Манай улс хууль бус зүйлд үнэхээр ээлтэй юм. Залуус нь хууль зөрчиж байхад хөхиүлэн дэмжиж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхдээ гаргууд гэж жигтэйхэн. Нэг хэсэг зөвшөөрөлгүй баар, цэнгээний газар, цахим тоглоом, хар тамхийг “цэцэглүүлж” байсан. Өдгөө мөрийтэй тоглоомыг түгээн дэлгэрүүлэхээр ханцуй шамлан орцгоожээ. Бэлэн мөнгөтэй нь түүгээрээ, байхгүй нь эд зүйлээ барьцаанд тавьж, хоёргүй сэтгэлээр “зүтгэж” байна, цаана чинь.
“Автомат тоглоом” гэх нэрээр халхавч хийсэн ийм газрууд Улаанбаатарт хэчнээн байгааг хэн ч мэдэхгүй. Байрны өргөтгөл, үйлчилгээний төв гээд хэний ч санаанд оромгүй газарт байрладаг учраас тэр. Ад үзэгдэж, цагдаагийнхны тогтмол хяналтад байдаг цахим тоглоомын газрууд албан ёсны нэртэй самбар, эсвэл “Интернэт тоглоом”, “PC game” гэх зэрэг хаягтай байдаг бол автомат тоглоомын газруудад таних тэмдэг юу ч байхгүй.
Мөнгөө халааслаад, гүйгээд очдог “хөгжөөн дэмжигчид” нь шинэ гишүүн элсүүлдэг болохоор олон хүнд танигдах гэж самбар өлгөх шаардлагагүй ажээ. Автомат тоглоомын газруудад хэдэн насны хүмүүс, хэр их мөнгөтэй очдогийг сонирхлоо.
Бидний эхний зогсоол “Алтай” хотхоны баруун урд байрладаг автомат тоглоомын газар байв. Тодорхой хаяггүй ч олоход хэцүү байсангүй. Тэр орчимд амьдардаг өсвөр насны хүүхдүүд бүгд мэддэг, асуусан хүнд “Тэр ХААН банкийг харж байна уу. Хаалгаар нь ороход л тоглоомын газар харагдана” гээд заагаад өгчих юм. Хоёр давхар уг байрны хэдэн цонхыг тоглоомын зурагтай хуудсаар таглажээ.
Барилгын нэгдүгээр давхарт бэлэн мөнгөний хоёр машин, банкны үйлчилгээний танхим, тоглоомын газар байрладаг юм байна. Тоглоомын төв хаалттай байсан бөгөөд хаалган дээр нь “Автомат тоглоом. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй” гэсэн “гоё” бичиг наажээ.
Бэлэн мөнгөний машины урд дугаарлан зогсох хүмүүсээс тоглоомын газар хэзээ онгойдгийг лавлахад “Оройн цагаар л ажилладаг юм. Нээгдсэнээс нь хойш замын эсрэг талын байрны оршин суугчид цагдаад гомдол мэдүүлсээр л байгаа. Шөнөжин хүмүүс холхино. Хөлчүү хүүхдүүд ч орилолдоод байдаг юм” гэв. Банкны хамгаалагч залуу бидний яриаг тасалж, “Наад газар чинь ажиллахгүй байх. Хэд хоногийн өмнө цагдаа нар ирээд бөөн юм болсноос хойш хаалттай байгаа. Эндхийн оршин суугчид гомдол гаргасан бололтой. Бас тоглодог байсан хүүхдүүд нь мөнгөө хууль бусаар олсон бололтой юм билээ” гэв. Иргэд тус газрын үйл ажиллагааг зогсоохоор өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр удаа дараа хүсэлт гаргасан учир Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд арга хэмжээ авчээ.
Бид Сансарын тунелийн аюулгүйн тойргийн баруун талд байрлах автомат тоглоомын газарт очлоо. Цоожтой хаалганы цаанаас хүмүүс ярилцах нь сонсогдсон учир тогшлоо. Минут орчим тогшсоны эцэст гартаа тамхи барьсан нэлээд биерхүү эр хаалга нээв. “Дүүгээ хайж явна” гээд дотор хүн бий, эсэхийг лавлахад “Манайх өнөөдөр ажиллахгүй. Дотор хүн байхгүй” гээд хаачихав. Удалгүй 40 орчим настай эмэгтэй гарч ирээд хэн гэдэг, хэдэн настай хүүхэд хайж явааг минь шалгаах нь тэр. Бүр “Зураг нь байна уу” гэж асуугаад амжсан. Тэрбээр “Манайд ихдээ л 100 гаруй мянган төгрөгтэй хүн ирдэг.
