Ийм дуу байдаг даа. Улаанбаатар хотын удирдлагууд яг ийм байдлаар шийдвэр гаргаад удлаа. Уг нь сая гаруй хүнтэй хотын иргэдэд УИХ-д хэн байхаас илүү нийслэлийг хэн удирдаж байгаа нь чухал. Тэдний өдөр тутам гарсан захирамж, шийдвэр, тогтоол бидний амьдралд шууд нөлөөлж байдаг учраас тэр шүү дээ.
Тэд хууль баталдаггүй, хөрөнгө зарцуулдаг болохоор биднийг сайхан амьдруулах жинхэнэ эрх мэдлийг атгаж байдаг гэсэн үг. Нэг л өглөө хөгжлийн манлайд хүргэдэггүй юм гэхэд хороонд худаг гаргах, хог хаягдал зайлуулахаас эхлээд Улаанбаатарт хийх ажил зөндөө. Гэтэл нийслэлийн шинэ удирдлагуудын сүүлийн үед санаж, сэдэж байгаа ажлууд нь ядмагхан харагдаад байх боллоо.
Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлт, уулзвар, замын бүтээн байгуулалт өрнөж өглөө, өдөр, орой шинэ ажлын мэдээ цувардаг байлаа. Харин одоо хотын шинэ дарга маань шальдар бульдар зүйлээр л хөөцөлдөж, эрх мэдэлтэй өдөр хоногуудаа хагаслаж сууна уу даа. Саяхан “Нийслэл нээлттэй боллоо” гэж зарлаадахлаа.
Хотын дарга өөрөөс нь зөвшөөрөл авалгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн мэргэжилтнээ цээрлүүлэх лүндэн буулгаж, түүнийхээ хариуд нэлээд шүүмжлүүлсэндээ уг төвийг нээсэн. Ингэхдээ эрх нь зөрчигдсөн иргэд очиж, хотын даргадаа хошуугаа дэвсдэг Иргэдэд үйлчлэх төвийг байхгүй болгочихсон юмдаг.
Тэгвэл өчигдөр Баруун, Зүүн дөрвөн зам, Саппоро, “Гэсэр” сүмийн уулзварыг гэрлэн дохио харгалзахгүйгээр баруун гар тийш эргэдэг болгосноо зарлав. Үүндээ зориулж, иргэдээс саналыг нь авч, сүр бадраав. Осол гарч буй зам дээр хурд сааруулагч тавих санал гаргах эрхтэй ч, тэгэхийг хүсдэггүй Замын цагдаагийн газрынхан ч санал авахад идэвхтэй оролцсон гэж байгаа.
Бүр болоогүй, уг шийдвэрийн үр дүнд авто замын түгжрэл, агаарын бохирдол багасах учраас үргэлжлүүлнэ гэдгийг шинэ захирагчийн орлогч хэлээд амжив. Үнэндээ нийслэлийн утааг бодитой бууруулахын тулд янданг цөөлөх хэрэгтэй гэдгийг өвөл нь амьсгалж үзсэн, уушгитай бүхэн хэлээд өгөх болов уу. Өнөө, маргааш юу юугүй л цас орох нь. Гэтэл нийслэл хот өвөлтэй золгоход бэлэн биш байгааг албаныхан хэдхэн хоногийн өмнө хэлж байсан.
Ийм үед хориглосон гэрлээр эргэж болох, эсэхийг шийдвэрлэх гэж санал авч суух нь тийм чухал зүйл биш байлтай. Ядаж утаа бага гаргадаг зуух энэ жил худалдах уу, үгүй юү, сайжруулсан түлшээ базааж уу гэхээс авахуулаад хоосон танхим бэлтгэж, золбин нохойны хэвлий ухахаас өмнө шийдвэрлэх олон зүйл байх шиг.
Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн ИТХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөртөө тусгасан тэр чухал ажлуудаа энэ янзаараа эхэлж амжихгүй байх вий дээ. Дөрвөн жил богино гэдгийг өмнөх удирдлагууд олон удаа хэлснийг санаж байна уу.