Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Адриано Оливетти 1933 онд 32 настайдаа Италийн Ивреа хотын захад, Альпийн нурууны хормой бэлд эцгийнхээ байгуулсан бичгийн машины үйлдвэрийн ерөнхий менежерээр томилогджээ. Тэр үед “Оливетти” үйлдвэр гэр бүлийн жижигхэн бизнес байлаа. Харин дараагийн 30 жилд нь, Адрианогийн удирдлага дор тус компани дэлхийн хэмжээний амжилт олж, Ивреа хот ч цаг үеийнхээ эрчимтэй аж үйлдвэржсэн бусад хоттой харьцуулахад хавьгүй хүнлэг аястай, байгалийн үзэсгэлэн, урлагийн бүтээл цогцолсон гэгдэн олон улсад танигдсан байна.
Адриано Оливетти “Citta dell’Uomo” (Хүмүүний хот) хэмээх номондоо “Соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн агуу, нүднээ хамгийн ил тод ололт бол хотжилт, үйлдвэрлэл болоод тэднийг дагасан гоё сайхан байшингууд юм” хэмээн бичжээ. Мөн Италийн хотууд хэт аминчхан, материаллаг өнгө төрхтэй, ирээдүйг харсан төлөвлөлтгүй баригдаж байна хэмээн шүүмжилсэн байдаг. 1960 оны нэгдүгээр сард, түүнийг өөд болохоос хэдхэн долоо хоногийн өмнө хэвлэгдсэн энэ номын гол санаа нь хот газрыг хүний хөгжилд түшиглэн байгуулах хэрэгтэй, хувийн болоод олон нийтийн амьдрал, ажил болоод ар гэрийн орчин, хэрэглээний болоод үйлдвэрийн ахуй зэрэг нь цөм хоорондоо уялдаа холбоотой байвал зохино гэсэн үзэл юм.
“Хүмүүний хот” ном хэвлэгдэх үед “Оливетти” нь таван улсад үйлдвэртэй, 100 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг том компани болоод байв. Загвар сайтай, сайн чанарын бичгийн машин нь Жон Апдайк, Кормак МакКарти нарын нэртэй зохиолчдын гол хэрэглээ байсан энэ үйлдвэр дэлхийн II дайны дараах Италийн гол нэрийн хуудсын нэг байлаа.
Харин хөдөөний буйдхан суурин байсан Ивреа уг үйлдвэрийг түшиглэн хөгжиж, Италийн аж үйлдвэрлэлийн гол төв болохын хамт улс орны аль л чадалтай инженер, загвар зохион бүтээгч, үйлдвэрийн ажилчдын сэтгэлийг татсан том хот болон хувирчээ. 1950-иад оны сүүлч гэхэд “Оливетти” үйлдвэрт ажиллах 140 гаруй мянган хүний дийлэнх нь тус хотод аж төрж байв. Хотын хүн ам 1930-1960-аад оны хооронд 15 мянгаас 30 мянга болтлоо өссөн бол ойр орчимд нь үүнээс ч олон хүн суурьшжээ. Гэхдээ ийм хурдтай өргөжин тэлсэн гэхэд Ивреа том том байшинтай, зэгэлтсэн саарал үйлдвэрийн барилга байгууламжтай, ердийн нэг уйтгартай хот болсонгүй. Харин авангард хэв шинж бүхий, тод өнгийн байшин барилгатай, тун өвөрмөц хот болон өнгө зассан байна. “Оливетти”-ийн удирдлага Италийн тэргүүлэх зэргийн уран барилгачдаар ажилчдынхаа амьдран суух шинэ дүүрэг, хорооллуудын зураг төслийг гаргуулж, дүр төрхийг нь бүрдүүлсэн агаад гурав, дөрвөн давхар орон сууцны барилгуудын хооронд ногоон байгууламж зайлшгүй байхыг онцгойлон тусгажээ.
Үйлдвэрийн барилгууд нь ч мөн дутахааргүй өнгө үзэмжтэй байхаар төлөвлөгдсөн байна. Адриано Оливеттийн зээ хүү Бениамино де Личуорийн өгүүлснээр өвөө нь үйлдвэрийн ажилчдаа уул толгод, тал хөндийн сайхныг харж, төрөлх нутгаа санадаг байгаасай, мөн үйлдвэрийн доторх орчин гаднаас харагдаж байг гэхдээ дан шилэн барилга бариулахаар шийдсэн аж.
