Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Жавахарлал Неру 1947 оны наймдугаар сарын 14-ний үдэш Энэтхэг орон тусгаар тогтносныг дэлхийд зарлан тунхаглахаасаа өмнө Үндэсний ассамблейн индэр дээрээс шинэ улсынхаа нийслэл хотыг ямар байх талаар санал бодлоо хуваалцжээ. Тэрбээр “Эрх чөлөөт Энэтхэгийн иргэн бүр эрхээ эдлэх, сүрлэг өргөө байгуулахыг хүснэ” хэмээсэн байна.
Дели хотын хуучин дүүргүүдэд танхай залуус исламын шашинтнуудын гэр орон руу дайрч, эгэл жирийн хэдэн сая иргэн байр сууцаа орхин дүрвэж, хотын төвөөс хөрөнгөтнүүд дайжиж байв. Харин хотын өмнөд захад байх Могул гүрний үеийн туурь балгас хэдэн мянган цагаач, дүрвэгчийн толгой хоргодох газар болжээ. Тухайн үед “Daily Mirror” сонинд бичсэнээр Дели хот яг л байлдааны талбар шиг байлаа.
Британичууд Энэтхэгийг орхисон явдал тус улсыг хуваагдмал, дотоодын үймээн самуун, шашин хоорондын зөрчилтэй орон болгон хувиргажээ. Шинэ улс байгуулагдахаас өмнө, байгуулсны дараахан зөвхөн 1947 онд гэхэд исламын шашинтай 350 мянга гаруй хүн Делигээс Пакистан руу, бусад шашин номын 500 мянга орчим хүн нутгийн өнцөг булан бүрээс Делид дүрвэж ирэв.
“Түүхэн дэх хамгийн том шилжилт хөдөлгөөн” гэгддэг уг явдал Дели хотыг огт бэлтгэлтгүй байсан өөрчлөлтийн өмнө аваачлаа. Эмх замбараагүй байдлаас болж хотын үйлчилгээний салбар, түүний дотор галт тэрэг, автобусны үйлчилгээ, түргэн тусламж, харилцаа холбоо гээд бүх зүйл зогсонги байдалд оров. Галт тэрэг зогссоноос хотын иргэдийг хоол хүнсээр хангах ч амаргүй болж, улаан буудайн хоёрхон өдрийн нөөцтэй үлджээ.
Гэвч ийм хүнд байдалтай байхад ч Неру болон түүний багийнхан нийслэл хотоо өөрчилнө хэмээн зүтгэлээ. Тэд арваадхан жилийн дотор Энэтхэгийн түүхэн дэх хот байгуулалтын хамгийн эрс шийдэмгий, ядуурал болоод ядуусын хороололгүй нийслэл болно гэсэн үндсэн зорилготой төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна. Гэхдээ уг төлөвлөгөөний гол санаа, хар зураг нь импортын “бүтээгдэхүүн” байжээ. Энэтхэгийн тусгаар тогтнох урт удаан, үймээн самуунтай хэрэг явдлаас холын холд, нарлаг Калифорнийн Беркли хот дахь Фордын сангийн британи, америк зөвлөхүүдээс бүрдэх найман хүн Жагарын орны шинэ нийслэлийн зургийг гаргаж байлаа. Төслийн удирдагч нь Нью-Йоркийн хот төлөвлөгч, уран барилгач Альберт Мэйер байж.
Гэхдээ энэ нь гаднынхан Делийг дахин төлөвлөсөн анхны тохиолдол биш юм. Энэ явдлаас хагас зуун жилийн өмнө, тус хотыг Британийн Раж хэмээгдэх шинэ эзэмшил нутгийн нийслэл болоход Эдвин Лаченс Делийн хот төлөвлөлтийн албаны ерөнхий уран барилгачаар томилогджээ. Тэрбээр хоёрхон сарын дотор хотыг шинэчлэх зураг гаргаж, Делийг европ загварын нийслэл болгохын тулд хэд хэдэн өргөн чөлөө, тэнхлэг бүхий цэцэрлэгийн зам, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулсан нь өөрийнх нь дуртай Парисын Елисейн өргөн чөлөөтэй төстэй байв. Лаченсын өөрчилсөн Делийн энэ хэсгийг хожим Шинэ Дели гэх болжээ.
Фордын сангийн зөвлөл ч мөн ийм маягийн шинэчлэл хийхийг зорьж байв. Тэд Делийг хөгжингүй Энэтхэгийн үлгэр жишээ, загвар хот болгохыг хүсэв. Гэхдээ мастер төлөвлөгөө нь цаасан дээр биелэх аргагүй модернист мөрөөдөл шиг харагдаж байлаа. Зураг төсөлд Делийн зах хязгаараас зургаан хот шинээр “урган”, хотыг хүрээлэх бөгөөд тэдгээр нь тус тусын эдийн засаг, нийгэм, соёлын онцлогтой, мөн хотын төвтэй шууд холбогдоно гэж тусгажээ.
Делийг бүхлээр нь барилгын цэг болгох энэ ажилд хүрэлцэхүйц хөрөнгө мөнгө хотын захиргаанд байсангүй. Төв Засгийн газраас дэмжлэг туслалцаа ирээгүй тул Дели хотын асуудал эрхэлсэн Делийг хөгжүүлэх алба нэртэй байгууллага дээрх төлөвлөгөөг зугуухан, өөрсдийн хүчээр хэрэгжүүлэхээр болж.
Тусгаар тогтнолын дараах жилүүдэд Делид жил бүр 200 мянга гаруй хүн шилжин суух болсон нь анхандаа майхан, овоохой бүхий захын хорооллуудыг үүсгэж, тэдгээр нь яваандаа шавар, модон сууцаар, эцэстээ пукка гэгддэг тоосго, чулуун байшингаар солигдсон байна. Эдгээр нь Делийн хөвөө захыг мөнөөх мастер төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгүй тэлж орхижээ. Дели хот ийнхүү тусгаар тогтнолын дараах хагарал хуваагдлын хот болж, дүрвэгчид хотын иргэд болов. Гэсэн ч Делийг хөгжүүлэх алба тэднийг одоо ч албан ёсны оршин суугч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хотын нутаг дэвсгэрийг нийтийн өмч хэмээн үздэгээс дээрх шилжин суугчдыг хууль зөрчсөн дүрвэгчид гэдэг бөгөөд хотын захиргаа хүссэн үедээ тэднийг газар чөлөөлөх нэрээр орон гэрээс нь албадан нүүлгэх эрхтэй. Хууль бусаар шилжин суугчид газар эзэмшихийн тулд өргөдөл гаргаж болох ч хууль ёсны суугч болох явц лавтай арваад жил үргэлжилдэг гэнэ.
Гэтэл Делийн хот төлөвлөгчид одоо хүртэл Фордын сангийнхны гаргасан мастер төлөвлөгөөг дагасан хэвээр байна. Иргэд болоод мэргэжилтнүүдийн хэлэх нь тэрхүү төлөвлөгөөний дараах хотын анхны дахин төлөвлөлтийн зураг 30 жилийн дараа буюу 1970- аад оны сүүлээр батлагдсан нь Делийн өнгө төрх засагдаагүйн гол шалтгаан аж. Хэчнээн сайн байгаад ч аливаа хотыг бүтэн 30 жил нэг янзаар нь байлгах төлөвлөгөө гэж ер байхгүй талаар судлаачид онцолж байна. Тиймээс ч Делийн 18 сая иргэний тэн хагас нь дээрх өргөжин тэлсэн хотын захын хорооллуудад хууль бус байр сууцанд амьдарч буй биз ээ.
Орчин цагийн Дели бол агуу санаархал, өчүүхэн үйлдэл гэсэн эрс тэс заагаас төрсөн хот юм. Мастер төлөвлөгөөг нь зохиогчид хөгжингүй, барууны хэв маягтай хотыг төсөөлсөн ч хотын жинхэнэ иргэд хууль ёсны оршин суух эрхгүй байгаа нь, хот тодорхой төлөвлөлтгүй болсон нь тэдний мөрөөдөл огт биелээгүйг харуулна.