Төрсөн охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Ингээд шүүхээс талийгаач охины төрсөн эцэг болох Т.Цогтыг цагаатгаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Харин хойд эх Г.Маралмааг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болон бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 23 жилийн хорих ял оногдуулсан байна.
Өмнө нь Г.Маралмаад прокурорын газраас 25 жилээр хорих ял эдлүүлэх дүгнэлт үйлдсэн байдаг. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дүгнэлтийг өөрчилж, хоёр жилийн ялыг хөнгөвчилжээ.
Тодруулбал, Г.Маралмаад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Үүнийг мөн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг болгон өөрчилжээ.
Г.Маралмаад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон байна. Мөн түүний цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцжээ.
Үүний зэрэгцээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаагаас 4.646.839 төгрөгийг гаргуулж талийгаач охины төрсөн ээж Б.Өнөржаргалд олгохоор шийдвэрлэсэн байна.
Харин Т.Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ийнхүү 22 жилийн ялаас чөлөөлж, ямар нэгэн төлбөр төлөхгүй гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, Т.Цогтод прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208. 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Цогтыг цагаатгасан байна.
Шүүхийн тогтоолд Г.Цогтыг 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2015 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон болохыг дурджээ. Түүнчлэн хэрэгт холбогдуулан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж, хоёр ширхэг гар утас, нэг ширхэг Сиди-г Г.Цогтод буцаан олгосон байна.