Албан байгууллагуудын халаалт ирээгүй, ажиллагсад нь зутарч байна. Эхнээсээ ханиалгаад эхэлчихэж. Айл өрхүүдийн дулааныг есдүгээр сарын 15-нд өгсөн гэх боловч үнэндээ амьтай голтой л байна. Одоохондоо хүйтрээгүй гээд бүлээн ус шахаагүй байлтай. Угаас шугам хоолой дутмаг, 10-12 давхар барилга руу ус шахдаг насоснуудынх нь хүчин чадал хүрэхгүй учир сүүлийн үеийн орон сууцнуудын халаалт олиггүй байгаа.
Дээрээс нь “Амгалан” дулааны станцыг одоо болтол ажиллуулаагүйн улмаас “ДЦС-3”, “ДЦС-4”-ийн ачаалал нэмэгдэн, дулаанаа түгээж хүчрэхгүйд хүрснийг албаны хүмүүс хэллээ. Ноднин нэг л зуухаа галласан “Амгалан” станцынхан энэ онд хэрхэхийг мэдэх хүн одоогоор алга. Аравдугаар сарын 5-наас ажиллуулж магадгүй гэсэн сураг л байна. Уг нь анх ашиглалтад орохдоо хотын зүүн бүсийн 60.000 гаруй айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангана гэж байв. Энэ асуудал шийдэгдтэл олигтой халахгүй нь ойлгомжтой боллоо.
Өнөө, маргаашгүй цас дарчихаж мэднэ. Харин бид өвөлд бэлэн биш. Нийслэлийн хэмжээнд өвлийн бэлтгэл 87 орчим хувьтай байгаа гэж хотын захиргааныхан хэлсэн. Гэсэн ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд улсын онцгой объектын дулааныг есдүгээр сарын 15-наас өгөх ёстой ч халаалт нь ирээгүй газар олон бий. Мөн ноднин жил дээвэр нь онгорхой өвөлжсөн нийслэлийн Баянгол дүүргийн 95, Баянзүрхийн 59 дүгээр цэцэрлэгийг оруулаад арваад сургууль, цэцэрлэг “онд орох”, эсэх нь тодорхойгүй байна.
Урсгал засварынх (дээвэр нөхөх, шугам сүлжээ өргөтгөх) нь мөнгийг улсаас гаргаж өгөхгүй байгаа учир нийслэлийн Засаг даргын нөөц сангаас багахан мөнгө төсөвлөж, таван сургууль, цэцэрлэгийг л засаж буй аж. Багш нар “Халаалт ирсэн ч дулаацахгүй, хэдэн хүүхдүүдийнхээ илчинд болж л байна” хэмээн халаглах нь ч аргагүй аж.
Мөн аравдугаар сар гарангуут орон сууцны нэлээд хэдэн хорооллын айлууд “Паар халахгүй, хөлдөж үхлээ” гэж шаагилдах нь тодорхой болов. Учир нь орон сууцны зарим контор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д их хэмжээний өртэй юм байна. Тухайлбал, нэг орцонд 100 айл байхад 40 нь ус, дулааны мөнгөө өгдөггүйгээс бусдыгаа хохироодог аж.
Энэ нь аажимдаа өр болж хуримтлагдсаар орон сууцны контороос хамааралгүйгээр айлуудын дулааныг хязгаарлачихдаг гэнэ. Өнгөрсөн жилийн өрөө өгөөгүй конторууд ч байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхан хэлэв. Манайхан аливаа юмыг дандаа тулгаж хийдгийн гай энэ. Зун өр ширээ өгөлцөж, авалцах хугацаа байсан шүү дээ. Хүйтрэхээр л гэнэт санадаг юм уу, “Хаана бооно, хязгаарлана” л гэх юм.
Нийслэлчүүдийн өөр нэг толгойны өвчин нь халтиргаа гулгаа. Жаахан цас ороход л хэдэн машин нь хоорондоо “гар барьчихна”. Хөгшид, хүүхдүүд унаж бэртэхээс өгсүүлээд зовлон мундахгүй. Тэгвэл одоогоор нийслэлд давс, бодисын нөөц 64 хувьтай байна. Их сонсогдож мэдэх ч энэ нь ганц, хоёр удаагийн цаснаар л дуусчих хэмжээ аж. Нэмж бодис 1100, давс 1000 тонныг нөөцлөх шаардлагатай ч бас л хөрөнгө мөнгөний гачаалаас болоод авч чадаагүй гэнэ. Удахгүй нийслэлийн төсвийн тодотголоор энэ асуудлыг хэлэлцэх аж.
Нодлин жилжингээ л бичин жилийн зуд болно гэж муу амлацгаасан. Гэхдээ санасныг бодоход тэнгэр хангай тогтуун сайхан байж, зундаа хуртай, ногоо цагаа ч элбэг ургасан. Харин энэ өвөл жинхнээсээ бичин жил тохиож буй юм шүү. Аймгууд нөөцлөх ёстой өвс тэжээлийнхээ 40-50 хувийг бэлтгээд байна. Ажлаа яаравчлахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.
Олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэрнэ гэж цаг уурчид сануулж буй тул хаа хаанаа өвлийн бэлтгэлээ сайн хангах л үлдлээ. Зуд зөвхөн хөдөө болдог үзэгдэл биш. Айл өрх, албан байгууллагуудын паар халахгүй зутарвал, ханиад томуу, улаанбурхан дэгдээд, нийслэлд зуд болж ч мэдэх юм.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.Насантогтох: Өвлийн бэлтгэл ажил ирэх сарын эхээр дуусна
Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохоос өвлийн бэлтгэлтэй холбоотой зарим зүйл тодрууллаа.
-Эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэлээ хэр хангаад байна вэ. ДЦС-ууд нүүрсээ бэлтгэж, эрчим хүч түгээх, дамжуулах компаниуд засвараа хийж дууссан уу?
-Эрчим хүчний үйлдвэр, компаниуд өвөлд бэлтгэх төлөвлөсөн ажлуудаа хийгээд дуусаж байгаа. Одоогоор 85 гаруй хувьтай байгаа бөгөөд ажил ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт дуусна. Ер нь эрчим хүчний дийлэнх компанийн засварын ажил хийгдээд дуусаж байна. Ганц нэг аймгийн дулааны станцын үндсэн тоноглолуудын засварын ажил удааширсан, бага зэрэг хойшилсон асуудал бий.
Өвлийн ачааллын үед эрчим хүчний салбарынхан бэлэн байдалд ажилладаг. Гэмтэл гарвал түүнийг богино хугацаанд шийдэх ажлыг зохион байгуулдаг. ДЦС-ууд нүүрсээ нөөцлөх ажил ид өрнөж байна. Дунджаар 15-25 хоногийн нөөцтэй байгаа.
-Өвлийн оргил ачааллын үед хэдий хэмжээний эрчим хүч импортлохоор байна вэ. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ хумигдаж байгаа юу. Хэрэв тийм бол импортын хэмжээ багасах байх, тийм үү?
-2016-2017 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед таван бүсийн хэрэглээ 5.2 тэрбум кВт/цаг болох тооцоо бий. Үүний 978.6 сая кВт/цаг эрчим хүчийг импортоор хангахаар байгаа. Тухайлбал, баруун бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээ 109.4 сая кВт/цагт хүрэх тооцоо гарсан. Үүнээс 84.2 сая кВт/цаг эрчим хүчийг импортоор хангахаар байна.
Ер нь эдийн засгийн өсөлт удааширч буйтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ буурах хандлагатай байгаа. Төвийн бүсийн сүүлийн 10 жилийн эрчим хүчний дундаж өсөлт 5.2 хувь байсан бол өнгөрсөн онд 1.1 хувь болсон нь олон жилийн дунджаас доогуур дүн. Энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний хэрэглээний өсөлт гурав орчим хувь байх тооцоог холбогдох байгууллагууд гаргасан. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөсөн нь импортын хэмжээнд нөлөөлж байгаа.
-ОХУ нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг нэмэх хандлагатай байдаг. Энэ тал дээр яригдаж буй зүйл бий юу?
-Зургаан сар тутамд талууд гэрээндээ нэмэлт тодотголуудыг хийж явдаг. Аль нэг талаас тодорхой санал гаргасан тохиолдолд гэрээний дагуу ярилцаж шийдвэрлэх юм.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
21 дүгээр хороолол, Таван шарыг дулаанаар хангадаг шугам гэмтэх магадлалтай
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн О.Батмөнхөөс нийслэл хот өвөлд хэрхэн бэлтгэгдсэнийг тодрууллаа.
-Нийслэлийн өвлийн бэлтгэл хэдэн хувьтай байна вэ. Хүйтрэхээс урьтаж ямар ажил амжуулав?
-Энэ сарын 15-ны байдлаар өвлийн бэлтгэл 87.6 хувьтай. Үүнээс хойш байгууллагуудын мэдээг нэгтгээгүй байна. Аравдугаар сарын 4-нд бүх харьяа байгууллага мэдээгээ нэгтгэх ёстой. Өнөө жил “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК өөрийн хөрөнгөөрөө 27, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил гүйцэтгэсэн. Харин Хөгжлийн банкны санжүүжилтээр хийх, Гурвалжингийн гүүрнээс Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг засаж, шинэчлэх ажил дараа жил хүртэл хойшлогдлоо.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар 30 орчим ажил гүйцэтгэсэн байна. Дээрээс нь нийслэлийн Авто замын газар эвдэрсэн замаа нөхөж дууслаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн засвар наймдугаар сарын 1-нээс эхэлсэн, удахгүй дуусна.
-Гэмтэх магадлалтай шугам бий юү?
-XXI хороолол, Таван шар орчмыг дулаанаар хангадаг 8Д магистрал шугам хамгийн эрсдэлтэй. Дани улсын хөрөнгө оруулалтаар тавьсан энэ шугамын ашиглах хугацаа нь дууссан. Шугамыг зүгээр л хөрсөнд булсан учир гэмтэх нь элбэг. Мөн X хороолол, 25 дугаар эмийн сан орчмын байруудад дулаан дамжуулдаг 8А, Б магистрал шугам эрсдэлтэй гэсэн жагсаалтад орсон.
Эдгээр шугамыг засаж, шинэчлэхэд мөнгө хэрэгтэй. Тиймээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийнхан Эрчим хүчний яаманд анхаарлаа хандуулаач гэсэн хүсэл гаргасан юм билээ.
-Зарим хороололд халаалт маш муу байна гэх юм. Яагаад вэ?
-Айл өрхүүдийн халаалт муу байгаа нь “Амгалан” дулааны станц ажиллаагүйтэй холбоотой. Энэ станц XIV, XV, XVI хорооллыг дулаанаар хангах учиртай. Галлаж эхлээгүй байгаа учир “ДЦС-3”, “ДЦС-4”-ийн ачаалал нэмэгдэж, тэндээс тэжээгддэг III болон VI бичил хорооолол, Зайсан, XIII хорооллын халаалт муу байгаа юм.
-“Амгалан” дулааны станцыг хэзээ галлах юм бэ?
-Ирэх сарын 5-наас ажиллуулж эхэлнэ гэсэн. Гэхдээ одоогоор хэдэн зуухыг нь ямар горимоор ажиллуулах вэ гэдэг нь тодорхой бус байна.
-Зам дээр цацах давс, бодисоо бүрэн нөөцөлсөн юм уу. Мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар нөөцлөөгүй гэдэг мэдээ байна.
