Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Берлин хотыг Рейхийн мянган жилийн ноёрхлын нийслэл төдийгүй гагц эртний Вавилон, Ром, Египетийн хоттой ижилсэх сүрлэг том газар болгох гэсэн нацистуудын өч төчнөөн оролдлогын ул мөрийг тээн үлдсэн цөөхөн байгууламжийн нэг нь өдгөө тус хотын өмнөд захад оршдог. Энэ бол аварга том, гүйцэд боловсорсон, энд тэндээ хагархайтай франц бяслаг адил харагдах гахиуран (цементэн) бортого юм. Уг байгууламжийн эргэн тойронд эдүгээ тоорын өнгөтэй, орон сууцны навсгар хорооллууд босчээ.
Хигээсээрээ 21 метр, жингээрээ 22 ширхэг “Airbus A-380” онгоц нийлүүлсэнтэй тэнцэх энэхүү нүсэр том цилиндр нь дөрвөн давхар байшинтай дүйцэхүйц бөгөөд газар доорх суурь нь бараг 18 метр өндөр аж. Энэхүү нүсэр том эд хэрэв нацистууд зорьсон бүхнээ биелүүлсэн бол юм бүхэн одоогийнхоос огт өөр байх байсныг шинэ үеийнхэнд сануулах мэт үзэгдэнэ. Уг багана бол баригдаж амжаагүй Германия гэх их хотын умард, өмнөд тэнхлэгийн уулзвар цэг дээр сүндэрлэх байсан Ялалтын хаалга хэмээх үлэмж том байгууламжийн тус бүр нь 120 метр өндөр дөрвөн тулгуурын нэг юм. Үүнтэй адил хэд хэдэн аварга баганын суурийг тавих гэж олон мянган хүн 12 мянга гаруй тонн цементийг 1941 оны турш Берлин хотын намгархаг хөрсөнд цутгажээ.
Энэхүү аварга том бортогыг харахад нацистууд хэрэв Германия хотыг бодож төлөвлөснөөрөө барьсан бол уран барилгын гайхамшгийг цогцлоох байжээ гэж санагдмаар. Харин Берлин хотын түүхч Герлот Шолинскийн хэлснээр энэ нь олны дунд ихээхэн тархсан ташаа ойлголт бөгөөд Германиятай холбоотой бүхнийг эргэн судлахад нацизм нь яг ямархуу дэглэм байсныг огт байгаагүй энэ хотын түүх л дангаараа шахам илтгэдэг гэнэ.
Германияг барьж байгуулах ажил бүр цаасан дээр байхаасаа л олон мянган хүний амийг авч одсон байна. Берлиний ойролцоо байсан бөөнөөр хорих лагериудын хоригдлууд чухам энэ хотыг барихын тулд тоосго хатаах, чулуу бутлах ажилд нухлагдан, эцэстээ хэдэн мянгаараа амиа алджээ. Үүн дээр зөвхөн Берлинд байрлаж байсан 130 мянга гаруй франц голдуу олзлогдогсод нэмэгдэнэ. Шинэ хотын ажилд хүн хүч дутмаг байснаас цагдаа нар 1938 оны зургадугаар сараас эхлэн хөдөлж чадах гуйлгачин, цыган, янхан зуучлагч гээд гудамжаар гэр хийсэн эрэгтэй хүн бүрийг цуглуулсан байна. Нийгмийн хог шаар гэгдсэн олон хүнийг, түүний дотор Берлиний ижил хүйстэнтэйгээ хавьтдаг хэдэн зуун эрийг хүртэл дайчилсан тухай баримт байх юм.
Берлин хотын энгийн иргэд ч дарамт шахалт амсчээ. 1939 оноос эхлэн мянга мянган хүнийг албадан шилжүүлж, шинэ хот барих газар чөлөөлөх нэрээр еврей иргэдийг орон гэрээс нь хөөсөн байна. Тэд эхлээд нийтийн байр, дараа нь зөвхөн еврейчүүдийн суух хаалттай хороолол, эцэстээ бөөнөөр хорих лагерь руу туугдсан билээ. Үүнээс үзвэл, Германия нь Холокост буюу еврейчүүдийг аймаглан устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь нацистуудад ихээхэн тус хүргэжээ.
Гуравдугаар Рейхийн шинэ нийслэл болох байсан Германия хот Адольф Гитлер болоод түүний барилга, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгч Альберт Шпир нарын бүтээл юм. Тэд санаснаа гүйцэлдүүлсэн бол одоогийн Берлин хотын нэлээд хэсэг, түүний дотор зөвхөн иргэдийн байр сууц гэхэд 50-10 мянган байшин барилга үгүй болох байж. Мөн Рейхстаг, Бранденбургийн хаалга зэрэг Берлиний төдийгүй Герман орны бэлгэ тэмдэг болсон олон том байгууламж ч байхгүй болох байлаа.
Гитлер 1926 оноос шинэ хот байгуулахаар төлөвлөсөн гэдэг. Хотын их хаалга гэхэд дэлхийн I дайнд ялагдсан Германы армид зориулагдсан, дайнд амь үрэгдсэн Германы 1.8 сая иргэний нэрийг сийлсэн асар том дурсгал байх учиртай байв. Тэрбээр энэхүү төлөвлөгөөгөө 1936 оны зун Шпирт танилцуулжээ. Харин дараа жил нь буюу засгийн эрхэнд гарсныхаа дөрвөн жилийн ойгоор Гитлер Барилгын ерөнхий газар хэмээх алба байгуулж, Шпирийг тэргүүнээр нь томилсон байна. Уг байгууллага Берлинийг дахин төлөвлөж, хөгжүүлэхийн хамт Гитлерийн Европыг эзлэх аян дайнд тохирох шинэ зохион байгуулалтыг гардан гүйцэтгэх үүрэг хүлээжээ.
