Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Байкаль” жуулчны баазын харалдаа, нуурын усанд өнгөрсөн мягмар гаригт таван хүн завьтай явж байгаад осолдсон байна. Завь нь хөмөрснөөс ийм осол гарсан гэнэ. Энэ тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 14.00 цагийн үед ирсэн аж.
Уг завиар явж байсан зургаан настай О, наймтай Б, 11 настай О болон 26 настай Н нарын цогцсыг онцгой байдлынхан уснаас гаргаж авчээ. Харин 15 настай Б гэдэг хүүг олоогүй байхад харанхуй болсон тул өчигдөр өглөөнөөс эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байлаа. Осолд орсон найман настай Б Мөрөн сумынх, бусад нь Хатгал тосгонд амьдардаг аж. Эх сурвалжийн хэлснээр талийгаач нар гэр бүлийн хүмүүс биш гэнэ.