-Энэ өвөл шаардагдах давс, бодисын 60 орчим хувийг нь нөөцөлсөн. Мөн дүүргүүдийн удирдлагууд нутаг дэвсгэртээ ашиглах давс, бодисоо нөөцөлж байгаа. Нэмж бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголоор хэлэлцэж, шийдвэрлэх болов уу.
-Зарим сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүй байгаа гэсэн үнэн үү?
-Сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байгаа. Нийслэлийн тусламжаар таван цэцэрлэгийн гаднах дулаалга болон дээврийг нь засаж буй. Гэхдээ дахиад мөнгө шаардагдана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийн гадна шугам нь гэмтэлтэй гэх шалтгаанаар халаалтгүй байгаа гэсэн. Холбогдох хүмүүс нь энэ тухайгаа өнгөрсөн 15-нд мэдэгдсэн байдаг. Энэ мэт асуудлыг удахгүй шийдвэрлэх байх.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Дулаан үйлдвэрлэх өртгийг нэмэгдүүлэхгүй
Цаг агаарын хувьд манай улстай ижил төстэй орнууд өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ? ДЦС-тай улс бүр зун нь станцуудаа зогсоож, шаардлагатай засвар үйлчилгээ хийдэг. Дулаанаа шийдэх арга нь манайхтай бараг ижид ОХУ-д л гэхэд станцуудаа засаж, өвөлд бэлтгэх ажлын зардлыг Засгийн газар нь төсвөөсөө, харин түлш болох нүүрсний өртгийг бүс нутгийн хөрөнгөөс гаргадаг аж. Өвлийн улиралд станцуудын утааны улмаас агаар их бохирддог учир тус улсын эрдэмтэн мэргэжилтнүүд нүүрснээс гадна цахилгаан, хий, био түлш ашиглан дулаан үйлдвэрлэх арга нэвтрүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Нүүрснээс бусад түлшнээс гаргах дулааны гигакалорийн өртөг маш өндөр буюу 3000 гаруй рубль аж. Нэг грамм усыг нэг хэмээр халаахад шаардагдах дулааныг калориор хэмждэг. Нэг гигакалори нь нэг тэрбум калоритай тэнцдэг. ДЦС-ын гигакалори нь 1570 рублийн үнэтэй аж. Хотын үйлдвэрүүд станцуудад асар их өртэй байдаг учир дулаан үйлдвэрлэх өртгөө нэмэгдүүлэх сонирхолгүй байна.
Энэ нь нүүрснээс татгалзаж, өөр түлш сонгоход чөдөр тушаа болсоор буй. Нүүрсний нөөцтэй газруудын хувьд хамгийн хэмнэлттэй бөгөөд найдвартай нь энэ төрлийн түлш учраас тэр. Хуучин социалист системийн орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах бүх улс болон БНХАУ-д манайх болон ОХУ-тай адил ДЦС-ын ийм асуудал бий.
Хүйтэрч эхлэнгүүт л агаарын бохирдлын асуудалтай тулгардаг Хятад улс 2013 оны байдлаар байгалийн хийн хэрэглээгээ 13.9 хувиар өсгөн, 167.5 тэрбум шоо метрт хүргэжээ. Өдгөө тус улс нүүрсний оронд хий хэрэглэх жишигт аажмаар шилжиж, 2030 он гэхэд хийн хэрэглээгээ 550 тэрбум шоо метрт хүргэх аж.
Германд жилийн аль ч улиралд халаалт ашиглаж болдог. Төвлөрсөн дулааны станц гэж байдаггүй. Тоолууртай, цахилгаан болон хийгээр ажилладаг дулааны систем нь 10 секундэд халдаг. Хуучин ардчилсан Герман нь төвийн дулаантай бөгөөд халаалтын систем нь тоолууртай. Чехэд байшин бүрийн хонгил давхартаа тусдаа уурын зуухтай байдаг бөгөөд жилийн аль ч улиралд сууцаа халааж болдог аж.
