Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэж, тээвэрлэж явсан хүмүүсийг өнгөрсөн амралтын өдөр баривчилжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVII хорооны нутаг Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилж, тэдэнд байсан хар ногоон өнгийн нунтаг ургамлыг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Сэжигтнүүдийг саатуулан, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар сүүлийн хоёр сарын хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 10 гэмт хэрэг гарчээ. Хэргүүдийг шалгаж, 23 хүнийг сэжигтнээр татаад буй аж. Тэд голдуу каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан байсан гэнэ. Нийслэлийн ойр орчмын дөрвөн цэгээс уг ургамлыг түүж буй учир тухайн газарт нь устгал хийж байгаа талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ.