БНХАУ удаан хугацаанд хүчин чармайлт гаргасны дүнд юань олон улсын нөөцийн валютад тооцогдох боллоо. ОУВС өнгөрсөн долоо хоногийн эцсээр уг валютыг сагсандаа албан ёсоор оруулснаар урд хөршийн мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадвар нэмэгдэн, найдвартай гэгдэх зам шулуудав.
Өөрөөр хэлбэл, өөр улсын валют руу ам.доллар шиг чөлөөтэй хөрвөдөг болж буй хэрэг. Одоогоор Монгол Улсын нийт экспортын 85, худалдааны эргэлтийн 65 хувь нь урд хөршид ногдож байна. Гэхдээ орох, гарах валютын урсгалын 20 гаруй хувийг юаниар хийж буй гүйлгээ эзэлж байгааг Төвбанкны мэргэжилтэн онцлов.
Худалдааны томоохон хэсэг нь Хятадад ногддог ч юанийн гүйлгээ харьцангуй бага дүн эзэлж буйг эндээс харж болно. Гадаад худалдааны компаниуд юаниас илүүтэйгээр хөрвөх чадвартай ам.доллароор худалдаа хийж буй гэсэн үг. Тэдгээр компани ямар валютаар худалдан авалт хийхээ харилцагч талтайгаа тохиролцсоны дүнд шийддэг.
Юанийг ОУВС-гийн нөөцийн валютын сагсанд оруулснаар эрэлтийг нь нэмэгдүүлэн, гадаад худалдаа эрхэлж буй компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ уг валютаар хийхийг сэдэлжүүлэх гэнэ. Монгол Улсад үзүүлэх гол давуу тал нь ам.долларын ханш дарамт болж, нөөц хязгаарлагдмал байгаа нөхцөлд эрэлтийг нь бууруулах нөлөөтэй аж.
Товчхондоо, ханшийн дарамтыг ам.доллар, юань хувааж “үүрнэ” гэж ойлгож болох агаад энэ хоёр валютын эрэлт, нийлүүлэлт урт хугацаандаа тэнцвэржих боломжтой. Мэдээж гадаад худалдааны компаниуд гүйлгээгээ юаниар хийх санаачилга гаргаж, гэрээ хэлцэлдээ нэмэлт, өөрчлөлт оруулахад хугацаа шаардана.
Тэгвэл юань ОУВС-гийн нөөцийн валютын сагсанд багтаж, ам.доллар, фунт, евро, иений “дүү” болсон нь манайд ямар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй вэ? Эдийн засагч, шинжээчид Хятадыг юанийнхаа ханшийг доогуур тогтоодог гэж шүүмжилдэг. Олон улсын байгууллагынхан тэднийг мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чөлөөтэй тогтоодог байхад бодлогоо чиглүүл гэсэн байр суурь илэрхийлдэг.
Тиймээс юанийн одоогийн ханш урт хугацаанд чангарах хүлээлт бий болж байна. Ингэснээр манай улсын Хятадаас импортолж буй бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөх нь. Гэхдээ Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний найман сард 820 орчим сая ам.долларын ашигтай гараад буй.
Өдгөө дэлхий даяар хийж буй гадаад худалдааны төлбөр тооцооны дийлэнхийг ам.доллароор хийж буй агаад үүнийг юань “гүйцэхэд” урт хугацаа зарцуулна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Ам.долларын ханш тогтворжих ч манай улс үйлдвэрлэгч бус учраас импортын бүтээгдэхүүний үнэ өсвөл иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэх нь мэдээж.
Одоогоор Монгол Улсын гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа гэнэ. Төвбанкууд чөлөөтэй хөрвөдөг валют, алт зэргээр нөөцөө бүрдүүлдэг бөгөөд дээрх 1.1 тэрбум “ногоон”-ы нөөцөд юань ч өөрийн байр сууриа эзэлж буй юм.