“Оливетти”-ийн ажилчдын цалин хөлс, ажлын орчин тухайн цагийн компаниудынхаас хэдэн хувь илүү байсан тухай “Фиом” гэх үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Федерико Беллоно хэмээх хүн ярьж байна. Оливеттийн шинэ үйлдвэрүүд дотроо цайны газар, амралт, тоглоомын төв, олон арван өрөө тасалгаа, хурлын танхим, кино театр, хэдэн мянган ном, сэтгүүл бүхий номын сантай байлаа. Харин гадаа нь анагаахын сургууль, Ивреагийн анхны нэгдсэн эмнэлэг, ажилчдын хүүхдийн зуслан зэрэг сургалт, үйлчилгээний олон газар байгуулагдав.
Тус компани Ивреа болон ойролцоох суурин, тосгодод нь хэрэгжсэн анхны мастер төлөвлөгөөг санхүүжүүлж, мөн Ивреаг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг албаныхнаар батлуулж авчээ. Тэрхүү зураг төсөлд иргэдийн байр сууц бүхий шинэ бүс байгуулах, тойрог зам тавих, Дора мөрний дээгүүр гүүр барих, ганц цэгтээ бөөгнөрсөн бус, энд, тэнд тархан байрлах, дундаа ногоон байгууламжтай үйлдвэрийн барилгууд барих, хотын түүхийн хэсгийг сэргээн засварлах зэрэг өөрчлөлтийг тусгасан байлаа.
Ивреаг ийн өөрчилсөн нь Адриано Оливеттийн хувьд улс төрд хүч үзэх гэсэн бүр өргөн хүрээтэй зорилго, төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байж. Тэрбээр 1940-өөд оны сүүлчээр Орон нутгийн хөдөлгөөн хэмээх шинэ нам байгуулж, 1956 онд Ивреа хотын захирагчаар томилогдсон байна. Харин хоёр жилийн дараа парламентын гишүүн болжээ. Оливетти Италийн улс төрийг засаг захиргааны жижиг нэгжүүдэд, тэр дундаа 75-150 мянган хүнтэй, өөртөө засах эрхтэй жижиг суурингуудад түшиглэх хэрэгтэй гэж үзэж байв. Тэрбээр дээр дурдсан “Хүмүүний хот” номондоо “Аварга том үйлдвэр, бум бужигнасан хотууд, нэг дороо төвлөрсөн олон түмэн, нийтийг ерөнхийлөн хамаарсан намууд энэ цаг үеийн гол онцлогууд мөн боловч эдгээр нь хэм хэмжээг эрхэмлэсэн, зохист тэнцвэрийг дээдэлсэн, нэг үгээр хэлбэл илүү хүнлэг нийгмийн төлөө зайгаа тавьж өгөх цаг ирнэ” хэмээсэн нь бий.
Адриано Оливеттийг өөд болсны дараа “Оливетти” компани цахилгаан хэрэгслийн салбарт хүч үзэж, тооны машинаас эхлээд дэлхийн анхны хувийн цахим тооцоолуур буюу компьютеруудын нэгийг үйлдвэрлэх болжээ. Тус компани Ивреа хотыг ч мөн өргөтгөн тэлсээр байв. “Оливетти”-ийнхэн 1971 онд нутгийнхны хожмоо Тагнуулчийн нүх хэмээн нэрийдсэн, тун өвөрмөц хийц загвартай, зөвхөн нэг тал нь ил харагдах, дов толгодын дотор бүрнээ багтсан шилэн бөмбөгөр оройтой сууцнууд барьжээ. Тэр жил Ла Серра хэмээх цогцолбор мөн баригдсан нь тус компанийн Ивреагийн төвд босгосон цөөхөн байгууламжийн нэг юм. Тус цогцолбор нь дотроо кино театр, спорт заал, зочид буудал, зоогийн газар зэрэгтэй асар том соёлын төв байлаа. Их бие нь ган саарал, ирмэг хүрээ, чимэглэл сэлт нь тод шар өнгөтэй уг барилга аварга том бичгийн машин шиг харагдах бөгөөд зочид буудлынх нь өрөөнүүд үүр адил урагш түрж гарсан нь бичгийн машины товчлуур адил үзэгддэг байсан гэдэг.
