Булган аймгийн нутаг дахь Дорждамбаа Дашчойнхорлон хийдэд өнгөрсөн долдугаар сарын 28-29-нд шилжих шөнө хулгайч орж, олон бурхан, эртний судар алдагдсан байна.
Энэ хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилсны дүнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд өнгөрсөн мягмар гаригт баривчилжээ.
Алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны шугамаар мэдээлэл цуглуулж, сэжигтнийг хулгайлсан эд зүйлээ эртний эдлэлийн наймаачинд худалдах гэж байхад нь саатуулсан гэнэ. Сэжигтэн Б нь Булган аймгийн харьяат, 22 настай залуу байжээ.
Түүнийг баривчлах үед Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс алдагдсан Доржшүгдэний дүр бүхий цутгамал бурхан таван ширхэг, “Гүрэм доромын судар”, “Арван хангалын судар” тус бүр нэгийг авч явсан байна.
Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.