Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Ибрагим Ахметзяновыг 1931 оны долдугаар сард эхнэр, найман хүүхдийн хамт Магнитогор хотод хүрэхэд дүнсгэр, уйтай орчин угтжээ. Соронзон уул гэсэн утгатай нэртэй эл хот урц овоохой, умгар хэдэн байшин ширүүн салхинд нүдүүлсэн хахир хүйтэн нуга хөндийд байх агаад цаахнатай нь төмрийн хүдрээр дүүрэн мөнөөх Соронзон уул дүнхийн байлаа. Уулын ойролцоо луужингийн зүү гажиж, дэргэдүүр нь шувуу ч нисдэггүй нь их хэмжээний хүдэртэй холбоотой байж. Энэхүү уулаас Урал мөрний бэлчир хүртэлх өргөн уудам нутагт эгэл жирийн ажилчид Зөвлөлтийн таван жилийн төлөвлөгөөний гол ажил болох Сталины нэрэмжит Магнитогорын металлургийн цогцолбор буюу дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрийг байгуулжээ. Магнитогорын анхны “барилгачид”-ыг дуу, шүлэг, кинонд магтан дуулсан байдаг нь үзэл сурталжсан ухуулга төдий байв. Албаныхан барилгачдыг залуу коммунист сайн дурынхан, Комсомолын гишүүд гэх ч угтаа Ахметзянов нарын хүмүүс тэнд сайн дураар очоогүй байна. Тэрбээр Татарстан дахь газраа коммунистуудад алдаж, Магнитогорыг тойрсон төмөр утас бүхий харуул хамгаалалттай хашаа хороон доторх нийтийн байранд суухаас аргагүй болсон, нутаг заагдсан нэгэн байж. Түүн шиг хэдэн мянган хүнийг хүчээр дайчилсан тулдаа Магнитогорын гангийн үйлдвэр санаанд багтамгүй хурдаар босчээ.
Тэдгээр ажилчин намар цагт майханд, өвөл, зун нь шороон шалтай жижиг, тоосгон байшинд суудаг байв. Тэдэнд наад захын хэрэглээний зүйл байсангүй, эрүүл мэндийн үйлчилгээ ч хүрдэггүй.
Саяхан тэдний тухай ном хэвлүүлсэн, Ахметзяновын ач хүү, түүхч Салават Ахметзяновын хэлснээр үйлдвэрийг байгуулах эхний таван жилд 10 мянга гаруй хүн өлсгөлөн, халдварт өвчнөөр нас баржээ. Амиа алдсан олон хүний дунд Ибрагим Ахметзяновын хүү, охин хоёр ч байлаа. Салават Ахметзянов “Магнитогорт шилжин суусан хэдэн мянган хүний түүх одоо нэгэнт мартагджээ. Дэлхийн II дайны тухай ярихдаа бид амь эрсэдсэн хүмүүсийн талаар болон ухарч буцсан явдлуудаа хүртэл дурсдаг. Харин 1930-аад оны үеийн хэрэг явдлыг сөхөхдөө яагаад ч юм болгоомжилдог” хэмээжээ.
“Эх нутгийн ган зүрх” гэгдсэн Магнитогор одоо ч өнгөрсөн түүхийнхээ хар бараан сүүдрээс гарах гэж тэмцэж байна. Тэр нь зөвхөн үйлдвэрийг бүтээн байгуулах үеийн албадан хөдөлмөр бус, харин хэдэн арван жилийн үйлдвэрийн хог хаягдал хотын ус, агаарыг бохирдуулсан явдал юм. Гэвч хувьд шилжсэн одоогийн Магнитогорын төмөр, гангийн үйлдвэр (MMK)-ийн удирдлагаас энэ талаар олон зүйл асууж шалгаах аргагүй. Хотын 400 мянган оршин суугчийн 30 мянга гаруй нь одоо ч тус үйлдвэрт ажилладаг бөгөөд албаны хүмүүсийн хэлэх нь тус хотод ажилгүйдлийн түвшин ердөө 1.4 хувь байдаг гэх. Үүнийг баттай, үгүйг тогтоох, үйлдвэрийн хаягдлыг хэрхэн боловсруулдаг талаар бодитой мэдээлэл олж авах ямар ч арга байдаггүй талаар хараат бус шинжээчид хэлж байна.
Магнитогор нь Оросын тал нутгийн хойд хязгаарт, барууншаа Ижил мөрөн рүү, зүүнтээ ойролцоох Казахстаны нутаг руу сунан тогтсон хөндийд байрладаг. Тэндхийн хэдэн мянган хүн ажилдаа явах гэж өдөр бүр Европоос Ази руу нэвтрэх агаад ажилчдын суурин нь Урал мөрний баруун талд, харин гангийн үйлдвэр зүүн талд нь байдаг аж.
