Манай орны хөрсөн дорх болон дээрх ургамал, амьтдыг өмнөд хөршийн иргэд ашиг олох хэрэгсэл гэж харсаар өдий хүрсэн. Монгол оронд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордсон 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 300 орчим эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна.
Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан юм.
Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамлыг манайхан түүж, хятадуудад хямд борлуулсаар удсан. Энэ ургамал ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар эмзүйч, ургамал судлаачид “Дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн гадаадын эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашиглаж байгаа” гэж ярьдаг.
Ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргахыг БОНХАЖЯ-наас таван жил хязгаарласан билээ. Гэтэл хараа хяналт сул байдаг гэж бодсон уу, БНХАУ-ын таван иргэн үгсэн хуйвалдаж өнгөрсөн өвөл Дорнод аймаг дахь Хавиргын боомтоор их хэмжээний дэрэвгэр жиргэрүү, талын чоно, нэлээд олон загас нууцаар хил давуулах гэж байгаад баригдсан байна.
Дундад улсын иргэн Жан Яа Дунг (Zhang Yadong), Сун Сюэ Ганг (Song Xuegang), Тиэн Гуо Фон (Tian Guofen), Зиа Ёоу Цүнь (Jia Youchun), Ван Сяа Цианг (Wang Xiaoqiang) нар энэ оны нэгдүгээр сарын 14-нд БНХАУ-ын Е38436, Е13333 дугаартай “Мудан” маркийн хоёр автобусны шалан дор бараагаа нуусан байж.
Хавирга боомтын гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд автобусанд шалгалт хийх үед эвгүй үнэр гарч байсан бөгөөд жолоочоос нь юу үнэртэж байгааг лавлахад манай улсын иргэн Д.Алтансүх гэгч өмнүүр нь орж “Энэ шалыг хуулах боломжгүй, энэ доор машины эд анги ажиллаж байдаг. Шавьжны хорны үнэр үнэртээд байгаа юм” хэмээн гаалийнхныг нэг удаа аргалсан аж.
Гэвч дээрх боомтод ажиллаж буй тагнуулынхан нарийвчилсан шалгалт хийхээр болж, хилээр гарах хаалганы дэргэдээс буцаан Дорнод аймгийн төвд авчирчээ.
Ингээд үзлэг хийхэд уг хоёр автобуснаас 85 шуудай загас, хоёр чоно, дөрвөн туулай, үхрийн мах 10 кг, дэрэвгэр жиргэрүү 308 кг-ийг шалан дороо нууж, түүнийхээ дээгүүр хөөсөнцрөөр дарсан байжээ. Загасыг нарийвчлан үзэхэд хэлтэг 3.541, цулбуурт 10.4 кг, булуу цагаан 121 ширхэг байсан талаар үзлэгийн тэмдэглэлд дурдсан байна.
Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоход саарал чоно нэг нь 600 мянга, туулай нэг нь 40 мянга, мөнгөлөг хэлтэг загас нэг ширхэг нь 6000, булуу цагаан загас 19 мянга, цулбуурт загас 9000 төгрөг гэж тооцоход нийт 25.9 сая төгрөгийн хохирол учруулсан байх юм. Байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүгийн экологи, эдийн засгийн үнэлгээ нэг кг нь 50 мянга, 308 кг нь 15.4 сая төгрөгөөр тогтоожээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нар “Дэргэвэр жиргэрүү, загас, чоно, туулай зэрэг нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан хилээр гаргахыг хориглосон бараа таваарт хамаарахгүй, энэ зүйл заалтад ховор ургамал гэсэн шинж байхгүй, ховор амьтан гэсэн байгаа тул зүйлчлэл тохирсон гэж үзэхгүй байна” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн “Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) багтсан бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэн дээрх жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү хадгалсан, Е13333, Е38436 дугаартай машинаар тээвэрлэн, улсын хилээр гаргасан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээс гадна шүүгдэгч Ван Сяао Цианг “Би автобусанд эд зүйл нууж байгааг мэдэж байсан ч оролцоогүй”, Сун Сюэ Ганг “Е38436 дугаартай автобусны шалны голд нууц хайрцаг гарган загас, эмийн ургамлыг ачсан. Жан Яа Дунг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь бид дөрөв ачсан. Шалны доор байгаа хайрцагт бид нар ээлжлэн бараагаа хийсэн” гэх мэдүүлгээр нь батлагдаж байна гэж дүгнэжээ.
Хуульд зааснаар хятад иргэдийн Монгол Улсын экологид учруулсан хохирлыг 128.8 сая төгрөгөөр тогтоосон байна. Улмаар анхан шатны шүүхээс БНХАУ-ын иргэн Жан Яа Дунг, Сун Сюэ Ганг, Тиэн Гуо Фон, Зиа Ёоу Цүнь, Ван Сяа Цианг нарыг Байгалийн ургамлын тухай хууль зөрчсөн, хориглосон эд зүйлийг хууль бусаар хил давуулсан гэм буруутайд тооцож, зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх, тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд зүйл хураахаар шийдвэрлэсэн байна.
Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хөнгөрүүлж, таван жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэжээ.