-Зээлийн муу түүхийг хоёр сая төгрөгөөр устгаж байна-
Дээхнэ үед хэсгийн байцаагч, сэргийлэгч нар “жижгээр танхайрсан” хэргээр хүмүүсийг шийтгэдэг байсан гэдэг. Хурал, цуглааны үеэр хөлөө ачиж суух, бохь зажлах, чанга дуугаар ярих зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэгт орно. Гэтэл сүүлийн жилүүдэд “жижгээр” залилдаг “хүмүүс” олширчээ. “Зээл өгнө”, “Банкны зээлд зуучилна” гэх мэтээр худал зар тарааж, 20-100 мянган төгрөг аваад сураггүй алга болдог гэнэ, тэд.
Иргэн Б эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Нэгэн хэвлэх үйлдвэрт эх бэлтгэгчийн ажилтай. Эдийн засаг хямарч, удирдлагууд нь ажилчидтайгаа тохиролцон, цалинг нь тодорхой хувиар бууруулсан аж. Лизингээр машин авсан учир цалинг нь эргүүлэн нэмтэл түүнд хоёр сая төгрөг хэрэг болж. Ингээд тэрбээр байхгүй юмгүй интернэтэд зочилж, мөнгө зээлнэ гэсэн зарын эзэдтэй холбогджээ. 890456хх дугаарын утсаар холбогдоход “Тогтмол ажлын байртай бол хэрэгтэй мөнгийг чинь өгье. Ажил, оршин суугаа хорооны тодорхойлолтоо аваад ирж уулз. Тэгээд гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад мөнгө ав” гэжээ. Аваагүй ч гэсэн, мөнгөтэй болох гэж буйдаа баярласан тэрбээр түүний хэлсэн газарт очиж уулзжээ.
30 орчим настай залуутай уулзаад захисан тодорхойлолтуудыг нь өгөн, гэрээ байгуулах болж. Гэтэл өнөөх авралын эзэн нь “Миний таньдаг нотариатч цайндаа орчихож. Ийм зээлийн гэрээг хүссэн нотариатч хийдэггүй. Дараа нь гарах маргаанаас айдаг юм. Чи хэсэг байж байгаад хүрээд ир. Ажлын хөлсний 30, миний зээл өгсний шимтгэл 20 мянган төгрөгтэй ирээрэй” гэсэн аж. Ажлынхаа хажуугаар гарч ирсэн Б түүнд итгээд 50 мянган төгрөг үлдээгээд “Чи гэрээгээ батлуулчих. Би ажлаа тарж ирээд гарын үсгээ зураад, мөнгөө авъя” гээд явчихжээ. Харамсалтай нь Б авралын бурхан гэж бодож байсан хүнтэйгээ ахин холбогдож чадаагүй гэнэ.
Энэ мэтээр багахан хэмжээний мөнгө залилдаг хүн олширсон нь банкны зээлд зуучилдаг хүмүүстэй холбоотой аж. Хохирогчдын өгсөн мэдээллийн мөрөөр үнэгүй.мн, зармэдээ.мн зэрэг цахим хуудасны “мөнгө, санхүү” гэх буланд зочиллоо. Амьд хүнээс бусдыг барьцаалж зээл олгодог юм уу гэлтэй зарууд байна. Тэр дунд “Банкны зээлд зуучлуулна”, “Бага хэмжээний зээлд зуучилж өгнө”, “Банк болон ББСБ-д зуучилна” гэх зэрэг зар олон байв.
“Голомт” банкны цалингийн зээлд зуучилна гэсэн зарын дагуу 886004хх дугаарын утсаар холбогдож, уулзахаар боллоо. “Баянмонгол” хорооллын 407 дугаар байрны гадна болзоо товлож, бид уулзсан юм. 30 орчим настай эмэгтэй намайг хүлээж байлаа. Бидний хооронд ийм яриа өрнөв.
-Ямар байгууллагад ажилладаг вэ. Хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм. Цалингаа “Голомт” банкаар авдаг биз дээ?
-Хувийн компанид ажилладаг. Цалингаа “Голомт” банкаар авдаг. Сарын цалин минь 500 мянга, түүнээс татвараа төлдөг. Гэтэл уг банк надад хамгийн ихдээ 1.5 сая төгрөгийн зээл өгнө гэнэ. Надад нэлээд хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм л даа.
-Яг хэд вэ?
-6-8 сая төгрөг. Тийм хэмжээний зээлд зуучилж чадах уу?
-Уг нь болно л доо. Орлогын материал нэмж бүрдүүлэх шаардлага гарна.
-Хугацаа их шаардагдах уу?
-Нэг их удахгүй. Би өмнө нь олон хүнд ийм зээл зуучилж байсан. Ажлын хөлсөнд гарсан зээлийн үнийн дүнгийн 10 хувийг авдаг юм. Бичиг баримт хувилах зэрэг урсгал зардлыг чи өөрөө гаргаарай.
-Болж байна. Ямар материал бүрдүүлэх вэ?
-Нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь, хуулбар, ажлын газрын тодорхойлолт, цахим үнэмлэх байхад болно. Эдгээрийг бүрдүүлээд уулз. Ингэхэд танай байгууллага аль салбараар цалингаа тавьдаг вэ?
-Тэгье. Би залгая. “Цэцэг” төвийн салбараар.
Дээрх эмэгтэй зээл гарсны дараа л тохирсон урамшууллаа авах учир худал хэлээгүй нь мэдээж. Харин хувиасаа мөнгө зээлүүлдэг луйварчид ийм хүмүүсийн “далбаан дор” иргэдийг залилдаг аж.
Үүнээс гадна зарын сайтуудад “Муу зээлийн түүхэнд туслалцаа үзүүлнэ” гэсэн учир битүүлэг зар хэд хэд байв. Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн мэргэжилтнээс муу зээлийн түүхийг устгаж болох, эсэхийг лавлахад “Бидэнд тийм боломж байхгүй. Тухайн зээл авсан банкныхаа эдийн засагчаас тодруул” гэсэн юм. Хэд хэдэн банкны зээлийн эдийн засагч нар ч үүнд “Боломжгүй” гэсэн хариулт өгсөн. Гэвч зар дээрх дугаарын эзэд “Боломжтой” гэв.
990112хх дугаарын утсаар холбогдон, ярилаа.
-Зарын дагуу ярьж байна. Зээлд зуучилж, муу түүх устгаж өгнө гэсэн үү?
-Зээлд зуучлахгүй. Харин чанаргүй зээлийн түүх устгаж өгнө.
-Яаж устгадаг юм бэ? Боломжгүй гээд байсан.
-Манай найзын найз Монголбанкинд ажилладаг юм. Овог нэр, регистрийн дугаараа явуулчих, шалгуулъя.
-Төлбөр нь хэд байх вэ?
-Хоёр сая төгрөг байдаг юм.
-Арай хямдруулж болохгүй юу?
-2-3 хүн оролцдог болохоор үүнээс хямд хийх боломжгүй.
-Найдвартай биз дээ?
-Найдвартай. Саяхан “Хас” банкны найман хувийн зээлд хамрагдах гэсэн хүний муу түүхийг устгаж өгсөн гэв. Тэгэхээр Монголбанкны ажилчдын “Боломжгүй” гэдэг худлаа байх нь.
Арилжааны банкуудын үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд, олгосон зээлүүдийнх нь чанарт Монголбанк хяналт тавьдаг. Үүнтэй холбоотой журмыг банк, ББСБ-ууд мөрдөж ажилладаг. Үүний дагуу олгосон зээлээ хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй хэмээн ангилдаг аж. Чанаргүй дотор хэвийн бус, эргэлзээтэй, муу гэх ангилал бас бий. Хэрэв муу зээлийн ангилалд бус, “Чанаргүй” зээлийн ангилалд бүртгэгдээд, зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бол банк дахин зээл олгохгүй байх талаар уг журамд заасан байдаг аж.
Зээлийн муу түүх зургаан жилийн дараа устдаг учир танил талтай нь уг журмыг ашиглан, их хэмжээний мөнгө олдог юм байна. Муу түүхийг баталгаатай устгаж өгдөг хүмүүс хэт өндөр үнэ хэлдэг учир тэднээс арай хямд үнэ санал болгох аргаар, залилан хийдэг хүмүүс ч бий болжээ. Энэ талаар өмгөөлөгчдөөс лавлахад “Энэ нь хоёр хүний хоорондын тохироогоор явж буй учир аль нэгийг нь буруутгах боломжгүй.
Харин Монголбанк бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайн зээлдэгчийг ямар шалтгаанаар зээлээ хугацаандаа төлж чадахгүй байгааг асуух хэрэгтэй. Үнэхээр хүндэтгэх шалтгаантай байвал зээлийн түүхийг “муу” гэж үнэлэхгүй байх хэрэгтэй. Хэтэрхий хатуу хандаж буйгаас нь болоод ийм “бизнес” хөгжөөд байна. Ялангуяа хамтран зээлдэгчийг нь “муу” зээлийн түүхтэй болгодог нь том алдаа.
Нөхөр нь нэр дээрээ зээл авахад, эхнэр нь хамтран зээлдэгчээр орно. Зайлшгүй шалтгаанаар хэдэн удаа хоцроож төлөхөд хоёуланд нь “муу” тавьчихаар тэр айл яах юм бэ. Тэгэхээр ийм зуучлагч хүмүүст хандахаас өөр аргагүй. Цаашлаад үүнийг анзаарсан овжин хүмүүс бусдыг залилж байна. Энэ буруу тогтолцооны гол алдаа нь Төвбанкинд бий” гэсэн юм.
Өөрөө ч мэдэлгүй зээлээсээ хэдхэн мөнгө дутуу төлснөөс болоод “хар жагсаалт”-д орсон хүмүүс ч байдаг юм билээ. Төгрөг биш, мөнгө шүү дээ. Ийм хатуу шийдвэр иргэдийг хөлдөө чирч, олон танилтай хүний халаасыг зузаатгаж, овжин хүмүүсийн хоолыг залгуулж байна.