2001 оноос хойш тогтмол зохиогдож буй залуучуудын УАШТ-д өнөө жил 16-21 насны 200 гаруй тамирчин оролцсон юм. Энэ удаагийн УАШТ-д эрэгтэйчүүдийн 12, эмэгтэй есөн баг хүч сорилоо. Эрчүүдийн аваргын төлөө "Хасу Мегастарс"-ын биерхүү залуус "Эрчим"-ийн эрчтэй хөвгүүдийг 3:0-ээр буулган авч, энэ жилийн улсын аварга болсон юм. Харин хүрэл медалийг "Алтайн барс" клуб хүртжээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймгийн баг түрүүлж, мөнгөн медалийг "Хилчин" спорт хорооны охид хүртсэн бол хүрлийг Сүхбаатар аймгийн баг зүүлээ.
Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолт. "Хасу Мегастарс"-ын залуусыг зогсоох баг энэ удаагийн УАШТ-д байсангүй.
Хасугийн залуусын хамгаалалт нягт, довтолгоо чамбай байлаа.
Хасу Мегастарсын гурван тоглогч шилдгээр шалгарсан. Тодруулбал, Шилдэг хамгаалагчаар Ж.Батжаргал, шилдэг довтлогчоор А.Базаргүр, шилдэг холбогчоор Э.Төрмандах нар онцгойров. Түүнчлэн ОУХМ Л.Баатархүрээ шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч болсон юм.
Эмэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртсэн Г.Баярсайхан дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг.
Эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн А.Мөнхбаяр дасгалжуулагчтай Алтайн барс клуб.
Энэ тэмцээнд мөнгөн медаль хүртсэн "Хилчин" спорт хорооны охид.
Тус тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн Эрчимийн эрчтэй залуус.
н.Наранбаатар дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн.
Хасу Мегастарсын залуусыг барах баг байсангүй.
Манай улсад залуучуудын УАШТ 2001 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй.
Монголын волейболын холбооноос 2017 оны тавдугаар сард Монголд Зүүн Азийн АШТ зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Одоогоор нарийн тодорхой болоогүй ч "Азийн барууд"-тай гар бөмбөгөөр тэмцэлдэх цаг айсуй. Энэ тэмцээнийг зохион байгуулах асуудал эцэслэвэл БНСУ, Япон, БНХАУ, Хойд Солонгос зэрэг волейбол өндөр хөгжсөн улс орноос баг тамирчид ирэх юм.