Тэгвэл Францад орон сууцны айлууд цахилгаан халаагуур ашигладаг. Энэ нь нийт зах зээлийн 40 хувийг эзэлдэг байна. Канадад дулаанаа хийгээр шийдсэн байдаг бол АНУ-д дизелийн түлш, хий, цахилгаан ашиглаж байна. Японд керосин, хийгээр ажилладаг халуун агаар үлээгч бий аж.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Хэдэн өвлийг зутруухан үдэх бол
Өргөтгөж шинэчилсэн цэцэрлэгтэй болно гэсэн биш, олон зуун багш, хүүхэд өнгөрсөн жил зутруухан өвөлжсөнийг санаж буй байх. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 77, 95 дугаар цэцэрлэгийг өргөтгөн, давхар нэмэхээр болсон. Намрын сэрүүнд буюу аравдугаар сард тус цэцэрлэгүүдийн дээврийн дулаалгыг хуулж, засвар хийж эхэлсэн ч сар гаруйхны дараа тодорхой шалтгааны улмаас уг ажлыг зогсоосон юм. Үүнээс болж тэндхийн багш нар онгорхой дээврээ гялгар уут, даавуугаар битүүлсэн болоод өвөлтэй золгож билээ. Гэтэл энэ намар ч гэсэн засварын ажил нь бүрэн дуусаагүй байна.
Хариуцсан байгууллагууд нь есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр тус цэцэрлэгүүдийг хэвийн ажиллана гэх боловч одоо хэр хүүхдүүдээ хүлээн авч чадаагүй байгаа юм. Энэ талаар 77 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Баянжаргал “Барилгын ажил дуусаж байгаа. Аравдугаар сарын 15-нд хүүхдүүдээ хүлээж авна. Хүүхдүүдийн маань олонх нь хувийн цэцэрлэгт, үлдсэн нь гэртээ байгаа. Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн барилгын ажлыг сар гаруйн дараагаас “Өвөл барилгын ажил явуулж болохгүй” гээд зогсоосон.
Улсын төсвөөр барьж байсан өргөтгөлийн ажлыг нийслэлд шилжүүлснээс болоод хугацаа их алдсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарахгүй, цэцэрлэгийн барилгыг гурван давхар болгох, эсэхэд багагүй маргаан үүссэн. Манай цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч 500 орчим хүүхэд суралцдаг. Шинээр 150 орчим хүүхэд авахаар бүртгэсэн. Дээд давхартаа шугам татаад дулаанд холбож байна. Өнгөрсөн өвөл дээврийн дулаалга хуулчихсан байсан учраас хүндхэн өвөлжсөн” гэлээ.
Холбогдох байгууллагууд нь бүх цэцэрлэг, сургуулийн дулааныг өгсөн гэх боловч Чингэлтэй дүүрэг дэх 23, 24 дүгээр сургуулиар ороход халаалт ирээгүй байв. 24 дүгээр сургуулийн өргөтгөлийн хоёрдугаар давхрын хамгийн захын анги болох 8ё бусдаасаа илүү хүйтэн байдгийг сурагчид нь хэлэв. Өвлийн ид хүйтэнд гадуур хувцастайгаа хичээлдээ суудаг гэнэ. Ангийн багш нь “Бид энэ ангид хичээллээд гурван жил болж байна. Хана, таазнаасаа салхи сийгээд байна. Цонхоо хэчнээн дулаалсан ч нэмэргүй. Цахилгаан халаагуур залгах гэхээр сургуулийн захиргаа дургүйцдэг.
