Арилжааны банкуудын Вестерн юнион гүйлгээ ашиглан бусдыг залилах гэмт хэрэг ихэсчээ. Манай улсын хэд хэдэн иргэн ийм гэмт хэргийн золиос болж, их хэмжээний мөнгөөр хохирсон байна. Ямар нэг арилжаа наймаа хийхдээ хүмүүсийн ихэвчлэн зочилдог www.unegui. mn болон интернэт худалдааны вэб сайтад тавигдсан автомашин, эд зүйл худалдан авах зарын дагуу гадаад, дотоодын хүнтэй манай улсын иргэд интернэтээр харилцдаг аж. Ингээд залилагч этгээдийн санал болгосон хуурамч сайт руу нэвтэрч гүйлгээний мэдээллээ өгөн, Вестерн юнионоор мөнгө шилжүүлэн хохирдог гэнэ.
Яг ингэж хохирсон хоёр хүн байгаа аж. Тэд Дани улс руу залилагч нарт 7500 ам.доллар шилжүүлжээ. Түүнчлэн хуурамч карт ашиглан арилжааны банкуудын пос терминал машинд уншуулан, их хэмжээний мөнгө залилсан тохиолдол ч бий.
Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын гурван иргэнийг манай улсад луйврын гүйлгээ хийчихээд, нутаг буцах гэж байхад нь саатуулсан юм. Лю Р, Лю Ч, Донг Я нар АНУ-ын “Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг интернэт ашиглан хууль бусаар олж аваад, төлбөрийн картыг хуурамчаар үйлджээ. Түүгээрээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй, картаар үйлчлэх цэгийн пос терминал төхөөрөмжөөр гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан юм.
Онц их хэмжээний хохирол гэдэг нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 40 гаруй сая төгрөгтэй дүйх аж. Үүнээс өмнө ийм төрлийн гэмт хэрэг манай улсад хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Жишээлбэл, Малайзын гурван хүн манай улсад ирээд хуурамч карт ашиглан “Эйртранс” компаниас арав гаруй сая төгрөгийн тийз авч, хоёр ч зочид буудлын төлбөрөө хуурамч картаар хийн, худалдааны төв, дэлгүүрүүдээс бараа авах зэргээр үйлчилгээний олон газрыг луйварджээ. Бүр “Модерн номадс” ресторанд идсэн хоолныхоо төлбөрийг хүртэл тэр картаараа хийсэн байгаа юм.
Түүнчлэн, брэнд бараа худалддаг, Монголын нэр бүхий томоохон дэлгүүрүүдийг ч ийнхүү хулхидахаар завдсан аж. Ингэхдээ 40 гаруй сая төгрөгийн үнэтэй бараа аваад түүнийхээ төлбөрийг хуурамч картаар хийх гээд 13 ширхэг карт гаргаж уншуулсан гэж байгаа. Гэтэл пос терминал машин нь “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж гаргаад байж. Худалдагч ч их хэмжээний орлого оруулах нь гэж баярлаад, сэжиг аваагүй гэнэ. Аз болоход тэд уг дэлгүүрүүдээс юм худалдан авч чадаагүй байна. Хэрэв хуурамч картыг машин уншсан бол тэд Монгол Улсад 300 орчим сая төгрөгийн хохирол учруулах байв.
Тэр хүмүүс Америк, Англи, Австралийн нэр хүндтэй банкуудын харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж аваад, түүгээрээ нийт 113 ширхэг хуурамч карт хийсэн байжээ. Тэднийг нутаг буцахаар нисэх онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байхад нь цагдаа нар баривчилсан юм. Албаны хүний хэлснээр манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллүүдийг орчуулдаг газар байдаг аж. Түүнээс хэрэгтнүүд Монголд ийм хэрэг хийвэл баригдахгүй, хүмүүс нь амархан итгэх юм байна гэсэн ойлголт аваад, наашаа ирцгээдэг байх магадлалтай гэсэн.
Өөр нэг жишээ дурдъя. Манай улсын иргэн Б, Нигерийн гурван иргэнтэй хамтран, Монголын цахим картаар үйлчлүүлэгч байгууллагуудын вэб сайтад нийт долоон удаа захиалга өгч бараа, бүтээгдэхүүн худалдан авах нэрийдлээр “Next plaza”, “Hunnu air”, “Ньютел” зэрэг аж ахуйн нэгжээс 12 сая төгрөгийн гүйлгээ хийж луйвардсан байна. Мөн Украины хоёр иргэн манай улсын ATM буюу бэлэн мөнгөний машинаас 100 гаруй сая төгрөг бэлнээр авсан байжээ. Тэднийг Монголоос гарч амжихаас нь өмнө буюу нисэх буудал руу явахаар таксинд суух гэж байхад саатуулсан гэнэ. Гадаадын виза картууд нь ихэвчлэн зээлийнх байдаг. Тодорхой хэмжээний хязгаартай гэсэн үг. Гэмт этгээд тэр хязгаарт нь хүртэл дахин дахин уншуулж, их хэмжээний мөнгө аваад, явсан байна. Гэвч Монголоос гарч чадалгүй баригджээ.
