Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Хирошимагийн иргэд хотынхоо аль нэг газрыг заахдаа “Тэндээс 1.5 км-ийн зайд”, “Тэндээс хойш 500 метр” гэхчилэн ярьдаг. “Тэнд” гэсэн учир битүүлэг үгийг тайлах шаардлага энд үгүй. Олон үгээр тайлбарлах хэрэггүй тэр газар нь дэлхийн анхны цөмийн халдлагын төв цэг юм. Энэ цэг дээр 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 08.15 цагт Америкийн B-29 бөмбөгдөгч онгоц “Жаалхүү” хэмээгдсэн 16 килотонны хүчтэй цөмийн бөмбөг хаясан билээ. Бөмбөг унаснаас минут хүрэхгүй хугацааны дараа хотын Шима эмнэлгийн дээр үлэмж хэмжээний дэлбэрэлт болж, 440 метр секундын хурдтай салхи Хирошима хотыг бүхэлд нь “арчаад” өнгөрчээ. Харин хагас цагийн дараа гэхэд дэлбэрэлт болсон цэгээс хааш хааш хоёр км зай доторх юм бүхэн газартай тэгширч, галт шуурганд өртсөн байлаа. Хотын 76 мянган барилга байгууламжийн 90 хувь нь сүйдэж, ашиглагдахуйц гэгдэж байсан 33 сая ам метр газрын 40 хувь нь үнс нурам болжээ.
Цөмийн бөмбөгөнд өртсөн хот танигдахын аргагүй болов. Ердөө өмнөх өдөр нь цэргийн том хот, нийтийн тээврийн зангилаа бүс байсан Хирошима хэдхэн хормын дотор балгас болж, амь тасрах нь тэр. Модон байшин барилгууд нь галт шуурганд шатаж үгүй болсон бол хотын доторх гол горхи амьсгал хураахаасаа өмнө ус уухаар амь тэмцэн байсан хэдэн зуун хүний цогцсоор дүүрчээ. Цементэн хавтангаар барьсан хэдхэн байшинг эс тооцвол Хирошима хотоос юу ч үлдсэнгүй.
Халдлага болсны дараа өдөр найман настай Кэйко Огүра охин ойролцоох толгодын дээрээс төрөлх хотоо хараад нүдэндээ ч итгээгүй гэдэг. Өдгөө 79 настай тэрбээр арьс, мах нь яснаас нь ховхрон унах, өмссөн хувцас нь арьснаас нь ялгагдахгүй болтол биед нь наалдсан хүмүүсийн амь тэмцэн байхыг нүдээрээ харжээ. Тэрбээр ганц дэлбэрэлтээс болж бүхэл бүтэн хот яаж ингэтлээ өөрчлөгдсөнийг бодоод бодоод ойлгоогүй гэнэ. Энэ тал дээр Огүра ганцаараа биш байлаа. Халдлагаас эсэн мэнд үлдэгсэд ч, хормын дотор амь үрэгдсэн хохирогчид ч чухам юу болоод өнгөрснийг ойлгож ухаараагүй байна. Хирошимагийн иргэд дэлхийн түүхэн дэх цөмийн бөмбөгийн анхны халдлагын хохирогч болсноо хэдэн өдрийн дараа л мэджээ. Дэлбэрэлтэд Хирошимагийн 420 мянган иргэний 80 мянга гаруй нь агшин зуурт амиа алдсан бол 1945 оны сүүлч гэхэд энэ тоо 141 мянга давсан байлаа.
Хэдий итгэмээргүй санагдах ч хотын сэргээн босголт дэлбэрэлтээс хэдхэн цагийн дараа эхэлжээ. Хотын Үжина хороолол болон Хирошимагийн төмөр замын төв буудлын ойр орчим ердөө дараа өдөр нь буюу наймдугаар сарын 7-нд гэрэл цахилгаантай болсон бол галт шуурганд өртөлгүй үлдсэн айл өрхүүдийн 30 хувь нь арваннэгдүгээр сар гэхэд төвийн цахилгаантай холбогдсон байв. Хирошимагийн Энхтайвны хүрээлэнд буй мэдээллээр бол дэлбэрэлтээс ердөө дөрөв хоногийн дараа хотын ус сувгийн хоолойнууд засагдаж, хэдий бүх ажилтан нь амь үрэгдсэн байсан ч хотын харилцаа холбооны түр утаснууд наймдугаар сарын 14 гэхэд ажиллаж эхэлжээ.
Японы Үндэсний банкны Хирошима дахь салбарын 18, хотын Санхүүгийн хорооны 12 ажилтан мөн амиа алдсан ч банкны үйл ажиллагаа хоёр хоногийн дараа гэхэд сэргэж, байргүй болсон бусад 11 жижиг банкны хамт гадаа зассан шүхэртэй ширээн дээр ил задгай ажиллах болов. Хотын трамбайн үйлчилгээг ч мөн наймдугаар сарын 9 гэхэд хэсэгчлэн ашиглалтад орууллаа. Хот руу хүн хүч, хэрэглээний зүйлс, тусламжийн хүнс нэвтрүүлэх нэн шаардлагатай байсан тул Үжинагийн төмөр зам нээгдсэний дараа өдөр буюу наймдугаар сарын 8-нд Хирошима-Иокогавагийн хоорондох Санёогийн замыг ашиглаж эхлэв. Харин хотын Хигаши цагдаагийн газар хэдийгээр төв цэгээс хоёр км доторх зайд байсан ч мужийн захиргааны шийдвэрээр эрэл хайгуул, тусламжийн баг төвлөрсөн байгууллага болж, наймдугаар сарын сүүлчээр үүдээ нээсэн байна.
Түүхчдийн үздэгээр гайхмаар хурдтай явагдсан энэхүү сэргээн босголт нь төр захиргааны гэхээсээ ард иргэдийн, сайн дурынхны хичээл зүтгэл байлаа. Хирошимагийн Хотын дээд сургуульд жинхэнэ профессороор ажиллаж байсан түүхч Юүки Танакагийн хэлснээр тэр үед Фүчү, Күрэ зэрэг ойролцоох хот тосгон, бүр Ямагүчигаас хүртэл тусламж ирж байжээ. Үүнийг 2011 онд болсон Тохокүгийн газар хөдлөлтийн дараа гамшигт өртсөн бүс рүү Японы өнцөг булан бүрээс аврагчид, энгийн иргэдийн тусламжийн бараа тасралтгүй цувж байсантай адилтгаж болох юм.
Цөмийн бөмбөгдөлтөөс хэдэн долоо хоногийн дараа, есдүгээр сарын 17-нд Макүразаки нэртэй далайн хар шуурга Хирошимаг нэмж сүйтгэсэн байна. Шуурганаас болж хотын нэлээд хэсэг үерт автаж, хэд хэдэн түр эмнэлэг нурж сүйдсэн ч цөмийн дэлбэрэлтээс үлдсэн цацраг идэвхт бодисыг угааж, тэнгис рүү хөөж өгсөн нь сайн хэрэг болжээ. Гэвч амьд үлдэгсдийн хувьд байдал улам хэцүүдэв. Хирошимагийн захирагч Сэнкичи Аваяа дэлбэрэлтэд амь үрэгдсэн тул хот удирдагчгүй болоод байлаа. Нийтийн үйлчилгээний салбарын хэдэн мянган ажилтан ч мөн амь үрэгджээ. Наймдугаар сарын 5-ны байдлаар Хирошимад төрийн 1000 орчим албан хаагч ажиллаж байсан бол дараа өдөр нь ердөө 80 нь ажилдаа ирсэн байна.
Түүхч Танакагийн өгүүлснээр тэд л түргэн тусламжийн цэг байгуулах, хүнсний хангамжийг зохицуулах, амь үрэгдэгсдийн цогцсыг цуглуулах, чандарлах зэрэг юун түрүүнд хийвэл зохих ажлын голыг нугалжээ. Тэрхүү 80 хүний удирдан зохион байгуулсан ажлууд хэчнээн хүнд хүчир байсныг ойлгохын тулд цөмийн дэлбэрэлтийн дараа Хирошима ямархуу байр байдалтай үлдэж хоцорсноос харж болно. Хотын 16 их эмнэлгийн 14 нь юу ч үгүй болж, 298 эмчийн 270, 1780 сувилагчийн 1654 нь амь эрсэдсэн байлаа.
Америк цэргүүд 1946 онд Хирошимад ирсэн бөгөөд ойролцоох Күрэ хотод төвлөрсөн Британийн Хамтын нөхөрлөлийн тусгай хүчин хотыг удирдах болов. Харин Хирошимагийн Энхтайван, хүндэтгэлийн музейн мэргэжилтэн Ариюүки Фүкүшимагийн хэлснээр гадаад цэргүүдийн сэргээн босголтод оролцсон тухай баримт сэлт тун ховор байдаг гэнэ. Гэхдээ тэд тусламжийн бараа тасрахгүй байхад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй маргах аргагүй юм.
Америкчууд Хирошимаг бөмбөгдсөнд тодорхой хэдэн учир шалтгаан байв. 1500-гаад оны сүүлчээр бэхлэлтийн цайз хэрэм бүхий жижигхэн суурин маягаар байгуулагдсан уг хот XIX зууны эцэс гэхэд бүс нутгийнхаа цэргийн хүч төвлөрсөн гол цэг, Японы эзэнт гүрний зэвсэгт хүчний гарнизон байрласан хот болжээ. Тиймээс дэлхийн II дайны үед Японы Ази, Номхон далайн бүсэд явуулах цэргийн ажиллагааг тэтгэж, цэргүүдийн хангамжийг нийлүүлдэг гол хот байж.
Харин Хирошимаг юу ч үгүй болтлоо сүйдсэний дараа өөр нэг дайн хотын эдийн засгийг дахин хөл дээр нь босгосон байна. Тэр бол Солонгосын хойгт дэгдсэн зэвсэгт зөрчил байлаа. Тэр үед суудлын жижиг тэргээс эхлээд лаазалсан хоол хүнс хүртэл төрөл бүрийн бүтээгдэхүүн эрэлттэй байснаас Японы орон нутгийн үйлдвэрлэгчид, тэр дундаа сэргээн босголт нь ид дундаа байсан Хирошима, Нагасаки хотынхон тун ашигтай ажиллажээ. Хирошимагийн эдийн засгийн хоёр дахь гэнэтийн өсөлт 1952 онд буюу Холбоотны хүчин Японы хөлөг онгоцны үйлдвэрлэлд тавьсан хоригоо цуцалсны дараа тохиосон байна.
Орон нутгийн “Чүгокү Шимбүн” сониноос 1946 онд уншигчдын дунд явуулсан уралдааны ялагч Санкичи Тогэгийн санал болгосон хотын нэг хэсгийг цөмийн бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалд зориулна гэсэн шийдэл Хирошимагийн шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн гол өөрчлөлтийн нэг болжээ. Энхтайванч үзэлт, яруу найрагч, цөмийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүсийн нэг болох Тогэ дурсгалын цогцолборыг номын сан, музейтэй, олон хүний эвлэлдэн нэгдэж, даян дэлхийн энхтайвны талаар хэлэлцэх тусгай том танхимтай газар болгохыг зорьсон байна. Тэрбээр мөн шинэ Хирошимагийн нутаг дэвсгэрийн 40 хувийг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ.
Хотын захиргаа Тогэгийн төслийг дэмжсэн ч санхүүгийн чадамжгүй байснаас хэрэгжилт нь удааширсан байна. Цөмийн халдлагын өмнөх үетэй харьцуулахад татвараас бүрдүүлэх хотын орлого 80 хувиар буураад байж. Харин Японы улстөрчид 1949 онд Хирошимаг онцгой газар хэмээн үзэж, Энхтайвны төлөө хот болгосноор хотыг хөгжүүлэх тухай хууль батлав. Уг хуулийн нэгдүгээр зүйлийн нэгдүгээр заалтад “Хирошима нь хүн төрөлхтний энхийг эрхэмлэх үзлийг бэлгэдэх хот болно” хэмээн тусгасан байдаг аж.
Хот төлөвлөгчдөд хаалттай байсан санхүүжилт ийнхүү нээгдмэгц төв Засгийн газар ч төрийн болон армийн мэдэлд байсан газрыг үнэгүй ашиглуулахаар болжээ. Дээрх хууль Хирошимагийн сэргээн босголтод чөдөр тушаа болж байсан газар өмчлөл болоод мөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн бол хотын хүн ам өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дайны дараах Японы эдийн засгийн огцом өсөлт байлаа. 1958 он гэхэд Хирошимагийн хүн ам дайны өмнөх тоондоо буюу 410 мянгад хүрчээ.
Эдүгээ Хирошимагийн Энхтайвны дурсгалын хүрээлэн Тогэ болон бусад хот төлөвлөгчийн зураглаж байснаар хотын төмөр замын гол буудлын баруун өмнөд талд онцгой бүсийн үл хөдлөх хөрөнгийн газарт сүндэрлэн байна. Уг хүрээлэнгийн урд биеэр хотын төв рүү шууд хөтлөх 100 метрийн өргөнтэй өргөн чөлөө буй. Уран барилгач Кэнзо Тангэгийн зургаар 1950-иад оны сүүлчээр байгуулсан энэхүү өргөн чөлөө гурван га талбайтай. Музей, хурлын танхим, цөмийн дэлбэрэлтэд амь үрэгдсэн болоод халдлагаас хойш цацраг идэвхт туяаны нөлөөгөөр болон байгалийн жамаар өөд болсон, дэлбэрэлтээс амьд үлдэгсдийн нэрийг мөнхжүүлсэн хөшөө зэргийг агуулдаг. 2015 оны наймдугаар сарын байдлаар энд 297.684 хүний нэр байна.
Хирошимагийн үе үеийн хот төлөвлөгчдөд үргэлж нэг бэрхшээл тулгардаг нь хотын эмгэнэлт түүхийг дайны дараах хөгжил цэцэглэлттэй хамтад нь яаж илэрхийлэх, хотын өнгө төрхөд цөмийн гамшгийн ул мөрийг хэрхэн багтаах вэ гэдэг асуудал юм. Тус хотын Энхтайвны музейн захирал Кэнжи Шигагийн ярьснаар цөмийн халдлагаас үлдсэн биет бүхнийг устгаж үгүй хийхийг хүсэгчид байхад дайны үеийн түүхэн дурсгал бүрийг хадгалж хамгаалах нь зүй гэж үздэг хүмүүс бас бий гэнэ. Үүнээс дүгнэхэд түүхэн бодит явдлыг хүлээн зөвшөөрөх, орчин цагийн шинэ хот байгуулах хоёрын хоорондох тэнцвэрийг олно гэдэг Хирошимад одоо ч амаргүй, эмзэг сэдэв болох нь илэрхий байна.
Удтал маргаан дагуулсны эцэст Хирошимагийн бүс нутгийн үйлдвэрлэлийг дэмжих танхимын барилга буюу өдгөө Цөмийн бөмбөгийн бөмбөгөр оройт нэрээрээ илүү танил болсон байгууламжийг албаныхан 1960-аад оны дунд үед хамгаалахаар болжээ. Уг барилга түүхэн чухал ач холбогдолтой гэгдэн 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийд өвд бүртгэгдсэн байна. Эдүгээ энэ байгууламж хотын Энхтайвны парк, Японы Үндэсний банкны Хирошима дахь салбарын барилгын хамт цөмийн дэлбэрэлтээс үлдсэн тус хотын уран барилгын тоотой хэдхэн өвийн нэг болжээ. Эдгээрийг эс тооцвол 1.2 сая хүнтэй одоогийн Хирошима Японы бусад хотоос онц гойд ялгагдах юмгүй, жирийн л хот шиг харагдана. Энэ нь цөмийн халдлагаас амьд үлдсэн, өдгөө 80, 90-ээд настай ахмадуудын сэтгэлийг зовоодог. Тэд өөрсөдтэй нь хамт Хирошимагийн түүхийн хар бараан бүхэн, цаашлаад цөмийн эриний эхлэлийг тавьсан аймшигт халдлага мартагдах вий гэхээс эмээж байна. Хирошима, Нагасакийн цөмийн халдлагаас амьд үлдсэн хүнийг японоор хибакүша гэдэг бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр Японы төрд данстай 183.519 хибакүша өдгөө амьд сэрүүн байгаа аж.