Англи улсын харьяат, эмч ажилтай гэж өөрийгөө танилцуулсан Cromark Clive Alan гэгчтэй манай улсын иргэн Э өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн фэйсбүүкээр харилцаж эхэлжээ. Тэд өдөр бүр чааталж байсан гэнэ. Cromark Clive Alan “Би Иракт томилолтоор ажиллаж байгаа. Удахгүй томилолт дуусна. Би хоёр хүүхэдтэй. Эхнэр маань нас барсан. Чамтай танилцсандаа их баяртай байна. Монгол найзтай болохыг их хүсдэг байсан юм.
Надад одоо чамаас өөр итгэж, хандах хүн алга. 2011 оноос Филиппин рүү нийлүүлдэг байсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиг болох мөнгийг чам руу явуулъя. Чи хадгалж бай. Энэ мөнгийг Улаан загалмайн дипломат шуудангаар шилжүүлнэ. Гэхдээ чи тэр мөнгийг авахын тулд эхлээд заавал төлбөр төлөх хэрэгтэй болох байх” гэж итгүүлсэн байна. Улмаар хэд хоногийн дараа Э рүү шуудангийн газраас холбогдож, өөрт нь их хэмжээний бэлэн мөнгө ирсэн тул хураамжаа төлж байж авахыг сануулсан байна. Э мөнгө ирсэн гэдэгт итгэн 114 мянган ам.доллароо Улаан загалмайн гэх хуурамч данс руу шилжүүлэн, хохирчээ.
Үүнээс гадна Монгол, Америкийн хамтарсан нэгэн компани интернэт ашиглан бусдыг залилдаг хүмүүст 87 мянга орчим ам.доллароо алджээ. Тус компани БНХАУ-ын нэр бүхий компанитай бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ хийсэн байна. Улмаар гэрээний нэхэмжлэлийн дагуу нийт төлбөрийн 70 хувийг эхэлж шилжүүлэхээр болсон аж. Гэтэл харилцаж байсан нийлүүлэгч компанитай төстэй нэртэй, уг байгууллагын охин компанийн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүн и-мэйлээр харилцаж эхэлсэн байна.
“Худалдан авах ажиллагааг бид цаашид зуучлахаар болсон. Иймээс энэ данс руу мөнгөө шилжүүлээрэй” хэмээн анх харилцаж байсан компанийнх нь нэртэй төстэй хаягаар урьдчилгаа болох 60 гаруй мянган ам.долларыг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд шилжүүлэн авчээ. Дараа нь дөрөвдүгээр сард “Барааг чинь явуулсан, одоо үлдэгдлээ өг” хэмээн 20 мянга гаруй ам.доллар шилжүүлж авчээ. Манай улсын иргэн, аж ахуйн нэгжийг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан дээрх хүмүүсийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа аж.