Нутгийн казази иргэд одоогийн Магнитогор орчим 1743 онд цайз хэрэм босгож байсныг эс тооцвол тэр хавийн нутаг их бүтээн байгуулалтын жил хэмээгддэг 1929 оныг хүртэл хүний хөл хүрээгүй газар байжээ. Харин тэр жил большевикууд ЗХУ-ыг аж үйлдвэрлэлийн эринд хөтлөхөө мэдэгдэж, анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө зарласан байна. Сталин удалгүй улс гүрнээ төмөрлөгийн орон болгоно хэмээсэн бол тэр их металлыг зөвхөн Магнитогор л боловсруулж байлаа. Түүхч Стивен Коткин “Соронзон уул” номондоо Магнитогорын гангийн үйлдвэр болон түүнийг түшсэн хот байгуулсан явдал нь бизнесийн өчүүхэн ч болов ашиг хонжоо хараагүй, гагц улс орны өөрчлөлт шинэчлэлийн илэрхийлэл, бэлгэдэл байх бүтээн байгуулалтыг цогцоор нь буй болгох зорилготой байсан гэжээ. “Магнитогор нь Октябрийн болон социалист хувьсгал, мөн Сталины хувьсгал гэсэн гурван том өөрчлөлтийн бодит биелэл байлаа” хэмээн тэрбээр бичсэн байна.
Харин хамгийн хачирхалтай нь, зөвлөлтийнхөн социалист хувьсгалын гол бэлгэ тэмдгээ капиталист өрсөлдөгчийнхөө тусламжтайгаар бүтээжээ. ЗХУ-ын албаныхан 1930 онд Америкийн “Arthur McKee & Co” компанийг хөлсөлж, гангийн шинэ үйлдвэрийнхээ загварыг гаргуулан, залуу инженерүүдээ сургасан байна. Зарим түүхчийн үздэгээр тэрхүү үйлдвэрийг Америкийн Индиана мужийн Гэри хот дахь “US steel” буюу тухайн цагийн дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрийн загвараар барьжээ.
Ашиглалтад орох хугацаа нь дэндүү давчуу байснаас үйлдвэрийн барилгыг барих ажил эхэндээ эмх замбараагүй, үймээн бужигнаантай байж. Тэр үеийн Магнитогорынхон туршлагатай, мэргэшсэн ажилчид дутмаг, үйлдвэрлэлийн осол аюул их, дэд бүтэц огтоос хөгжөөгүй орчинд ажиллаж байлаа. Тус хотод “тусгай суугчид”-ын түрүүч 1931 оны тавдугаар сард иржээ. Түүхчдийн үздэгээр өмч хөрөнгөө хураалгасан 40-өөд мянган тариачин Челябинск руу цөлөгдсөнөөс олонх нь татарууд байсан. Тэдний мөн олонх нь Магнитогорт шилжин суусан байна. Дээр дурдсанаар тэд Александр Сольженицын “Гулаг олтриг” номондоо дүрсэлсэнтэй төстэй, харуул хамгаалалттай, бөөнөөр хорих лагерь шиг нийтийн байранд хуарагнан амьдрах болжээ. Тэдэн дээр улс төрийн бус хэргээр ял сонссон 26 мянга гаруй хүн 1933 оны сүүлч гэхэд нэмэгдсэн байлаа.
Иргэдийн амьдрал туйлын хүнд, ялангуяа хүүхэд, хөгшчүүд өдөр өнжилгүй үхэж байсан тухай Салават Ахметзянов ярьж байна. 1931 оны өвөл гэхэд хотын захиргаанаас айлуудаар яван, өдөр бүр цогцос бий, эсэхийг асуух тусгай тэрэгчин гаргах хүртэл байдал хүндэрчээ. Хотын “тусгай суугчид”-ын үр хойч, түүхч, судлаачдад буй мэдээгээр бол тэрэгчний модон чарга нэг ч өдөр хоосон буцдаггүй байв. Харин Магнитогорын Коммунист намын өндөр дээд албан тушаалтнууд америк мэргэжилтнүүдэд зориулан 1930 онд барьсан “Америк суурин” хэмээгдэх дүнзэн байшингуудад сууж байлаа. Тэр нь иргэдийн байр савтай харьцуулахад тансаг зэрэглэлийнх байж. Гэвч энэ бүхнийг Магнитогорынхон мэддэг атлаа одоо ч тэр бүр ам нээдэггүй. Өнөөдөр ч MMK-ийн цахим хуудасны түүхийн хэсэг дээр албадан хөдөлмөрийн талаар нэг ч үг байдаггүй аж.
Албаныхан хэдийгээр үйлдвэр дэх албадан хөдөлмөрийн талаар дурсдаггүй ч Магнитогорыг цаг үеийнхээ, дэлхий дээрх анхны бүрэн гүйцэд төлөвлөгдсөн хот болох байсан атал бүтээгүй тухай нь нууж хаадаггүй. Москвагийн албаныхан 1930 оны эхээр Германы уран барилгач, Франкфурт хотод яг ижил загварын орон сууцны хороолол барьснаараа алдаршсан Эрнст Мэеэс тусламж хүсчээ. Мэе орон сууцны болон үйлдвэрийн барилгуудыг ногоон байгууламжаар тусгаарлан, өөрийнх нь нэрлэснээр хэдэн давхар ногоон бүслүүр бүхий хот байгуулахаар төлөвлөсөн ч түүнийг 1930 оны аравдугаар сард Магнитогорт ирэхэд газар орон нь төлөвлөгөөнд нь үл нийцсэнээс гадна орон нутгийн удирдлага аль хэдийнэ шинэ хотын барилгын ажлыг эхлээд байлаа.
