АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долдугаар сард болж, нийслэл хот нэг хэсэг нам гүм болсон. Ямар сайндаа хүмүүс “Ирсэн зочид Улаанбаатарыг цагдаа, үйлчлэгчээс өөр оршин суугчгүй гэж эндүүрэхээр байна” хэмээн хошигнож байх вэ. Тэгвэл нийслэл хот өнөөдөр хүний хөлд дарагджээ. Автобусны буудлуудад бум бужигнаж, худалдааны төвүүдэд хөл тавих зай алга.
Өнгөрсөн амралтын өдөр “Нарантуул” захад очлоо. “Алив зөрөөдөх үү”, “Холдоорой, ачаатай явж байна шүү”, “Ёоё, хөл дээр гишгэчихлээ”, “Наад цүнхээ урдаа барь” гэх олны яриа чих дэлсэнэ.
Халаас, цүнхээ хулгайчаас хамгаалан болгоомжлох хүмүүс бараа, бүтээгдэхүүн харж сонгохын зэрэгцээ ийш тийш хяламхийх нь түвэгтэй. Урт гартнууд биднийг ийм болгожээ. Жижиг үүргэвчээс өөр халаас болгочих зүйлгүй намайг ч хэдхэн минутын дотор “найзууд маань” хэдэнтээ тэмтрээд амжсан.
Тэднээс болоод арилжаа хийхээр очсон хүмүүс ч бие биенээ хардаж “Энэ хулгайч байх” гэсэн хүйтэн харц чулуудалцах юм. Хэн нэгний хөл дээр санамсаргүй гишгэчихээд гар барихаар сарвайх, бараа сонирхож буй нэгний дэргэдүүр зайчилж зогссон хүн хулгайч байх магадлалтай гэж наймаачид анхааруулж байна лээ. Мөн “Анхаарал нь жаахан сарничихсан, яарч яваа хүнийг халаасчид андахгүй, араас нь дагачихдаг юм. Хэрэв өөрийг нь ажиглаад эд зүйлээ хямгадаад эхэлбэл нөгөөх рүүгээ дохиод л явчихдаг юм шүү. Дагаж байсан хүн явчихлаа гэж тайвширч болохгүй” хэмээн зөвлөсөн.
Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээнд энэ оны эхний долоон сард халаасны хулгайн 365 хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ бол зөвхөн дуудлагаар бүртгэгдсэн тоо. Өөрөө цагдаагийн байгууллагад хандсан, мөн хулгайчид эд зүйлээ алдчихаад мэдээлээгүй хүмүүс үүнд хамаагүй.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах орчмыг хариуцсан цагдаа нар “Хулгайн хэрэгтэй холбоотой гомдол өдөрт дунджаар 20 орчим ирж байна” гэсэн юм. Тэгэхээр дээрх тоо статистик мэдээнд орохгүй. Жирийн өдрүүдэд энэ тоо цөөрдөг ч баяр дөхөхөөр улам ихэсдэг гэнэ.
“Нарантуул”-аас гадна нийслэлийн хэд хэдэн газар хулгайч нарын “ажлын байр” болчихжээ. Тэдгээрийн нэг нь “Драгон” авто вокзал. Сонгинохайрхан дүүрэгт халаасны хулгай цөөн гардаг ч жил бүрийн энэ үед олширдог гэнэ. Орон нутгаас нийслэлд хөл тавьж буй хүмүүс “Улаанбаатарт халаасны хулгайч олон бий. Болгоомжтой байх ёстой” гэсэн сэрэмжлүүлгээс өөр мэдээлэлгүй. Бөөнөөрөө бүчиж халаас нэгждэг хулгайч нарын арга барил тэдний дуулснаас нарийсчээ. Хөдөөнөөс ирсэн “гэнэн боруудыг” тэд дор нь “тэмтэрчихээд” л явчихна. Халаасчид хамгийн цөөндөө 2-3-уул бүлэглэж явдаг аж. Нэг нь “бай”-ныхаа хөл дээр гишгээд, гар барих зуурт нөгөөх нь халаасыг нь ухдаг байна.
Энэ сарын 22-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын автобусны буудлын орчим иргэн Д халааснаасаа “Скай Вега А900” маркийн гар утсаа алджээ. Түүний утсыг хулгайлсан хүн гар байхад цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Үүнээс гадна улсын томоохон эмнэлгүүд хулгайч нарын гол бай болоод удав. Өвдсөн нэгнээ эмчид үзүүлэн, тэвдэж яваа хүний анхаарлыг сарниулж байгаад л хэтэвчийг нь авчихдаг байна. Ингэхдээ “Цөсөө үзүүлэх гэж явна. Эмчийнх нь өрөө хаана байна” гэх зэргээр элдвийн асуултаар булдаг гэнэ. Иргэн А-г Хавдар судлалын үндэсний төвд явж байхад цүнхнээс нь хэтэвчтэй бичиг баримт, 100.000 төгрөгийг нь нэг нөхөр хулгайлж байхад мөн л цагдаагийнхан илрүүлсэн байна.
