Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Газар гэнэт хүчтэй чичирч, хүүхдүүд анги танхимаасаа үүрээ эвдүүлсэн зөгий адил гарахад сургуулийн гадаах усан сангийн ирмэг хүрээ нүд ирмэхийн зуурт нурж, их хэмжээний ус ойр орчмыг бүрхжээ. Энэ явдал 1931 оны хоёрдугаар сарын 2-нд буюу сурагчид өвлийн амралтаа дуусгаад хичээлдээ орсон анхны өдрийн 10.37 цагт болсон байна. Тэр үед 10 настай Гая Натуш сургуулийн гадаах зам хэрхэн нумарч хотолзон байхыг айх, гайхах зэрэгцэн харж зогссоноо одоо ч тод санадаг. Өдгөө 95 настай тэрбээр багш нар нь гэнэтийн ослын үеэр хэчнээн тайван, шуурхай байсныг дурсаж, тэдний ачаар сургуулийн байрнаас яаран гарснаа ярьж байна. Түүнийг найз нөхдийн хамт сургуулийн гадаа гармагц газар хоёр дахиа хүчтэй чичирхийлжээ.
Хок булангийн газар хөдлөлт нэрээр түүхнээ үлдсэн энэ явдал Шинэ Зеландын түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн, хамгийн их сүйрэл дагуулсан байгалийн гамшиг юм. 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар Нейпир хотын бараг бүх байшин, түүний дотор Английн Эдуард, Жорж хааны үеийн загвар бүхий гоёмсог барилгууд нурж, 256 хүн амиа алдаж, мянга мянган хүн гэмтэж бэртжээ.
Гая Натуш хэд хоногийн дараа уран барилгач аавынхаа хамт гамшигт өртсөн хотын дундуур явахдаа төрөлх Нейпирээ ер таниагүй байна. Тухайн цагийн сэтгүүлч, сурвалжлагчдын бичсэнээр Нейпир газрын зургаас арчигдаж, хот бус, ердөө л оршуулгын газрын үлдэгдэл төдий харагдаж байлаа. Хуучны барилга байгууламжууд үгүй болсноос гадна хот орчмын газрын төрх байдал өөрчлөгдсөнийг Натуш анзаарсан байна.
Хот байсан газрын дэргэд тэнгисээс түрж өндийсөн асар том газар шинээр бий болжээ. Шинэ газрын нийт хэмжээ 2000 гаруй га, дундаж өндөр нь хоёр метр байж. Хүчтэй газар хөдлөлт нэгэн цагт тэнгисийн эрэг хөвөө байсан газрыг алга болгож, гадаргын усыг түрж шахжээ. Балчиг намагтай газрын усыг сорж зайлуулснаар нойтон газрыг хатааж, эргийн хотын нутаг дэвсгэрийг хэд дахин тэлж өгсөн байлаа. Нейпир хотынхон энэхүү өөрчлөлтийг сохорсон биш завшив гэгчээр тун ч үр бүтээлтэйгээр ашиглажээ.
Эдүгээ Нейпирт очсон хэн ч хотыг цоо шинээр сэргээн босгосон нь сайн явдал болсонтой санал нийлнэ. Барилгуудынх нь нүүрэн тал чамин гоё чимэглэлтэй, цайвар өнгөтэй, том нуман хаалгууд нь өргөн, гоёмсог хаяг сэлттэй, цагт цамхаг нь зэсэн, бөмбөгөр оройтой энэ хотын юм бүхэн нь тансаг сайхан харагдана. Хотын МакДональдсын салбар гэхэд үүдэн талдаа хос баганатайгаас харахад Нейпирийг сонгодог загварын хот гэж нэрийдэж болох юм.
Уг хот өдгөө дэлхий дээрх хамгийн гоёмсог, хамгийн олон арт деко загварын барилгууд сүндэрлэжээ.
Газар хөдлөлтийн дараа баригдсан 160 гаруй барилга байшингийн 120-иод нь одоо ч ашиглагдаж буй. Жуулчдын хэлэх нь тэдгээр барилгын дундуур явахад яг л хуучны сонгодог киноны зураг авах талбайд ирсэн шиг сэтгэгдэл төрдөг байж.
Гэр бүл нь дөрвөн үеэрээ Нейпирт аж төрж буй хөтөч Максин Андерсоны хэлснээр жуулчид түүнээс “Их хямралын үед ийм сайхан барилга байшингууд яаж энд баригдав?” гэж асуух нь олон. Тэрхүү өөрчлөлт, их бүтээн байгуулалтын нэлээд хэсгийг Гая Натушийн авга ах Стэнли Натуш үүрч гарчээ.
