Энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд 7 настай хүүг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэ талаар тодруулахаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэнтэй холбогдоход "Есдүгээр сарын 6-ны өдөр Хэрлэн сумын I багт 7 настай хүү амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын мөрөөр очиж шалгаад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоон, уг хэрэгт иргэн Б-г холбогдолтой хэмээн үзэж саатуулан шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Харин орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн эцэг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн, залуу бүсгүйтэй амраглах болсон нь хүүгийн аминд хүрэх гол шалтгаан болсон гэнэ. Нутгийнхны ярьж буйгаар хүүгийн эцэг гэр бүлээ цуцлуулж, залуу бүсгүйтэй хамтран амьдрахаас татгалзсан шалтгаанаа хүүтэйгээ холбон тайлбарласнаар бүсгүй нутгийн залууд хүүг хөнөөх захиалга өгсөн гэнэ. Энэ жил дунд сургуулиа дүүргэсэн сэжигтэн Б ч хэргээ хүлээж, захиалгаар хүүг хөнөөсөн гэдгээ хүлээгээд буй гэнэ.
Харамсалтай нь гэр бүлээс гадуурх харилцаанаас болоод бага насны хүүхэд хохирсон тохиолдол тус аймагт өмнө нь ч гарч байсан аж. Гурван ч хүүхэдтэй эрийг эхнэрээс нь салгаж, хамт амьдрах болсон эмэгтэй хүүхдүүдийн нэгийг зүсэж, тамласан явдал гарч байжээ.