“Заримдаа өөрийгөө багшаас илүү малчин гэж мэдэрдэг. Урд суусан хэдэн сурагчид л хичээл хийж, хойно байгаа нь хоорондоо зурвас дамжуулж, хөгжим сонсон, дэвтрийнхээ ард зураг зурж, ханын цаг руу байн байн хяламхийдэг дээ. Эхэндээ хэлж сануулна, болохгүй бол уурлаж үзнэ. Сүүлдээ бүр нэгнийх нь утсыг хурааж автал “Таны цалин үүнийг төлж дийлэхгүй шүү” гэж хэлж билээ.
Тэгэхэд би мэргэжилдээ үнэхээр гутарсан. Нээрэн л миний ганц сарын цалин хүүхдүүдийн барьдаг утасны үнээс ч бага шүү дээ. "Өнөөгийн нийгэмд бидний үнэ цэнэ хаана явна вэ” хэмээн нэгэн багш цахим хуудсандаа бичжээ. Энэ бол аль ч сургуулийн ямар ч багшийн нийтлэг төрх. Сурагчдадаа урам хайрлаж, өсгөж тэтгэдэг ч өөрсдөө магтаалаар цангадаг тэд ядаж нэг удаа энэ багш шиг гутарч үзсэн л байх. Жилд хэдхэн удаа
“Багш та хүүхэд шуугьсан их өргөөний эзэн юм
Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм”, “Багш дор мөргөмү” гэж ирээд л багш нарыг дээдэлдэг байсан хуучин нийгмийн үед зохиогдсон уран шүлэг, ганган үгээр хошгируулж цэцэг атгуулдаг ч хүнээр хүн хийдэг энэ урлаачдын хөдөлмөрийн хөлс анхдагч хэрэгцээгээ л хангахад арайхийн хүрэлцэж буйг анзаардаггүй.
Ямар сайндаа “Боловсролын салбарынхны цалингаас үзэхэд дунд сургуульдаа багш нартаа гомдсон хэдэн нөхөд Засгийн газарт ажилладаг юм шиг санагддаг” гэсэн явган шог гарах вэ дээ. Дунд ангид багш маань “Төгсөөд явчихаараа та нар намайг угаасаа мартчихна” гэж гомдонгуй өгүүлэхэд нь “Юу гэж тэгэх вэ дээ. Өмнө төгсгөсөн ангийнхан тань л муу байж дээ” гэж бид ам булаалдан хэлсэн ч үнэндээ түүний үг үнэн байж.
Юмны учир, сумны гичир мэдэхгүй, хээр төөрсөн жаалуудыг хөтөлж, хормойноосоо зүүгдүүлж, заримыг нь сугадаж явсаар амьдралын их хаалгаар оруулчихаад өөрөө гадна нь хоцорч, дараагийнхаа үл мэдэхүүдийг угтдаг нэргүй зарц байдаг аж, тэд. Энэ хорвоод багш, чиглүүлэгчийн хичээл зүтгэлгүйгээр эрдэм сурсан хүн гэж нэг ч үгүй.
1994 оноос эхлэн ЮНЕСКО-гоос аравдугаар сарын 5-ныг Олон улсын багш нарын баяр болгон дэлхийн хэмжээнд тэмдэглэсээр иржээ. Харин манай улсад хоёр жилийн өмнөөс эхлэн олон улстай хөл нийлүүлэн ийн баярладаг болсон бөгөөд энэ оныхыг өнөөдөр тэмдэглэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар манай боловсролын салбарт 50 орчим мянган багш, ажилчид бий. Нэг багшид 30 гаруй хүүхэд ногддог аж. Тэгвэл боловсролоороо дэлхийд тэргүүлдэг АНУ-д нэг багшид 16 сурагч ногддог бөгөөд жилийн дундаж цалин нь 57 мянган доллар юм байна.
Өөрийн гэхээсээ шавийнхаа амжилтаар бахархаж сэтгэлийн таашаал эдэлсээр ирсэн эрхмүүддээ ийм хэмжээний цалин өгч чадахгүй юм аа гэхэд ядаж, галд шатаж, үерт урсаж, зуданд үхэхээргүй мэдлэг гэгч “эрдэнэ”-ийг бидний тархинд ургуулдгийг нь хүндэлцгээе.
Сурагчдынхаа хөмрөөд тавьчихсан, хоосон, хиртэй, цоорхой мэдлэгийн савыг дээш харуулж, нүхийг нь бөглөж, зүлгэж, эрдмээр дүүргэхийг чармайдаг тэдний хөдөлмөрийг зөвхөн багш нарын баяраар зогсохгүй үргэлжид үнэлцгээе. Монголын мянга мянган багш нартаа Олон улсын багш нарын баярын мэнд хүргэе.