Голдуу 20, 30 мянган төгрөгтэй хүмүүс өнждөг юм. Манайхаас гадна энэ хавьд “Jumba” төв, Сансарын автобусны буудлын ард гээд хэд хэдэн тоглоомын газар байдаг. Тэр газруудаар хайгаад үз. Их мөнгөтэй явсан бол Баруун дөрвөн зам, 25 дугаар эмийн сан орчмын тоглоомын газруудад очсон байж магадгүй. Тэр хоёр газарт Йхоногоор тоглуулдаг, бүр дотроо амрах өрөөтэй гэсэн. Тэнд хоносон хүмүүс хааяа манайд ирдэг юм. Рулеттэй болохоор тийшээ очсон байх” гэв.
Түүний зааснаар “Кёкүшюзан” цамхгийн зүүн талд байрлах тоглоомын газарт очив. Орон сууцны нэгдүгээр давхрыг өргөтгөж, тоглоомын төв болгожээ. Тэднийх мөн л хаяггүй. Гадна нь 30-аас дээш настай залуус бөөгнөрөн зогсоно. Тоглоомын газрын үүдэнд махлаг, биеэрхүү залуу суух аж. Гурван залуу түүнээс “Бидэнд 140 мянган төгрөг байна орчихъё л доо” хэмээн гуйж, гар утас, авто машинаа худалдах гэсэн хүмүүс үнэ хаялцаж, тухайн газрыг хар зах мэт болгожээ. Үүний хажуугаар тамхи татаж, хэдэн загас буудсанаа (загас бууддаг автомат тоглоом) ярилцах хүмүүс холхино. Тоглодог хүмүүс бие биенийгээ анддаггүй бололтой. Ийм байхад тус газар руу гэрэл зургийн аппарат барьж ороод зураг авна гэдэг мөрөөдөл гэсэн үг.
Тоглоомын газрын босгоор давж орох хэмжээний (орохын тулд гишүүнээр элссэн байх ёстой бөгөөд багадаа 500.000 төгрөгтэй байх шаардлагатай аж) бэлэн мөнгөгүй явсан би “Дүүгээ хайж явна” гэсээр нэвтэрсэн юм. Үүдээр нь ороход “Агуу Гэтсби” кинонд гардаг шиг гял цал орчин угтав. Тоглож буй хүмүүс намайг эвэртэй туулай харсан мэт дагуулан харах аж. Дүүгээ хайж яваагаа анх таарсан хүндээ хэлэхэд “Энэ хавиар байхгүй бол цаад өрөөнүүдээр шагайгаад үз” гэв. Түүний хэлснээр өрөөнүүдийн хаалгаар шагайхад тамхины үнэр, утаан дунд бужигнасан хүмүүс сууж байв. Тоглохгүй, дэмий холхих намайг ажигласан зохион байгуулагч залуу ямар хэргээр явааг минь шалгааж эхлэв.
Аз болоход дүүгийн минь зураг гар утсанд байж таарсан юм. Түүнийг үзүүлээд хайж яваагаа хэлэхэд “Манайх ийм бацаан оруулдаггүй. PC-ний бацаан юм биш үү. Манайд 25, 26 настай хэдхэн банди л ирдэг. Тэгээд ч байнга үйлчлүүлдэг хүмүүс ирдэг учир бүгдийг нь танина. Бид тоглохоор ирсэн хүмүүсийнхээ бичиг баримтыг шалгадаг, тэднийгээ таньдаг. Ийм хүүхэд ирдэггүй. Хороолол руу өгсөх зам дагуу, Модны хоёрт автомат тоглоомын газар олон бий” гээд гаргачих нь тэр. Ийн ярилцах зуурт өөр нэг зохион байгуулагч кассан дээр зогсох залууд хэд хэдэн гар утас, таблет авчирч өгөөд оронд нь мөнгөтэй карт аваад явав. Тоглоод мөнгөө алдсан хүмүүс дахин тоглохын тулд ингэж эд зүйлээ барьцаалдаг ажээ.
