Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг барих төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам нь 32.226 км, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай зорчих хэсэгтэй, хоёр урсгал зургаан эгнээтэй болох юм. Хурдны замын 12.726 км замын зураг төсөл боловсруулах ажил явагдаж байгаа бөгөөд барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа юм байна. Тухайлбал, хөрс хуулалт 100%, трассын дагуу ухмал 449,100м3 (32.24%), далангийн дүүргэлт 744,500м3 (73.01%), нийт дөрвөн гүүр баригдахаас нэг гүүрийн барилгын ажил 70%, хоёр гүүрийн суурь цутггагдсан зэрэг үзүүлэлттэй үргэлжилж байна.
Энэхүү хурдны автозамын талаарх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Анандаас тодрууллаа.
-Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх онгоцны буудлын хурдны авто замын хэрэгжилтийн талаар танилцуулна уу?
-Хөшигийн хөндийн хурдны авто замын санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байдаг. Гүйцэтгэгчээр БНХАУ- ын Төмөр замын дөрөвдүгээр баг шалгарч, 2015 оны есдүгээр сарын 18-нд Зам, тээврийн яамтай ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулсан. Одоогоор зураг төсөл боловсруулах болон барилгын ажил гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Зураг төслийг дөрвөн хэсэгт хуваан хэсэгчлэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 22.56 км-т зам, барилгын ажил явагдаж байна.
-Төлөвлөгөө ёсоор хэзээ ашиглалтад орох вэ. Хугацаандаа ашиглалтад орох боломжтой юу?
-Ажил гүйцэтгэх гэрээ 33 сарын хугацаатай байгуулагдсан. Гэрээний дагуу 2018 оны долдугаар сарын 18-нд ашиглалтад орох тооцоо бий. Төлөвлөсөн ажлууд график төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. 2015 онд Өндөр дов-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозам болон Яармагын товчоо-Өндөрдов чиглэлийн авто замуудад их засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байгаа. Тэгэхээр хурдны авто зам ашиглалтад ортол тээврийн хэрэгсэл Өндөрдов чиглэлээр явах боломжтой.
-Яамны зүгээс ямар оролцоотой ажиллаж байгаа вэ. Энэ ажилд хичнээн хүн ажиллаж байгаа вэ?
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас зам барилгын ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Барилгын ажлын талбайд нийт 379 хүн ажиллаж байгаа. Захиалагчтай байгуулсан зөвлөхийн үйлчилгээний гэрээний дагуу зөвлөхийн багт хятад инженер 6, монгол инженер 12, нийт 18 инженер техникийн ажилтан авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавин ажиллаж байна.