Мөн “Баянзүрх” худалдааны төвд халаасны хулгай олон гарах болж. Ялангуяа хүнсний ногооны жижиг мухлаг, мах худалддаг хэсгээр урт гартнууд холхидог гэнэ. Тус төвд мах худалддаг Цээгий “Манай эндхийн хулгайч нар бүл нэмчихсэн. Байнга хулгай хийдэг байсан нөхдийг бид андахгүй. Тиймээс “шавь” нараа нааш явуулдаг болсон. Харж байгаагүй залуучууд гартаа тортой юм барьсан хүмүүсийг дагаад л ирнэ. Мах авахдаа тортойгоо хөлдөө хавчуулчихаад зогсох зуурт цүнхийг нь ухчихдаг” гэв.
Цагдаа нар сүүлийн үед хулгайч нарыг үйлдэл дээр нь илрүүлэх болсон нь дээрх хэдхэн жишээнүүдээс илт. Ийм байхад хулгайн “бизнес” цэцэглэж байгаагийн учрыг та, бидэнтэй холбон тайлбарлав. Хүмүүсийг айлгах зорилгоор “Хулгай хийж байгаа хүнийг хараад, хэлсэн хүүхдийн нүдийг цаасны хутгаар зүсчээ. Хулгайч нарыг мэдээлсэн залууг бүлэглэн зоджээ” гэх мэтээр “тэмтрэгчид” зориуд цуу тараан айлгадаг аж.
Үүнд иргэд итгэж, хулгай хийж буй хүнийг харсан ч чимээгүй өнгөрдөг нь хамгийн том алдаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө нэгэн танил маань зуслангийн автобусанд хүний цүнх ухаж байсан хулгайчийг харжээ. Тэнд явсан хүмүүс ч харсан боловч хохирогчид огт хэлээгүй аж. Харин өнөөх найз минь хулгайчийг илчилснийхээ төлөө элдвээр хараалгасан байх юм. Тэр үед нэг ч хүн түүнийг өмөөрч дуугараагүй гэнэ. Үүгээр ч зогсохгүй хэтэвчээ алдах шахсан эмэгтэй “Баярлалаа” ч гэж хэлэлгүй автобуснаас буужээ.
Үүн шиг та, бид өөрт хамаагүй гэсэн байдлаар хандаж буй нь цөөн хэдэн хулгайчийг өөгшүүлдэг ажээ. Уг нь нийслэл хотод бүртгэлтэй нэг сая гаруй хүний өчүүхэн хэсэг нь л хулгайч. “Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгийн төлөө” гэдэг үг бий. Хэн нэгний цүнх, халаасыг ухаж байхыг харвал дор нь мэдээлэх нь хамгийн зөв алхам. Өнөөдөр та хэтэвчээ алдаагүй ч, маргааш алдахаас сэргийлнэ шүү дээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Халаасны хулгайч нар хэрэглэдэг түгээмэл заль мэхийг мэдэж аваарай.
Хулгайч мөрөн дээрээ хувцас тохож автобусанд ороод, замын донсолгоонд өнөөхөө бусдын цүнхэн дээр тохож, халхавчлаад, хулгай хийдэг.
• Бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй хүн хэтэвчээ гаргахад халаасчин урд нь байгаа зүйлийг үзэж буй мэт болно. Энэ тохиолдолд хохирогч хэтэвч барьсан гараа цаашлуулж, яагаад нүүрнийх нь урдуур гараа явуулж буйг лавлах зуурт хамтрагч нь хэтэвчийг “сэгсэрдэг” байна.
• Халаасны хулгайч гартаа юм барьсан хүний мөр рүү цээжээрээ “санамсаргүй” цохино, түлхэнэ. Тэгээд гар дахийг нь унагаад, юмаа авахаар тонгойх зуурт хэтэвчийг нь авдаг. Энэ аргыг эрэгтэй хүмүүст түгээмэл ашигладаг.
• Тамхи татаж буй хүнээс галаа зээлдүүлэхийг хүснэ. Ингэхдээ асаагуурыг нь авалгүй хоёр гараараа салхи хааж, өөрөөр нь асаалгах зуурт хамтрагч нь цүнх, халаасыг нь нэгждэг.