“Оливетти” үйлдвэрт 1982 онд ажилд орсон Кадижия Перини гэх хүний ярьснаар Ивреаг ид өргөжин тэлж ахуйд хотын барилга бүр хүнтэй, өрөө бүр нь эд агуурс, хогшил тавилгатай байжээ. Тэрбээр тус компанийн 1960-аад оны сүүлчээр барьсан Беллависта хороололд амьдарч байсан агаад Италийн тухайн цагийн томоохон хотууд, Турин зэрэг хотуудын хамгийн хөгжилтэй хэсэг ч Ивреагийн дэргэд өнгө үзэмж муутай харагддаг байсан тухай дурсаж байна. Тэдгээр хотод нэг нь нөгөөгөөсөө үл ялгагдах өндөр, хавтгай том том барилгууд л байсан бол Ивреад хамгийн өндөр барилга нь гэхэд дөрвөн давхар, дундаа цэцэрлэгт хүрээлэнтэй өргөн чөлөөнүүд, зам хооронд нь модот төгөл, спортын талбай зэрэг байжээ.
“Оливетти” компани 1990-ээд онд цахилгаан бараа, компьютерын талбараас харилцаа холбооны салбар руу шилжжээ. Харин дараах хэдхэн жилд нь тус компанийг хэсэгчлэн хувааж, зарим салбар нь шинэ эзэдтэй болсноор хэдэн мянган хүн ажилгүй болсон байна. Эдүгээ Ивреагийн хаа сайгүй “Худалдана” гэсэн зар харагдана. “Оливетти”-ийнхний барьсан хамгийн том, хамгийн өнгө үзэмжтэй, содон загвартай барилгуудын нэлээд нь, түүн дотор Ла Серра цогцолбор ч өдгөө хоосон хөндий байшин болж, ашиглагдахааргүй болжээ. Тус компани IT үйлчилгээ үзүүлдэг, таблет зардаг “Telecom Italia” группийн нэг хэсэг болсон бөгөөд 2014 оны мэдээгээр 582-хон ажилтантай, ердөө 230 сая еврогоор үнэлэгдэхүйц болон жижгэрсэн аж.
Харин Ивреа хотынхон “Оливетти”-ийн энэхүү уруудал доройтолтой одоо ч эвлэрч чадахгүй байна. Перинийн хэлснээр тус компанийн албан байр, үйлдвэрүүд хаагдаад 20 гаруй жил өнгөрөөд байхад ч Ивреагийн иргэд энэхүү өөрчлөлтөд дасан зохицохгүй байгаа гэнэ. Хотын Архивын газрын дарга Антонио Перацца уг хувирлын тухайд “Ивреа хот хэний ч мэдэхгүй жижигхэн суурингаас Италийн аж үйлдвэрлэлийн эриний цохилох зүрх нь болж, эцэстээ буцаад хөдөөгийн буйдхан газар боллоо” хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр 1980-аад онд “Оливетти”-д ажиллаж байсан бөгөөд тухайн цагийн Ивреаг соёлын хувьд тун идэвхтэй, Италийн төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс залуус цугласан, амьд халуун уур амьсгалтай хот байсныг дурсчээ. Чухам тэр үеийг нь мөнхжүүлэхийн тулд НҮБ өдгөө Ивреа хотыг Дэлхийн өвд бүртгэн, түүх соёлыг нь хамгаалах талаар хэлэлцэж байгаа аж. Тус хотын одоогийн удирдлагаас ЮНЕСКО-д өргөн барьсан албан хүсэлтэд тодорхойлсноор Ивреа нь 1930-1960-аад онд цаг үеийнхээ бусад аж үйлдвэржсэн хот сууринд үлгэр жишээ болохуйц, тун өвөрмөц өнгө төрх бүхий, нийгмийн анги давхарга хоорондын зохирол нийцлийг тодотгосон хот байсны учир бүх дэлхийн өв хэмээгдэн танигдах учиртай гэнэ.