Г.ОЧИРДОРЖ
архитектор
2016 онд иргэний зориулалттай зарим барилгын зураг төсөлд хяналт тавьж, дүгнэлт гаргасны үндсэн дээр бидэнд хойшид анхаарах, Монгол Улс цаашид хөгжин дэвжихэд хэрэгтэй олон хүчин зүйл байгааг харгалзан, дараах зүйлийг бичих нь зүйтэй гэж бодлоо. Архитектурын шилдэг төлөвлөлтийг ашиглан, Орос улс Москваг дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх болсон тухай гадаадын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Казахстан, Бакуд ийм төрлийн төсөл аль хэдийнэ эхэлснийг бид мэднэ.
Барилга угсралтын ажил өргөжих тусам орчин үеийн хийц загвартай олон арван барилга баригдаж, хотын нүүр царай өөрчлөгдөн, өнгө төрхөө засаж, барилгад орчин үеийн дэвшилт шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, цоо шинэ нэр төрлийн материал ашиглах болсон нь сайшаалтай ч зураг төслийн компаниуд, түүний удирдлага, мэргэжилтэй боловсон хүчин, түүний дотор архитекторуудын ур чадвар, хариуцлага, нийгмийн ухамсрын асуудал нэн чухал билээ.
Ард түмний, бидний хэдэн тэрбумаар тоологдох, эдийн засагтай холбоотой нарийн асуудлыг шийдэх нь ширээний ард суун хөгжим сонсож, интернэтэд орон гаран байж хийх ажил биш л дээ. Бид бол нухацтай бодож, сэтгэлээ шингээн, бүтээлчээр ажиллан, нийгмийг урагшлуулагч гол хүмүүс байх ёстой. Зураг төсөл гэж нэрлэгдэх уран бүтээлийг төлөвлөгчид бид нийгмийн төлөө, өөрийнхөө төлөө түүнийг хийдэг. Төлөвлөгчдийн баримталдаг хамгийн гол алтан зарчим гурав байдгийг бид мэдэх билээ.
Манай хүндтэй ахмад уран бүтээлч нэгэн барилгын нүүрэн талын дизайныг 108 янзын хувилбартай хийж байсан түүх бий. Ийм төрлийн сонгодог төлөвлөлт хийх нь урт хугацааны хүнд хэцүү, бүтээлч үйл ажиллагаа бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага шаардаж, архитектурын форм ба агуулга зориулалтын нэгдлийг зохистой шийдэх явдал билээ. Урлаг, уран сайхан, хот байгуулалтын хэрэгцээ шаардлага, байгаль цаг уур, тухайн газар нутгийн нийгэм, ахуйн байдлын онцлог, геологийн тогтолцоо болон бусад бүхэл бүтэн архитектур, техник-эдийн засгийн шаардлагад тохирсон нэгдмэл цогц зохиомж, шийдлийг олох нь чухал юм.
Төлөвлөгчид бид ганц хариулттай бодлого боддог хүмүүс биш, магадгүй хэдэн арав, зуун хувилбараас байж болох ганцыг нь өөрсдөө сонгодог. Тэр нь төгс сайн болсон уу, үгүй юү гэдгийг амьдрал, нийгэм дүгнэдэг. Яагаад хэдэн мянган жилийн тэртээ бүтээгдсэн архитектурын ардын гайхамшигт уран бүтээлүүд цаг улирах тусам улам тодоор гялалзаж байна вэ. Зөвхөн өнөө маргаашийг бодож амиа аргацаан, алганд багтаж хийсэн ажил үйл нь удаан насгүй, үнэ цэнэгүй болно.
Бид архитектур хэмээх уран бүтээлийн урсгал, чиглэл, уламжлалын хаана явна вэ. Зүгээр л хольж хутгаж байна уу. Энэ чиглэлийн сургалт, боловсролын түвшин ямар хэмжээнд байна. Шүүлтүүр муутай бүтээлүүд гарч байна уу? Төлөвлөлт, зохион байгуулалт муу, харанхуй, чийгтэй жижиг өрөөтэй, намхан таазтай, дуу чимээ ихтэй, үүдний хэсэг, орц гарц, хонгил, шат орчмын төлөвлөлт оновчтой бус, ерөнхий төлөвлөгөөнд орчны тохижилт, хүүхэд настнуудын салхилах орчин, засмал зам талбай, ногоон байгууламжийг зохих хэмжээнд төлөвлөж, зураг төсөлд тусгаагүй орон сууцны хороолол, өнгө үзэмж тааруу олон нийтийн барилгууд ашиглалтад орсоор байна.
Хүн төрөлхтний түүх өндрөөс өндөр, сүрлэг том байгууламж, юмс хязгааргүй уудам руу үргэлж тэмүүлж ирсэн лүгээ адил илүү ая тухтай шинэлэг содон, сонин орон зайн эрэл үргэлжилсээр байгаа. Монгол архитекторууд бид хойч үедээ цэлгэр саруул том, зөв зохистой, иж бүрэн тохижилттой, эко, гоёмсог байгууламжууд үлдээх ёстой.
Дээр бичсэн зүйлээс улбаалан, сүүлийн үед хийгдсэн зураг төсөлд олон дахин давтагдаж буй, хэвийн үзэгдэл болсон алдаануудын талаар дурдъя. Хамгийн гол нь залуу төлөвлөгчид “Норм ба дүрэм” болон зайлшгүй шаардлагатай бусад материалыг уншиж судлахгүй, алдаагаа залруулах дургүй байдаг. Бидний багш Москвагийн Архитектурын институтийн доктор, профессор А.Й.Урбах “Архитектор хүн алдаж болно. Харин алдаагаа засаж чаддаг байх хэрэгтэй” гэсэн юм даа.
Зургийн иж бүрдэл дутуу, дэс дараалал алдагдсан, үг, үсэг, найруулгын алдаа алхам тутамд тохиолдох нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Түүнчлэн зургийн гүйцэтгэл дутуу, стандарт мөрддөггүй, урьд хийсэн зургаа өөрчлөлгүй шууд хувилах зэрэг алдаа голчилж байна. Үүний зэрэгцээ рельеф, акцент, доминант, откос, съёмка, улаан шугам, хатуу цэг, створ, хөрсний хатуулаг, газар хөдлөл, техник, эдийн засгийн үзүүлэлт, харьцангуй түвшин-0.000-ийн тухай ойлголт багатай байдаг. Энэ цаг мөчид гар дамжсан хоёр дахь, гурав дахь ахлах мэргэжилтний шалгалт зайлшгүй шаардлагатай байна.