Нэг удаа би дотор хүнийхээ ятгалгаар ихэмсэг, эмэгтэйлэг төрхтэй гоёмсог, бас хорвоо дахь хамгийн аз жаргалтай нэгнийг ч атаархуулам инээмтгий, эрдэмтэн мэргэдтэй ч ном хаялцаж зүрхлэх их мэдэгчийн дүртэй гээд л 10 гаруй багийг цүнхэндээ хийж, чармай нүцгэн нүүрээ ичих ч үгүй ил гаргачихаад гадагш гарч билээ.
Үй түмэн халхавч давхарлаад зүүчихсэн хүмүүс намайг нүүрэндээ үстэй мэт харж гайхан, шивэр авир хийхэд тэсгил алдахдаа гар минь цүнхээ тэмтэрсэн ч “Баг зүүснээс болж ихэд өвчиллөө” гэж ойрд гомдоллох болсон сэтгэл түүнийг зэмлэсэн.
Ийн нүдэн, балай чихэн дүлий царайлан цааш ихээ хол явсаар аз жаргал худалддаг дэлгүүрийн гадаа очив оо. Баг гэхэд арай биш, өөрийнх нь нүүр гэхэд нэг л авцалдаагүй тийм нэг этгээд төрхтэй худалдагч эр угтаад “Чиний хувьд хамгийн үнэтэй зүйл юу вэ. Хэрэв чин сэтгэлээсээ үнэнээр хариулж чадвал чамд аз жаргалыг худалдана” гэв.
Аян замд таарсан хүмүүсийн чичлэн ярихаас залхаж, цөхөрсөн би “Баг...Баг юм байна. Багаа л зүүчихвэл амар тайвныг мэдэрнэ. Амар тайван гэдэг өөрөө аз жаргал” гээд тэнэгтчихсэн. Мань эрийн царай хувьсхийснээ юу ч дуугаралгүй үүдээ дан хийтэл цоожилчихов.
Тэгснээ хаалганыхаа завсраар “Алтан цаг ч гэсэн илүү удаан явдаггүй. Баг зүүлээ гээд чи илүү ухаалаг болохгүй. Гэхдээ багаа тайллаа гээд олны хүндлэлийг олчихгүй” гэсэн зурвас чулуудчихав.
Азаар энэ явдал хар дарсан зүүд байж таарсан. Гэхдээ би сохрын газар сохор, доголонгийн газарт доголон харагдуулдаг багнаасаа бусдыг нь шатааж, сэтгэлээ нэг амраасан даа. Тийм л сүрхий юм бол бүгдийг нь тайлахгүй дээ гэж үү?
Бусдын хоол болохгүйн тулд л тэр шүү дээ...