Аюулын харанга дэлдэж буй хар тамхи хэмээх бодистой тэмцэх ажил шүүхийн шатанд очоод гацдаг боллоо. Уг нь 2012 онд болсон “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ҮАБЗ-ийн ажлын албанаас гаргасан мэдээллээр өнөөдөр сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн байна.
Энэ тоог та бүхэн сонсоод тийм их гэж үү хэмээн гайхаж байгаа байх. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэдэг. Тэгэхээр 16 мянгаа энэ дөрвөн далд хэрэглэгчээр үржүүлэхээр 64.000 гэсэн тоо харагдаж байна. Энэ бол манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц том тоо гарч ирж байна. Ийм тоо сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй байна” гэж ярьж байв.
Үнэхээр өнөөдөр Монгол Улс цагаан тахлыг хяналтаасаа алдах гээд байна. Ер нь алдчихлаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Яагаад гэхээр хүүхэд залуус шингэрүүлсэн хий үнэрлэсэн, түүндээ хордож амиа алдсан, мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэж байгаад ухаан балартаж гал алдан түлэгдсэн гээд сүүлийн өдрүүдэд цөөнгүй тохиолдол хууль хяналтын байгууллагад бүртгэгдэв. Илэрхий болсон нь л энэ болохоос мэдэгдээгүй өчнөөн олон тохиолдол байгаа нь тодорхой.
Зөвхөн нийслэл, Дархан-Уул, Орхон аймгаар хязгаарлагддаг байсан “инээлгэдэг” өвсөнд донтсон залуусын тоо хүрээгээ тэлж, бусад аймагт ч мансуурсан, хий үнэрлэсэн нөхөд гарах болов. 2012 онд Ерөнхийлөгчийн хэлж, ярьж байсан зүйлсийг шат шатны байгууллагынхан амьдралд хэрэгжүүлэхийн оронд харин ч эсрэгээрээ үл ойшоож, хар тамхичдыг өөгшүүлж байгаа нь харамсалтай.
ХАР ТАМХИТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ БОДЛОГО ХААЧИВ
Хар тамхины дэлхий нийтийг хэрсэн сүлжээ Монголыг тойрон гараагүй, дайран орж ирчихээд байна. Манай улс руу Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины сүлжээнийхэн бараагаа шахдаг гэдэг. Дэлхий дахинаа “Алтан гурвалжин”-гаас гадна “Алтан хавирган сар” (Афганистан, Пакистан, Иран), “Мөнгөн гурвалжин” (Колумб, Болив, Перу, Мексик), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк) гэсэн гэмт бүлэглэлүүд мансууруулах бодис дамжуулан худалддаг. Ази, Африкийг хэрсэн сүлжээнийнхэн Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэхдээ ашигладаг талаар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан судалж тогтоосон байдаг юм билээ.
Монгол Улс уг нь энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэх ёстойг Ерөнхийлөгч зарласан. Тэрбээр “Монгол бол хар тамхитай холбоотой асуудал дээр чанга бодлоготой байх болно. Хар тамхи, мансууруулах бодисын талаар хоёр хөрш маань хатуу бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл бид зөөлөн бодлоготой байвал тэр аюул манайх руу “асгарч” орж ирнэ. Бид тэднээс илүү хатуу бодлого барих учиртай” гэж дээрх уулзалтын үеэр хууль тогтоогчид, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг сууж байхад хэлсэн. Харамсалтай нь өнөөдөр шүүхийнхэн, тэр дундаа давж заалдах болон хяналтын шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдсэн нь цөөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Анхан шатны шүүх ч прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг тэр бүр шийдвэрлэхгүй байгаа юм.
Тухайлбал, олны анхаарал татаж, сүр дуулиан болсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх нэг бус удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Зөвхөн энэ хэргээр тогтохгүй өөр бусад хэргийг ч анхан, давах, хяналтын шатнаас дахин шалгуулахаар мөрдөн байцаах байгууллага руу шилжүүлж байгаа юм.
ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн онд 79 хэрэг, 201 үйлдэлд 169 хүн шалгасан бол, энэ оны нэгдүгээр улиралд 25 хэрэг 81 үйлдэлд 46 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалт явуулсан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхэд хар тамхитай холбоотой ердөө тавхан хэргийн холбогдогч нар гомдол гаргасан байгаа юм. Үүний дөрвийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Зарим хэргийн холбогдогч нь давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргахгүй тохиолдол байдаг. Гэхдээ 100 гаруй хэргийн холбогдогч нараас ердөө тав нь ял шийтгэлтэй эвлэрэхгүй байна гэдэг хачирхалтай.
Эх сурвалжуудын мэдээлснээр Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс хар тамхитай холбоотой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй үндэслэлийг нь цагдаа, прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй шахам. Манайхан ихэнхдээ өмнөд хөршид очиж “мөс” зөөж ирэх болсон. Шүүхүүдийн буцаадаг үндэслэл нь “хилийн чанадад байгаа “мөс” нийлүүлэгчийг нь олж ирсэн цагт хэргийг шийдвэрлэе” гэдэг аж. Манай хууль хяналтын байгууллага хилийн чанадад очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хоёр хөрш иргэнээ манай талд өгөхгүй учраас биелүүлэх боломжгүй шахам зүйл бичиж шүүхээс хэрэг буцааж байгаа нь хар тамхины наймаачдын “толгойг илж” буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй.
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол нь хар тамхины асуудалд орж байгаа хүмүүсийн “толгойг илэх” тухай асуудал байхгүй. Донтсон нэрээр бусдыг уруу татаж байгаа бол гэмт хэрэгтэн гэсэн үг” хэмээсэн. Тэгэхээр шүүх Ерөнхийлөгчийн хар тамхитай тэмцэх байр суурийн эсрэг ажиллаж байна гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй биз. Хар тамхины хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар холбогдогчдыг батлан даалтад гаргах боломж бүрдүүлж өгч буй. Хэрэгт холбогдсон залуусын зарим нь мансууруулах бодисоос хамааралтай болсондоо ч тэр үү, янз бүрийн аргаар дахин олж авч өөр хүмүүстэй нийлэн хэрэглэх, худалдах, худалдан авч байна. Хар тамхины хэрэгт шалгуулж байгаад батлан даалтад гарчихаад дахиад энэ төрлийн хэрэг үйлдсэн тохиолдол нэг бус.
Ерөнхийлөгчийн хэлснээр “чөтгөрийн урилга” тарааж буй ийм залуусын хэргийг шүүх хурдан шийдэхгүй, даврааж байгааг яалтай билээ. “Энэ төрлийн хэрэгт өршөөл байж болохгүй. Тухайн хүн бөх, дуучин, мэргэлдэг гээд ямар ч хүн, хэний ч хүүхэд байж болно. Ийм хэрэгт холбогдсон л бол төрийн өршөөл байхгүй” гэж сануулсаар байтал 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ Өршөөл үзүүлэх тухай хууль баталж, хилээр хар тамхи, галт зэвсэг, химийн хорт бодис оруулж ирсэн этгээдүүдийг өршөөсөн. Энэ хуулийн заалт нь амьдралд хэрэгжиж, монголчуудад хар тамхи нийлүүлэгч 2-3 хүн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдчихөөд байна.
Өнөөдөр шүүгч нарын хэд нь хар тамхи мансууруулах бодисын хор аюулын талаарх сургалтад хамрагдаж, судалж, мэдлэгтэй болсон бэ гэвэл 10 хуруунд багтахаар цөөн. Шүүгч нар ч залуужсан. Тэдэнд хар тамхины хор хөнөөл, төр засгаас барьж буй бодлогын талаар сургалт явуулах боломж хомс. Яагаад гэхээр шүүгчийн хараат бус байдалд хар тамхитай тэмцэх албаныхан нөлөөлөх гээд байна гэж тэд үздэг талаар нэг бус хүн хэлсэн. Тиймээс шүүх энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгдсэн бодлогогүй, төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэлгүй суугаадаа л хар тамхины хэрэгт холбогдогчдын толгойг илж буй болов уу.
ДОНТСОН ӨВЧТӨНҮҮДИЙГ ЭМЧЛЭХ ГАЗАР ХЭРЭГТЭЙ БАЙНА
Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодист донтоно гэдэг архинд донтохоос 60 дахин хүчтэй гэдэг. Манай оронд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар хууль сахиулах, хэрэглэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй, харилцан уялдаа холбоо муутай гэж Гавьяат хуульч С.Жанцан агсан судалгаандаа тулгуурлан дүгнэсэн байсан.
Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” хэмээн тунхагласан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч “Цус ойртолтыг багасгах, архидан согтуурах, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулах”, Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлд согтуурал буюу мансуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй. Ийм этгээдэд шүүх ял ногдуулахын зэрэгцээ энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” хэмээн хуульчилсан байгаа.
Гэтэл өнөөдөр архинд донтогсдыг л эмчлэх төвүүд ажиллаж байна. Мансууруулах бодист донтсон “морфинчдыг” бол эмчлэх арга хэмжээ авч буй. Түүнээс хүчтэй үйлчлэлтэй каннабис, “мөс”, “экстази”, ЛСД гээд бодисууд Монголд орж ирчихсэн, залуус түүнд донтож байгааг эмчилж буй эмнэлэг байхгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн сайд, дарга нартаа бол “Мансуурагчдыг эмчилж чадна” л гэж байгаа байх. Ачир дээрээ тэдэнд хар тамхинд донтож мансуурсан этгээдийг эмчлэх зардал мөнгөнөөс авахуулаад техник тоног төхөөрөмжийн боломж хомс байгаа нь нууц биш. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад лазерийн тоног төхөөрөмжөөр тархин дахь өдөөгч, донтуулагч хэсгийг нь устгадаг болсон гэх юм билээ. Манайд ийм тоног төхөөрөмж ч байхгүй.
Тиймээс зарим хуульч, судлаач нар “Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг арилгах, донтогсдыг эмчлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бүтэц, тогтолцоог боловсронгуй болгож, нэгдсэн удирдлагад байлгах, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр оруулж ирэх, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг тусгайлан сургаж бэлтгэх хэрэгтэй” гэж үздэг. Нээрээ л тэгэхгүй бол хяналтаасаа алдаад байгаа энэ олон залуусын ирээдүй хойч нь бүрхэг байна шүү дээ.