Эцэг, эхийн зөвлөлөөр хана, таазаа хэрхэн дулаалах талаар ярилцсан” гэв. Уг сургуулийн нийгмийн ажилтан М.Жаргалсайхан “Намар бүр л ингэж даарсаар дасаж орхиж. Гэхдээ өнөө маргаашгүй халаалт ирнэ гэсэн. Халаалт ирсэн ч бид сурагчдаа дааруулахгүйг хичээн насос ажиллуулдаг. Сургуулийнхаа үндсэн барилга болон өргөтгөлөө дөрвөн цагаар ээлжлэн халаадаг учраас ид хүйтэнд дулаан алдаад байдаг юм.
Сургуулийн эргэн тойронд олон барилгатай болсноос ч тэр үү халаалт жилээс жилд муудаж байна” гэж ярив. Вакуум цонх жийргэвч муутай учраас давхар дулаалж буйгаа багш нар хэлсэн. Концессын гэрээгээр 24 дүгээр сургуульд шинэ өргөтгөл барихаар зураг төслийг нь гаргасан бөгөөд барилгын ажил ирэх хавраас эхлэх аж. Өргөтгөлийн барилгын дулааныг яаж шийдэх нь бас нэг асуудал болоод буй гэнэ.
Сургууль, цэцэрлэг гэлгүй орон сууцны зарим айл ч халаалттай гэхэд хэцүүхэн байна. Их дэлгүүрийн зүүн талын таван шар байрны заримд халаалт тун муу байдаг талаар оршин суугч нь ярьсан. Үүний учрыг тус байрны СӨХ-ноос асуухад “Манай энэ байруудыг 1960-аад онд ашиглалтад оруулсан. Дулаан, бохир, цэвэр усны шугам элэгдсэн нь үнэн ч зарим оршин суугч өөрсдөө ус дамжуулах хоолойгоо угаалгаж, цэвэрлүүлдэггүй. Үүнээс шалтгаалан айлуудын халаалт өөр өөр байдаг” гэв. Энэ мэтээр нийслэлийн иргэд амь төдийхөн халах паараа тэврээд хэдэн өвлийг үдэх бол.
БАЙР СУУРЬ
Эрчим хүч, дулааны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар зарим аймгийн удирдлагуудаас тодрууллаа.
Дулааны шугамаа засахгүй бол аймгийн төв хөлдөх эрсдэлтэй
Ц.БАЛХЯРВАА (Завхан аймгийн ИТХ-ын дарга):
-Манай аймагт 1.2 км-ийн урттай дулааны шугам байдаг. Энд ойрын жилүүдэд засвар хийгээгүй учраас муудсан. Ирэх өвлөөс урьтаж хөрөнгө гаргаж засахгүй бол аймгийн төв хөлдөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ шугам өвлийн цагт хагарвал уурын зуух хөлдөж ч мэднэ. Засахад 683 сая төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг орон нутгаас санхүүжүүлэх боломжгүй.
Тиймээс улсаас орон нутгийн хөгжлийн сангийн үлдэгдэл мөнгийг олгож өгнө үү гэж хүссэн. Эсвэл манай аймагт тулгарсан онцгой нөхцөл байдлыг бодолцож санхүүжилт өгнө үү гэж байгаа. Манай аймгийн удирдлагууд сүүлийн гурван жил энэ асуудлыг ярьж буй ч шийдэгдээгүй л байна.
Дорнодын ДЦС-ыг өргөтгөх шаардлагатай
Л.ХИШИГТОГТОХ (Дорнод аймгийн ИТХ-ын дарга):
-Дорнод аймгийн дулааны цахилгаан станц 36 мВт-ын хүчин чадалтай ч цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн өвөл гэхэд энэ ДЦС бүрэн хүчин чадлаараа ажиллалаа. Ийм байдлаар олон жил ажиллуулах боломжгүй учир өргөтгөх хэрэгтэй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан манай аймагт ажиллах үеэрээ “ДЦС-ын өргөтгөлийн ажлыг ирэх хавраас эхлэх зайлшгүй шаардлагатай” гэсэн.
