Түүхэн дэх хамгийн олон хүний амь аварсан эрхмийг та мэдэх үү? Хэдэн мянга, хэдэн сая ч биш, бүр тэрбум гаруй хүн аварсан гэх энэ хүнийг Норман Борлоуг (1914-2009) гэдэг. Америкийн биологич, агрономич тэрбээр 1970 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн бөгөөд Ногоон хувьсгалыг эхлүүлж, улаан буудайн олон шинэ төрөл зүйлийг бий болгон, дэлхий дахиныг өлсгөлөнгөөс аварсан гавьяатан юм. Чухам түүний ачаар зөвхөн Энэтхэгт гэхэд 200 сая гаруй хүн өлбөрч үхэх аюулаас аврагдсан байна.
2007 оны зургадугаар сарын 8-нд Америкийн PBS телевизийн “Эх дэлхийн өдрүүд” нэвтрүүлэгт өгсөн Норман Борлоугийн ярилцлагыг товчлон хүргэе.
• Сайхан амьдаръя гэвэл хүнд хангалттай хоол хүнс, тав тухтай орон гэр хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ боловсролтой байх нь юу юунаас илүү гэж би боддог. Иргэдийн боловсролтой үгүй нь хүн амын өсөлт, эрүүл ахуй, байгаль орчин гээд юм бүхэнд нөлөөлнө. Боловсрол, мэдлэгтэй хүмүүс л амьжиргаагаа өөд татна.
• Би бага, идэр насаа Америкт, харин түүнээс хойших он жилүүдээ, бараг 60-аад жилийг хөгжиж байгаа болон хөгжил буурай орнуудад өнгөрүүлсний хувьд дэлхийн хэмжээнд хүний амьдрах орчин ахуй сайжирсан гэдгийг баттай хэлнэ. Гэхдээ зарим улс хөгжил дэвшлээс даанч хол байна. Ийм тэнцвэргүй байдал сая сая хүний аминд халтайгаас гадна олон янзын, хэт туйлширсан “-изм”-үүдийг үүсгэх аюултай. Терроризм гэхэд өлсгөлөн, ядуурлын хөрсөн дээр бий болдог. Өлссөн хүн боловсрохгүй. Харин боловсролгүй хүн хэтийдсэн үзэлтэй болох магадлал өндөр.
• Ногоон хувьсгал гэх нэр томъёог АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Уильям Гьод анх гаргасан юм. Тэрбээр 1968 оны гуравдугаар сарын 8-нд зохиогдсон нэг хурлын үеэр хөдөө аж ахуйн хөгжилд анхаарахын чухлыг ярьж байгаад “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтэрч, олон сая хүний амьдралд нөлөөлж эхэллээ. Энэ бол маш том хувьсгал. Гэхдээ хүний цус урсгахгүй учир Улаан биш, Ираны хааны өрнүүлснээс өөр тул Цагаан биш, харин шинжлэх ухаан, технологийн дэвшлийн дүнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх учир Ногоон хувьсгал юм” гэж онцолсон байдаг. Ногоон хувьсгалын гол санаа нь улаан буудайг чанартай, хурдан тарьж боловсруулан, аль болох олон хүнд хүртээмжтэй болгох юм. 1960-аад онд Пакистан, Энэтхэгт, хэдэн жилийн дараа Турк, Иран зэрэг улсад үр өгөөжөө өгсөн энэ хөдөлгөөн уг нь Мексикт эхэлсэн. Рокфеллер сангийн гадаад улсад хэрэгжүүлсэн анхны хөтөлбөрийн хүрээнд тус улсын хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх гэсэн нь ийнхүү өргөн далайцтай ажил эхлүүлсэн хэрэг.
• Хүнс, хөдөө аж ахуйн салбарт Нобелийн шагнал олгодоггүй гэдгийг зарим хүн мэддэггүй. Би Нобелийн шагналыг энхтайвны шугамаар хүртсэн. Энэ шагналыг улстөрчид ихэвчлэн бодлого боловсруулснаараа авдаг шүү дээ. Тиймээс би Нобелийн шагнал гардсаныхаа дараа хүн ам-газар ашиглалт-хүнсний хомсдол гэсэн гинжин хэлхээ бүхий асуудал бэрхшээлийг сайн мэдэхийн хувьд энэ нэр хүндээ ашиглан байгаль орчны талаар олон нийтэд тодорхой, бодит мэдээлэл олгоё, энэ талаарх бодлого ямар байдгийг судалъя гэж зорьсон.
• Хоосон ходоодтой хүмүүс хэзээ ч амар тайван амьдрахгүй. Өлсөж цангасан, эсвэл гэр бүлээ өлбөрч байгааг харсан хүн зүсэм талхны төлөө юу ч хийхээс буцахгүй болдог. Тэгэхээр өлсгөлөн байгаа газарт гуйланчлал, дарангуйлал, дээрэм тонуул, аллага хүчирхийлэл гээд муу муухай бүхэн байна. Үндсэндээ тухайн нийгмийн тогтолцоо бүхэлдээ нуран унана гэсэн үг.
• Амьдрал гэдэг тоглоом төдий юм даа. Олон оролцогчтой, тэднийг нэгэн зэрэг татаж чангаах ёстой, тийм л бэрх тоглоом. Хэрэв хүн бууж өгөн, ганц хором хойш суувал хэзээ ч хүч тэнхээтэй болохгүй. Харин жинхэнэ авьяастай, зориг зүрхтэй хүн бол олон зүйлийн, тэр бүү хэл өрсөлдөгчдийнхөө үзүүр сэжүүрийг цугт нь атгаад байж чадна. Гэхдээ хэдий олон үзүүр атгах гэж шунана, тэднийгээ төдий хурдан алдах эрсдэлтэй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
• Уур амьсгалын өөрчлөлт бол шинэ зүйл биш. Дэлхийн уур амьсгал сая сая жилийн турш өөрчлөгдөн хувьсаж ирсэн. Гэхдээ энэ цаг үеийн өөрчлөлтийг бид хэвийн үзэгдэл гээд хайхрахгүй байж болохгүй. Өмнө нь гариг дэлхий ямар байв, урьдны мөстлөг, мөсөн бүрхэвчийн гэнэтийн хайлалт чухам юунаас болов зэргийг судлах хэрэгтэй. Бүр автомашин үүсэхээс өмнө, үрэлгэн харалган хүмүүс бий болохоос өмнөх үеийн тухай би ярьж байна шүү.