайсан бол энд маш сөрөг үр дагавар гарах биз.
Зөвхөн зорчигч угтан авах, үдэн гаргах зориулалттай барилгаас гэхэд маш олон зөрчил дутагдал илэрчээ. Хэрэв уг барилга ашиглалтад орж, гадаад дотоодынхонд үйлчилж эхэлсэн бол улс орны нэг нөөц нүүр царай болох ёстой энэ нисэх буудлын барилгыг хараад зочдод ямар сэтгэгдэл төрөх байсан бол.
2012 онд барьж эхэлсэн нисэх буудлын зорчигч хүлээн авах, үдэн гаргах зориулалттай барилгын дээд давхрын өрөөнүүдийн таазыг нэвтлэн ус ордог, дээвэрт бороо, цасны ус тогтдог гэх зэрэг олон зөрчил илэрснийг МХЕГ-ын албан шаардлагад тусгасан байна.
Мөн өрөөнүүдийнх нь хана чийгтэй, нислэг удирдах цамхгийг барих үед шатны гишгүүрийн өндрийн хэмжээ алдагдсан, гадна хана, хаяавчийн хооронд зай завсар гарсан, овойж, хотойсон, цонхыг технологийн дагуу суулгаж, угсраагүй, амлагааны шавар нь хөндийрч унасан, аэровокзалын гол хаалга гажсан гэх мэт олон зөрчил илэрсэн байгаа юм.
45 ЗААЛТ БҮХИЙ ШААРДЛАГАД ЮУ ДУРДАВ
2011-2015 онд дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ төслийн эхний жилүүдэд аэродромын суулт өгсөн хэсгийн засварын ажил, гэрэл суултын системийг шинээр суурилуулах, шатахуун хадгалах, түгээх байгууламжийг засах, цахилгааны шугам, сүлжээ, дэд станцыг шинэчлэх, нисэх буудлын зорчигч хүлээн авах, үдэн гаргах барилга, 12 автомашины гарааш, уурын зуухны барилга зэрэгт нийт 3.9 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргуулан, зарцуулаад байгаа аж.
Гэтэл төсвийн энэ их хөрөнгөөс идэх гэсэндээ ч тэр үү, зураг төслийн дагуу барьж байгуулаагүй олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, нисэх буудлын болон бусад барилгын усыг гүний худгаас авч, бохир усны цооног руу зайлуулахаар анх зураг төсөлдөө тусгажээ. Гүний нэг худаг гаргасан боловч шинжилгээгээр ундны усны стандарт хангахгүй гэж дүгнэж. Тиймээс зөөврийн усаар барилгыг хангаж байжээ.
Мөн ус нөөцлөх зориулалтаар таван шоо метр багтаамжтай савтай байхаар зураг төсөлд тусгасан боловч 1000 литрийн, нэмэлт усны сав нэг, 2000 л-ийн багтаамжтай, хэрэглээний цэвэр усны сав тус тус суурилуулсан байж. Халуун устай байхаар тусгасан атлаа ямар ч бойлер суурилуулаагүйгээс халуун усгүй байгаа юм билээ. Үүнээс үзэхэд ус агуулах савны хөрөнгөнөөс тодорхой хэсгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм.
Нисэх буудлын хамгийн гол хэсэг бол онгоцны хөөрч, буух зурвас байдаг. 1970 оноос хойш ашиглаж байгаа 337 дугаар ангийн хөөрч, буух хатуу хучилттай зурвасыг 1994 оноос хойш ашиглаагүй бөгөөд 2011 онд нисдэг тэргүүддээ зориулан, хэсэгчилсэн засвар хийсэн аж. Он удаан жил ашиглаагүй хөөрч, буух зурвасын бетон хавтан байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан элэгдэх, зарим газраа хэт доошоо суух, хооронд нь зай гарах зэргээр шаардлага хангахгүй тул зайлшгүй засах ёстой болсон байгаа юм.
Түүнийг засах ажлыг “Хурдны зам” компанийнхан Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн удирдлагатай гэрээ байгуулан, 4000 ам метр талбай бүхий хэсгийг тэгшлэх, мастикаар чигжих, хайрган хөвөө хийх, салж зай нь холдсон хавтангуудыг холбож гагнах гэх зэрэг ажил хийжээ. Гэвч энэ ажил нь ИНЕГ-аас 2010 онд баталсан “Аэродромд тавигдах шаардлага”, “Автозам, замын байгууламжийн засвар арчлалтын арга технологи” (БНбД 13-03-00)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.
Тус ангийн эх сурвалж “Бетон хавтангууд нь хоорондоо хамгийн ихдээ 2-3 см зайтай байхыг зөвшөөрдөг. Гэтэл таван см-ээс илүү зайтай, худалч хүнд онгоцны дугуй тэр зайнд нь шигдэж орох аюултай байгаа. Зүй нь хавтангуудыг кранаар өргөж, доогуур нь элс хайрга хийж, хотойсныг нь тэгшлээд үзүүрүүдэд нь байгаа төмрүүдийг нь хооронд нь гагнаж холбон, бэхлэх ёстой.