Шпирийн төлөвлөснөөр Берлиний төвд умардаас өмнөд рүү чиглэсэн, галт тэрэгний хоёр шинэ буудалтай холбогдох долоон км урт өргөн чөлөө, Ром дахь Гэгээн Петерийн цогчин дуганы бөмбөгөр оройгоос 16 дахин том оройтой, 180 мянган хүний багтаамжтай их танхим, түүнтэй холбогдох их хаалга зэрэг сүрдэм том байгууламжууд баригдах байв. Тэрбээр зураг төсөлдөө мөн их танхим болоод их хаалганы дунд, хотын шинэ тэнхлэг дагуу арилжааны болон иргэний зориулалтаар ашиглах тэгш дөрвөлжин хэлбэртэй нүсэр том барилгууд, дундуур нь олон тооны цэрэг жагсаж болох асар том өргөн чөлөө, хэдэн арван ам метр талбай эзлэх хиймэл нуур, нацизмыг магтан дуулсан хөшөө баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн, тойрог замууд, автомашины зогсоол зэргийг багтаажээ.
Энэ бүхнийг төсөөлөхөд бэрх ч Берлин сэтгэл татам, иргэдийн амьдрах орчин ахуй бүрдсэн газар биш, харин эрх мэдэлтнүүдийн сүр хүчээ гайхуулсан, хүйтэн хөндий, юм бүхэн нь хэт нүсэр, театрчилсан уур амьсгалтай хот болох байсан нь үүнээс харагдана. Уран барилгач, хот төлөвлөгч, түүхчдийн үздэгээр Берлин хот хэрэв Германия болсон бол яг л хар дарсан зүүдний биелэл шиг муухай газар болох байж. Явган хүний замгүй, зам хөндлөн гарахын тулд заавал газар доогуурх гарцаар явдаг, гэрлэн дохио, нийтийн тээвэргүй тийм л хот Шпирийн зургуудаас дүрслэгдэнэ.
Герлот Шаулинскийн тоглоом шоглоом болгон ярьснаар Германы Канцлерийн сууц болох 2001 онд ашиглалтад орсон, дэндүү том хэмээн шүүмжлүүлдэг, шоо дөрвөлжин хэлбэртэйгээсээ болж “угаалгын машин” гэгддэг барилга Германиягийн зураг төсөлд буй Фюрерийн ордонтой харьцуулахад машины гарааш шиг, харин Германы парламентын ордон болох Рейхстаг дэргэд нь үүдний амбаар шиг харагдах гэнэ. Үүнийг үнэн эсэхийг мэдье гэвэл Берлин хотын Олимпын хүрээлэн, Темпльхоф онгоцны буудал, Рейхийн Агаарын тээврийн яамны байр буюу өдгөө Сангийн яам болсон барилга зэргийг сонирхож болох юм. Эдгээр нь нацист маягийн уран барилгын хэв загварыг хадгалж үлдсэн, одоо ч ашиглагдаж буй цөөн хэдэн том байгууламж аж. Харин Германиягаас бүр ч цөөхөн, тоотой хэдхэн биет зүйл үлджээ. Бранденбургийн хаалганы баруун талд байх өргөн чөлөө нь хотын зүүн, баруун талыг холбосон тэнхлэг болох бөгөөд одоо ч Шпирийн загварыг нь гаргасан хос толгойтой гудамжны гэрэлтүүлэгтэй байдаг.
Мөн Ялалтын багана хэмээх аварга том хөшөө дээрх өргөн чөлөөний нөгөө үзүүрт байх нь Германиягийн умард, өмнөд тэнхлэгийн уулзвар дээр сүндэрлэх байсан ч цэрэг армид илүү том талбай хэрэгтэй байснаас Рейхстагийн өмнөх талбайгаас ийш шилжсэн байгууламж аж. Анх 1873 онд Пруссын армийн ялалтыг тэмдэглэн босгосон уг баганыг Гитлерийн тушаалаар улам өндөрсгөж, өргөн болгосон байна. Харин нутгийн өмнөд хэсэгт орших Штуттгарт хотын захад 14 ширхэг хаягдсан багана хэвтээ нь Германияд баригдах байсан Муссолинийн ордны тулгуурууд юм. Эдгээр нь агаарын довтолгооноос болж Берлинд хүргэгдэлгүй байсаар өдгөө асар том хогийн цэг үүсгэжээ.
Гэхдээ эдгээрээс илүү дээрх аварга том бортого л Германия гэх хот ямархуу газар байх байсны хамгийн том сануулга болон үлдсэн байна. 1984 он хүртэл элдэв туршилтын цэг байсан уг байгууламжийг уулын спортын хана, цайны газар, автомашины худалдааны төв зэрэг янз бүрийн газар болгох санал гарсан ч ашиглагдахгүй байсаар өдий хүрчээ. Зарим хүн үүнийг үгүй хийхийг хүсдэг бол, Берлин хот Гитлерийн савраас хэрхэн мултарсныг, нацизмыг дахин яагаад ч мандуулж болохгүйг сануулах анхааруулга болгон яг хэвээр нь хадгалж хамгаалбал зохино гэж үзэх хүмүүс тэднээс олон байна.