Тэрбээр 1925 онд Парист болсон Орчин үеийн аж үйлдвэр, загвар чимэглэлийн үзэсгэлэн яармагт оролцсон аж. Мөнхүү үзэсгэлэнгээр шийдмэг бөгөөд энгийн, нийтлэг хэр нь тус тусын онцлогтой, байшингийн нүүрэн талыг онцгойлон чимэглэсэн барилгын загварыг танилцуулсан байдаг. Энэ нь тухайн үедээ өвөрмөцөөс гадна хямд байлаа. Хараахан арт деко гэх нэр зүүгээгүй байсан уг хэв маягийг Стэнли Натуш Нейпирт туршихаар зорьжээ. Харин дээрх газар хөдлөлт түүнд хүсэн хүлээсэн боломжийг нь олгосон байна.
Гамшгаас үүдсэн их сүйрлийн дараа хотын захиргаа “CT Natusch and Sons” тэргүүтэй барилгын таван компанийг сэргээн босголтын ажилд дайчилж, Нейпирийг шинээр бүтээх мастер төлөвлөгөөг нэгэн чигт зангидаж өгчээ. Тухайн цагийн хамгийн нэртэй уран барилгачид болох Фрэнк Лойд Райт, Луи Салливан нарын бүтээлээс санаа авсан, тэдний хэв маягийг агуулсан гоёл чимэглэлтэй барилга байх ёстой байлаа. Мөн испани маягийн, хэт сонгодог, нүсэр хэв шинжээс татгалзсан, шинэлэг, тод өнгө зүстэй байвал зохино гэж албаныхан үзжээ. Энэ нь арт деко урсгалын онцлогтой яв цав нийцэж байв. Гая Натушийн хэлснээр хотыг цоо шинээр барьж байгуулахын тулд бүхнийг урьдынхаас огт өөрөөр бүтээх нь анхнаасаа тодорхой байж. Гэхдээ хотын ерөнхий загвар арт деко урсгалынх болж таарсан нь ердөө тохиолдол байсан гэнэ.
Шинэ Нейпирийг бүтээгчид өөрт ногдсон ажлаасаа илүү ихийг бүтээж, цоо шинэ өнгө төрх бүрдүүлж буйгаа тухайн үедээ огт мэдээгүй байна. Харин олон улсад нүүрлэсэн санхүүгийн хамгийн том хямралын үеэр бүхэл бүтэн хот байгуулах явдал дэлхийн өөр хаа ч байхгүй гэдэг нь тэр цагийн хэн бүхэнд тодорхой байлаа.
Нейпирийг сэргээн босгох явцад Шинэ Зеландын барилгын стандарт бүхлээрээ шинэчлэгдсэн нь мөн содон явдал байв. Тус улсад барилга барихад маш хатуу хяналт шалгалттай, жижиг гэлтгүй байгууламж бүрийг газар хөдлөлтөд тэсвэртэй байхыг шаарддаг нь чухамдаа Нейпирийг сүйтгэсэн гамшгаас улбаатай юм. Бэхэлгээтэй цементэн хавтан үнэ өртгийн хувьд тоосготой ойролцоо тул гамшгаас өмнөх Нейпирт ийм цутгамал хавтангаар барьсан барилга нэлээд хэд байсан нь газар хөдлөлтөд хамгийн бага сүйджээ. Үүнийг анзаарсан албаны хүмүүс шинэ Нейпирийн барилга байгууламжуудыг дан цементэн суурьтай, эсвэл цутгамал хүрээтэй байлгахаар тогтсон байна. Газар хөдлөх үед байшин барилга бүхэлдээ чичирхийлдэг. Харин суурь, хүрээг нь цементээр хийсэн барилгын хүндийн жингийн дийлэнх нь хамгийн доод давхартаа төвлөрдгөөс харьцангуй суурь сайтай байдаг аж. Ийм шалтгаанаар шинэ барилгуудын суурь, бэхэлгээнд илүүтэй анхаарах болсноор орчин цагийн Нейпирийн, ерөөс Хок булангийн байшин байгууламжууд голдуу гурав, дөрвөн давхар болжээ. Өдгөө тус булангийн олон хот сууринд нийтдээ таваас олон давхартай ердөө дөрөвхөн барилга байна. Үүнээс харахад арт деко нь чамин хээнцрээс гадна амьдралд ойр, аюулгүй загварыг чухалчилдаг урсгал юм.
Газар хөдлөлтөөс зургаан сарын дараа Нейпирийн анхны шинэ барилгын шавыг тавьжээ. Тэр нь Стэнли Натушийн “CT Natusch and Sons” компани загварыг нь гаргасан Худалдааны нөөцийн албаны барилга байлаа. Уг барилга томоос гадна өргөн, нуман хэлбэрт цонхтой, тун шинэлэг өнгө төрхтэй байгууламж байв. Эхний барилгын ажил эхэлсний дараахотыг сэргээн босгох ажил эрчээ авчээ. Ердөө хоёр жилийн дараа гэхэд Нейпирийн төв бүхлээрээ ашиглалтад орсон байлаа.
Гая Натушийн хэлснээр энэ нь илбийн мэт өөрчлөлт байж. Гамшгаас өмнө 30-аадхан мянган хүнтэй байсан Нейпир хоёрхон жилийн дотор зүг зүгийн хүн зон холхисон, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт өрнөсөн том хот болжээ.