Тоглоомын газраас гарахад нөгөө хүмүүс наймаа хийсээр л байв. “Приус 20” маркийн машиныг 6.7 саяар авахаар ярилцаж буй хэсэг хүний нэг нь надаас чухам хэнийг хайж буйг лавлахад нь түүнээс цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр өөрийгөө Хасаа хэмээн танилцуулав.
-Дүү минь гэрээсээ гараад гурав хоног ирсэнгүй. Энэ хавиар автомат тоглоом тоглож явааг найзуудаас нь сонсоод хайж явна.
-Манайд 23-тай хүүхэд ирэхгүй. Ирдэг бол Дөөк мэдэж магадгүй. Ер нь Дөөк энэ хавиар автомат тоглодог хүүхдүүдийг андахгүй.
Ингэж хэлээд 25 орчим настай залууг дуудав. “Би 30-аас доош настай, энэ хавиар тоглодог хүүхдүүдийг андахгүй. Гэхдээ ийм хүүхэд хараагүй. Автомат тоглоомын газар Улаанбаатарын хаа сайгүй бий. Гэрийнхээ орчмоор хайгаад үз” гэж Дөөк надад зөвлөсөн юм.
-Энэ тоглоомыг тоглоход тийм их мөнгө хэрэгтэй юм уу. Дүү минь өмнө нь нэлээд их хэмжээний мөнгөөр тоглочихсон байсан.
-Нэг өдөр тав, зургаан сая төгрөгөөр
тоглодог хүн ч бий. Донтчихдог юм. Дүүгээ эртхэн татаж авсан нь дээр. Ажилгүй хүн донтвол эд зүйлээ зарж тоглоно. Их аюултай шүү гэлээ.
Бага мөнгөтэй хүнийг “жараахай” гэдэг аж. Хасаа дүүгээ олохгүй бол намайг дагуулж жараахайнууд очдог газраар явж болохыг хэлээд бидний яриа өндөрлөлөө.
Мөн зарим хүн “Энэ тоглоомын газар программаа өөрчилдөггүй юм. Бусад нь шөнө бүр өөрчлөөд, эхлээд хүмүүст хэдэн төгрөг хожих боломж бий болгох замаар донтуулдаг. Ийм газруудын эзэд нь ихэвчлэн гадаадын иргэд байдаг гэсэн” гэх мэдээлэл өгсөн.
Хэзээнээс, чухам хэний зөвшөөрлөөр ийм тоглоомын газрууд нээгдсэн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хотын захиргаа л зөвшөөрөл өгдөг. Цагдаагийн байгууллагаас санал авдаггүй” гэв.
Харин автомат тоглоомын үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл өгсөн нийслэлийн Соёл урлагийн газрынхан “Бид зөвшөөрөл өгсөн газруудынхаа эрхийг цуцалчихсан. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар байвал дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүд арга хэмжээ авах ёстой” гэдэг хариулт өгч байна. Тэдний хэлж буйгаар “Тэнгис”, “Өргөө” кино театруудын дор байрладаг шиг тоглоомын газар олныг байгуулах юм байна гэж тооцон, автомат тоглоомын газрын журам боловсруулж, зөвшөөрөл олгожээ. Гэвч зарим хүн журмынх нь цоорхойг ашиглаж, мөрийтэй тоглоомын газар байгуулсан нь хяналтаас гарч, өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэнэ.
Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ийм зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Улмаар энэ оны тавдугаар сард автомат тоглоомын бүх газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Тус газрын мэргэжилтэн “Соёл, урлагийн газрын дарга автомат тоглоомын газруудын эрхийг цуцалчихсан. Хэрэв өнөөдөр ийм газар ажиллаж байвал зөвшөөрөлгүй гэсэн үг. Одоо бидний хариуцах ажил биш болсон учир цагдаагийн байгууллага шийднэ” гэв.
Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газар Улаанбаатарт хэрэгтэй байгаа нь үнэн. Гэвч ухаангүй ноён, журам боловсруулсан урагшгүй албатын балгаар мөрийтэй тоглоом хяналтаас гарч, зүй бусаар цэцэглэн хөгжиж буй нь энэ.