Гэтэл 017 дугаар ангийнхан тэгээгүй. Нэг бүр нь зургаан тоннын даацтай хавтанг өргөх кран ч байхгүй юм билээ. Тиймээс нүд хуурсан л ажил хийсэн болсон. Гагнах ёстой хэсгийг нь төмөр утсаар холбож зангидаад орхисон явдал ч бий” гэсэн юм.
Харин МХЕГ-аас Агаарын цэргийн командлагч О.Энхбаярт хаягласан албан шаардлагад “Онгоц хөөрч, буух зурвасын зарим хавтангийн бетон эвдэрсэн, дүүргэгч материал ялгарсан, хавтан хооронд өвс ногоо ургасан, хөвөөний арчлалтыг тогтсон хугацаанд хийдэггүй” гэх зэрэг олон зөрчил, дутагдал байгааг дурджээ.
ЦЭРГИЙН НИСЭХИЙНХЭНТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ АТГ-Т ДАРАГДАЖ БУЙ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийнхантай холбоотой хууль зөрчсөн олон үйлдлийг шалгуулахаар мэргэжлийн хүмүүс нь АТГ болон бусад хууль хяналтын байгууллагад ханддаг ч хад мөргөөд буцдаг гэх мэдээлэл байдаг. Энэ ч үнэний ортой.
Манай сэтгүүлчид 2-3 жилийн өмнө тус анги руу тавьсан стратегийн ач холбогдолтой төмөр замыг 27-хон сая төгрөгөөр зарсныг олон нийтэд ил болгож тавьсан. Тухайн үедээ хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд таг чиг болсон юмдаг.
Цэргийн нисдэг тэргээ унагаж, эрдэнэт хүний амиар наадчихаад өнөөдөр Агаарын цэргийн удирдлагууд цол, албан тушаал дэвшин, бригадын генерал болчихоод сууж буйг юу гэж ойлгох вэ. Хүний амь нас 50 сая төгрөгийн ханштай гэж яригддаг бригадын генерал цолноос хямд юм гэж үү. Өнгөрсөн өвөл тус ангийн байршилд “МИ-8” нисдэг тэрэг 310 метрийн өндрөөс унаж, бортмеханикч нь амиа алдсан хэрэг гарсныг олон хүн мартаагүй.
Сургалтын нислэг нэрээр халхавчлаад өнгөрсөн энэ ослын цаад шалтгааныг одоо болтол тогтоож чадаагүй байгаа юм. Сургалтын нислэг нь үнэн бол экипажийн бүрэлдэхүүнд 11 хүн багтах ёстой гэж үү. Энэ ослын үед нисдэг тэрэг жолоодож явсан ангийн захирагч нь өнөөдөр Агаарын цэргийн командлалдаа ахлах мэргэжилтэн болж дэвшсэн, штабын дарга нь хурандаа болсон гээд тоочих юм бол их олон “но” бий юм билээ.
ОХУ-ын нисдэг тэрэгний Милийн заводоос тогтоож өгсөн “МИ-8” нисдэг тэрэгний нисэх хугацаа дууссан байхад дур мэдэн өөрийн гар хөл бологч нараар сунгуулж, Улсын нисэхийн хууль дүрэм ноцтой зөрчсөний үр урхагт хүний алтан амиар зул өргөчихсөн шүү дээ.
Өдгөө Зэвсэгт хүчний 303 дугаар ангид очсон улсын нисэхийн хэлтсийн хуучин дарга тэргүүтэй шатахуунаа зарж мөнгийг нь “тоншдог” нөхдийг АТГ-ынхан бас л толгойг нь илээд өнгөрсөн байгаа юм. Агаарын цэргийн командлалд удирдах алба хашиж байгаа нөхөд пуужингийн эд анги, хөнгөнцагааныг нь зарсан асуудлаар хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж байсан ч тэгсхийгээд л таг чиг өнгөрсөн.
Хамгийн ноцтой нь өнгөрсөн есдүгээр сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд Эмнэлгийн дэлгэлттэй хээрийн сургуулилалт зохион байгуулахад тус ангийн удирдах албан тушаалтан Улсын нисэхийн хууль дүрэм зөрчиж, хугацаа нь дууссан нисдэг тэргээр дур мэдэн нисэж, эмч голдуу хүүхнүүдэд ид хаваа гайхуулсан байгаа юм.
Энэ сургуулилалт дууссаны дараа дээр өгүүлээд байгаа нислэгийн талбай дээрээ байлдааны зориулалттай, 250 кг жинтэй бөмбөгөө мартаж орхисон байх жишээтэй. Хэрэв энэ бөмбөг террористууд, тэдний гар хөл бологчдод очсон бол ямар эрсдэл, сүйрэл дагуулахыг тааварлашгүй. Энэ тухай ЗХЖШ болон Агаарын цэргийн удирдлага, тэр ч бүү хэл ҮАБЗ-ийнхөн мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн өнгөрч байгаа юм. Энэ мэт олон хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар болдог ч мөрдөх албаныхан өөрсдөө дардаг уу, эсвэл прокурорууд танил тал ар, өврийн хаалгаар үгүй болгодог уу, бүү мэд.