Энэ бол зүүн бүсийн эрчим хүчний ДЦС учир Сүхбаатар аймгийг ч эрчим хүчээр хангадаг байсан юм. Гэхдээ аймгийнхаа хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн тул энэ жилээс Сүхбаатар руу эрчим хүч нийлүүлэхээ зогсоосон. Тиймээс энэ жил дулааны хувьд хүндхэн өвөлжих төлөвтэй байна. Дорнодын ДЦС-ыг 50-100 мВт-аар өргөтгөх төлөвлөгөөтэй. Гэхдээ одоогоор ТЭЗҮ боловсруулаагүй.
Ерөнхий сайд “Дорнодын ДЦС-ыг 100 мВт-аар өргөтгөх шаардлагатай” гэж хэлсэн. Иймд энэ өвөл ТЭЗҮ-ээ боловсруулж, ирэх хавраас ажлаа эхлэх үүрэг өгсөн юм.
Одоогоор салбарын яаманд ажлын хэсэг гарган ажиллаж буй. Харин дулаан дамжуулах шугам, дэд бүтцийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийсэн учир асуудал гарахгүй. Ирэх сарын 1-нээс албан байгууллагуудыг дулаанаар хангана.
Өвлийн бэлтгэл ажил 70 хувьтай байна
Ж.МӨНХЧУЛУУН (Дундговь аймгийн Засаг даргын орлогч):
-Манай аймаг Багануурын бүсээс цахилгаан авдаг. Цахилгаан түгээх хэсгийн засвар 90 орчим хувьтай байна. Ирэх сарын 10 гэхэд бүрэн дуусгана. Мөн манай аймаг мал аж ахуйн салбарын болон төв суурин газрын гэсэн хоёр ажлын хэсэг гарган өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж буй юм. Одоогоор ажлын явц 70 хувьтай байгаа. Мал аж ахуйн салбарын хувьд өвс тэжээл нөөцөлж бэлтгэх ажил бий.
Мөн Мандалговь суманд халаалтын гурван зуух байдаг. Эдгээрийн урсгал засварыг хийж дууссан. Ирэх сарын 1-нээс эхлэн албан байгууллагуудыг дулаанаар хангана. Мандалговийн хүн ам тогтмол нэмэгдэж байна. Үүнийг дагаад эрчим хүч, дулааны хэрэглээ ч жилээс жилд өсөж буй тул дэд бүтцээ өргөтгөх, засвар шинэчлэлийг хийсэн.
ДЦС-ын хүчин чадал хангалттай
Г.БЯМБАА (Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга):
-Манай аймагт өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна. Харин хадлангийн бэлтгэл 45, буудай хураалтын ажлын явц 38 хувьтай байгаа. Дулааны цахилгаан станц болон дамжуулах хоолойг зассан. Манай дулааны цахилгаан станцын хүчин чадал 30 мВт. Энэ нь одоогоор хангалттай хүрэлцэж байгаа.
Хүндрэл үүсвэл дизель станц ашиглана
Г.БАТЖАРГАЛ (дарга):
-Төвлөрсөн суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг нь хянаж байна. Одоогоор аймгийн халаалтын зуух, дэд бүтцийн засвар үйлчилгээ бүрэн дууссан. Энэ 25-нд ус шахаж, туршиж үзсэн. Албан байгууллагуудыг аравдугаар сарын 1-нээс дулаанаар хангадаг. Гэхдээ эрт хүйтэрч байгаа учир ирэх жилээс эмнэлэг, сургууль, цэцэрлэг, айл өрхүүдийг есдүгээр сарын 15-наас дулаанаар хангах шаардлагатай юм.
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн Баянхонгор аймаг дахь салбар станцын шугам сүлжээг зассан. Өвлийн бэлтгэлийг бүрэн хангасан. Зарим сум суурин газарт эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд аваарын дизель цахилгаан станц ашиглана. Энэ хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын дизель станцуудыг өвлийн улиралд гэрээгээр ашиглахаар төлөвлөсөн.