Хуурамч карт хийдэг, түүгээрээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг хохироодог хэргийг зөвхөн гадаадын иргэд үйлддэггүй, манай зарим залуу ч энэ талбарт “хүч үзэж” эхлээд буй. Өнгөрсөн тавдугаар сард манай улсын хоёр иргэнийг ийм гэмт хэрэгт сэжиглэн, баривчилсан юм. 1997 онд төрсөн Т гэдэг залуу компьютерын мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, программ ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч, 25 мянга орчим иргэн, албан хаагч, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг хуулбарлан авчээ. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулж авах зориулалттай, хортой код үүсгэгч программ 12 ширхгийг бэлтгэсэн байсан нь цагдаа нарын явуулсан шалгалтаар илэрчээ.
Мөн 1985 онд төрсөн Х гэдэг хүн гадаадын иргэдийн виза картын мэдээллийг хууль бусаар ашиглан, гүйлгээ хийж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан аж. Хууль хяналтын байгууллагынхан Х-ийн гэрт нэгжлэг хийж, 92 ширхэг виза картын бэлдэц, картанд электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг илрүүлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг төхөөрөмжийг урд хөршөөс оруулж ирдэг гэнэ.
Үнэгүй юманд дуртай зангаасаа болоод луйварчид, зальт этгээдэд мэхлэгдэн хохирсон хүн ч бас хэд хэд бий. Зальт этгээдүүд “Би өөрийнхөө данснаас их хэмжээний бэлэн мөнгөө авч чадахгүй байна. Чи данс руугаа шилжүүлээд өгчих. Шанд нь арван хувийг нь өгье” гэдэг санал ихэвчлэн тавьдаг аж. Энэ онд ийм гэмт хэрэг нэг гарчээ. Жижиг худалдаа эрхэлдэг Батад (нэрийг нь өөрчилсөн) 200 сая төгрөг данс руугаа шилжүүлээд л хэдэн минут банкинд дугаарлаж, мөнгийг нь авч өгснийхөө дараа 20 сая төгрөг авах санал тавьжээ.
Гайхалтай сайхан санал. Гэхдээ Бат хэдхэн хоногийн дараа өөрөө Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцуулах дээрээ тулав. Гэнэт орж ирсэн их мөнгө “будаа”. Юун машинаа солих болно биз дээ. Учир нь Бат гэмт хэрэгтэнд тусалж, хэрэг хийхэд нь хамтран оролцсон. Гэнэт баяжих хүсэлдээ хөтлөгдөн, дансандаа мөнгө хийлгэсэн, дараа нь түүнийгээ өөрөө гарын үсэг зураад авч өгсөн. Ингээд л Бат гарцаагүй хам хэрэгтэн болсон аж. Олон улсад карт ашиглан залилдаг хэргийг илрүүлэх, мөрдөх нь хамгийн хүндрэлтэйд тооцогддог гэнэ. Учир нь картны жинхэнэ эзэмшигч дансан дахь мөнгөө алдсанаа нэг сарын дараа, магадгүй жилийн дараа картын төлбөр төлөх үедээ л мэддэг байна.
Гэмт этгээдүүд манай улсад орж ирээд залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг ч хууль хяналтын байгууллага тэднийг олж илрүүлдэг. Харин худалдаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үүний завсарт хохирдог байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн “Иргэд ийм төрлийн саналыг хүлээж авахгүй байх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж байх хэрэгтэй.
Гэмт этгээдүүд өөр улсын банкны харилцагчийн мэдээллийг суулгасан хуурамч картаар манай улсын арилжааны банкны пос терминалаар мөнгө шилжүүлж авсан. Харин гадаадын тэр банк харилцагчийнх нь мөнгө өөр улсын банкаар дамжиж гарсныг мэдээд тэндээс нь үйлчлүүлэгчийнхээ мөнгийг авчихна. Ингэхээр харилцагчийнхаа мэдээллийг алдсан тэр банк биш, мөнгөө луйвардуулсан гадаадын иргэн ч биш, Монгол Улс хохирч үлдэнэ.
Мөнгө хэн гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй пос терминал машинаар, ямар дансаар гарсан зэргийг шүүж үзээд эзнийг нь хуулийн байгууллагад шилжүүлж өгдөг юм. Манай улсын банкууд хамгаалалт сайтай. Яг ийм гэмт хэрэг хийхээр завдсан хэд хэдэн тохиолдлыг манай байгууллагатай хамтран, таслан зогсоож байсан. Банкууд болон хуулийн байгууллага ийм төрлийн гэмт хэрэг гарахаас хамгаалж, нягт хамтран ажиллаж байгаа. Харин иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэж ярив.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гаргасан зөвлөмжийг хүргэе.
1. Хэнд, ямар зориулалтаар мөнгө шилжүүлж байгаа талаар банкны ажилтанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зөвлөгөө авах;
2. Интернэтээр танилцсан үл таних хүнтэй Вестерн юнион гүйлгээг ашиглан худалдаа хийхдээ бараа бүтээгдэхүүний төлбөрөө урьдчилан шилжүүлэхгүй байх;
3. Үл таних гадаад, дотоодын иргэнд Вестерн юнион гүйлгээг ашиглан шилжүүлсэн гүйлгээний баримт, мөнгө хүлээн авах нууц асуулт, хариултаа мэдээлэхгүй, өгөхгүй байх;
4. Хуурамч вэб сайт руу мөнгө хүлээн авах нууц асуулт, хариулт зэрэг холбогдох мэдээллээ оруулж шалгахгүй байхыг анхааруулж байна.