Хотыг шинээр бүтээгчид өмнө нь огт боломжгүй байсан олон өөрчлөлтийг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, гудамж талбай хавьгүй өргөсөж, өөр өөр хийц загвартай байсан тагтнууд нэг стандарттай болж, гэрэл цахилгаан болон утсан холбооны шугамууд засмал зам дагуу, нүднээс далд бэхлэгдэж, эвдэрч хуучирсан трамбай болоод трамбайн замууд алга болсон бол газар хөдлөлтөөс үлдсэн их хэмжээний нуранги, барилгын хог хаягдал хотын эрэг дагуух шинэ өргөн чөлөөний суурь болжээ. Чухам тэнд хотын шинэ цэцэрлэгт хүрээлэн, газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан цогцолбор зэрэг баригдсан байна.
Газар хөдлөлтөөс болж түр хоргодох байранд шилжин суусан хүмүүс энэ их ажлын дараа эргэн ирээд хотоо огт таниагүй гэдэг. Эмх замбараагүй асан хотын төвийн хуучны сүрлэг байшингуудын оронд тод өнгөтэй, хурц ирмэг хүрээ бүхий, өргөн том атлаа өндөр биш барилгууд сүндэрлэн, хоорондох зай талбай нь өргөсөж, гудамж талбай цэлгэр саруул болсон нь тэднийг бүр алмайруулж орхижээ. Максин Андерсоны дурссанаар түүний ээж, эмээ хоёр тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан талаараа түүнд олонтаа ярьсан агаад ганц тэдний гэр бүлийнхэн ч биш, Нейпирийн иргэн бүр л “Огт өөр газар ирчихлээ” хэмээн уулга алдсан хэмээнэ.
Төрөлх хотоо шинээр хөгжихтэй хамт өсөж өндийсөн Гая Натуш аав, авга нарынхаа адил уран барилгач болжээ. Тэрбээр Нейпирийн олон шинэ барилгын загварыг гаргасан байна. Түүний ярьснаар энгийн, шулуухан хийцийг эрхэмлэдэг арт деко урсгалыг тэр үед талархан хүлээж авах хүн төдий олон байгаагүй аж. Харин 50 жилийн дараа л Нейпирийн иргэд гэнэт нүдээ нээх мэт хотынхоо гоё сайхныг олж харан, зохих хэмжээнд нь үнэлж эхэлжээ.
Хотын Арт деко сангийн ерөнхий менежер Сэлли Жексон үүнтэй санал нэг байна. Хөрөнгө оруулагч, хөгжүүлэгчдийг “үеэ өнгөрөөсөн” арт деко загварын барилгуудыг нураан, оронд нь шил толь болсон, хөнгөн цагаан гадартай, орчин үеийн хэв маяг бүхий оффисын барилгууд барина хэмээн зарласан 1980-аад онд л Нейпирийнхэн хотоо уран барилгын хэчнээн содон өвтэйг ухаарч, тэмцэж эхэлсэн гэнэ. Түүхэн барилгуудыг нураахыг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулбал эхний үед 200-гаад хүн л оролцох байх гэсэн таамаг байтал 1100 гаруй хүн цуглажээ. “Арт деко” сан энэхүү хөдөлгөөний суурин дээр бий болсон байгууллага аж.
Уг сан өдгөө Андерсон нарын хөтөч тайлбарлагчдыг ахалдаг, Нейпир хоттой танилцах хүсэлтэй жуулчдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, жил бүр арт деко урсгалын наадам зохион байгуулдаг. Саяхан 28 дахь удаагаа зохиосон эл наадамд дэлхийн өнцөг булан бүрээс уран барилгач, зураач, хот төлөвлөгч, барилгын инженер, хөрөнгө оруулагч, түүхч, судлаач нийлсэн 40 мянга гаруй хүн иржээ. Өнгөрсөн оны наадам нь Нейпир хотын эдийн засгийн эргэлтэд 11 сая ам.доллар оруулсан байх юм.
Сэлли Жексоны хэлснээр Нейпирийг одоо ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх л дутуу байна. Нью-Йоркийн төв болон Майамийн өмнөд эрэг зэрэг арт деко барилга олонтой бусад газарт очиход цаг үеийнх нь хөгжил цэцэглэлтийн нөлөө харагддаг бол Нейпир их хямралын жилүүдэд баригдаж, санаандгүй шахам энэ урсгалыг илтгэх гол хот болсноороо бусдаас онцгой гэнэ.
“Нейпирт өөр хаа ч байхгүй өнгө төрхөөс гадна уур амьсгал бий” гэж Жексон онцлов. Харин Максим Андерсон хотынхоо дүр байдлыг “Яг л Сэргэн мандалтын үеийг санагдуулам” хэмээгээд Нейпирийнхэн төрөлх хотоороо бахархах, бусдаас ялгарах гэсэн сэтгэл нь чухам эдгээр арт деко барилгаас эхтэй гэлээ.