Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Намайг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хууль бусаар дахин сэжигтнээр татлаа. Маш ноцтой, эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Хуулийн дагуу зүйл алга. Сонгуулийн дараагаар намайг С.Зоригийг алсан биш алж байхад хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон.
Тухайн үед 1998 онд С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн үйл явдлын үеэр намайг тэр өдрийн орой гэртээ байхад Нийслэлийн цагдаагийн дарга н.Ганболд намайг хамгаалалтад авч байна гэж хэлээд хэрэг болсон газар дагуулж очсон. Хэргийн газар очиход олон хүн бужигнаж байсан. Хэргийн газрыг огт хамгаалалтад аваагүй байсан нь миний гайхширлыг төрүүлсэн. Хэргийн газар очоод Ц.Элбэгдоржийг ирэхэд түүнтэй хамт гараад авсан. Явахдаа цагаан цэнхэр малгайгаа орхиод гарчихсан байсан. Хэргийн дараа намайг гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Миний малгайг надад мартсан байсан нь тогтоогдсон гэж эргүүлж өгсөн. Ингээд дахиж надаас мэдүүлэг аваагүй.
Гэтэл 2000 оны сонгуулийн өмнө дахиж дуудаад нөгөө малгай чинь байна уу гэж асуусан. Учир нь энэ малгай хэргийн газраас олдсон учраас хэрэгтнээр татсан гэж хэлсэн. Ийм зүйл болсон.
Гэтэл сонгуулийн өмнө дахиад л надтай холбож гүжирдэж байна. Сонин, сайтуудаар С.Зориг агсны хэрэгт намайг холбоотой хэмээн бичсэн. Үүнийг би прокурорт өгсөн, гэвч шалгаж өгөхгүй байна. Өмнө нь намайг алуурчин гэж байсан бол одоо алж байхад нь намайг сууж байсан мэтээр бичсэн байасн. Сонгуулийн үеэр дахиад намайг сэжигтнээр татах тогтоол гарсан байсан.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийг үнэхээр их хүсч байна. Намайг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн дагуу л хий. Би дуудсан цагт нь очдог. Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу л ажлаа явуул" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бид тун удахгүй хүргэх болно.