Тиймээс Эрнст Мэе үйлдвэрийн урд талд гурав, дөрвөн давхар, тэгш дөрвөлжин хэлбэртэй орон сууцны супер блок гэгдэх хорооллууд бүхий Соцгород буюу социалист хот гэгдсэн дагуул хот байгуулжээ. Гэвч иргэн бүрт гэрэл гэгээтэй орчин бэлдэх гэсэн санаа нь нутаг орны байр байдал, хахир хүйтэн уур амьсгалтай нийцээгүй байна. Орон сууцны айл бүрийг наран талдаа цонхтой байлгах гэсэн нь байрны чанарт хожмоо нөлөөлсөн ч дараахан нь баригдсан цутгамал байрнуудтай харьцуулахад тоосгоор баригдсан учир одоо ч эрэлттэй байдаг аж. Магнитогорын одоогийн захиргаа Соцгородыг өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна.
Магнитогорт байр сууц, нийгмийн үйлчилгээ хэдий дутмаг байсан ч энэ нь хотын амьдралыг туйлын олон нийтэч, хамтын уур амьсгалтай болгожээ. Нийтийн халуун усны газар, угаалгын цэг, цайны газар, хүүхдийн цэцэрлэг, “Соронз” кино театр, хэдэн арван клуб, номын сан зэрэг нь ард олныг соён гэгээрүүлэхээс гадна Зөвлөлтийн үзэл суртлыг ухуулан дэлгэрүүлж байлаа. Урал мөрний эрэгт сая нэг зөвлөлт маягийн хот сүндэрлэсэн нь их мөрний баруун биеэр тэлсэн Магнитогорын өргөтгөл байв. Энэ нь өргөн зам, цэлгэр талбай, голдуу таван давхар барилгуудтай, дөрвөн том гүүр, трамбайн сүлжээгээр үйлдвэрийн хэсэгтэй холбогджээ. Гэвч хотын өргөтгөлийг барих ажил дэлхийн II дайн дуусах хүртэл завсардсан. Учир нь Магнитогорын 56 мянган эрчүүдийн 30 мянга гаруй нь фронтод татагдаж, эмэгтэйчүүд нь тэдний оронд үйлдвэрийн хүчир ажлыг хариуцан үлджээ.
Аугаа эх орны дайнд тус хотынхны гүйцэтгэсэн үүрэг асар их. Тэдний гавьяаг мөнхжүүлж Урал мөрний эрэг дээр 15 метр өндөр хүрэл хөшөө босгосон нь гангийн үйлдвэрийн ажилчин Зөвлөлтийн цэрэгт аварга том илд гардуулж буйг дүрсэлсэн байдаг. Орон нутгийнхны бахдан ярих нь дайнд оролцсон Зөвлөлтийн хоёр танк тутмын болон гурван тэсрэх бөмбөг болгоны нэг нь Магнитогорын ган төмрөөр бүтсэн гэнэ.
Шинэ цагийн Магнитогор ч гангийн үйлдвэрээ түшсэн хэвээр. Хотын өрх бүрт үйлдвэрийн ажилчин бий агаад таван ч удаа улсад аваргалсан, хотынхны бахархал болох хоккейн баг нь гэхэд “Металлург” нэртэй байгаагаас тэндхийн амьдралд гангийн үйлдвэр хэчнээн чухал болохыг илтгэнэ.
Одоогийн MMK үйлдвэрийн барилга байгууламжууд нүсэр том. Нэг дамжлага нь л 1.5 км орчим үргэлжлэх агаад ган боловсруулах бүх хэсэг нь нэгэн дээвэр дор багтана. Тус үйлдвэр жилд 13 сая тонноор хэмжигдэх 400 гаруй төрлийн ган, ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Гэхдээ төмөр боловсруулах нь байгаль орчинд тун халтай бизнес. Магнитогорт анхлан хөл тавих хэнд ч хотын дээгүүр хөшилдөх хар утаа, нүүрсний тортог үзэгдэж, хоолой хорсгом тоосжилт, хуурайшилт нь мэдрэгдэх вий.
ОХУ-ын Үндэсний статистикийн газрын 2015 оны судалгаагаар уг хот Оросын хамгийн бохир гурав дахь хот аж. Агаарт уушгины хорт хавдар үүсгэгч бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 23 дахин их байна. Нэрмээд үйлдвэрийн хэдэн сая шоо метр хур хог, бохир усыг жил бүр Урал мөрөн рүү хаядаг. Төрийн бус “ЭкоМагнитка” гэх байгууллагын тэргүүн Анна Рожковагийн ярьснаар Магнитогорт шинээр мэндэлсэн 20 нярай тутмын нэг нь л эрүүл байдаг аж. Хотын хорт хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн дарга нь хүртэл 2012 онд өгсөн ярилцлагадаа үүнийг хүлээн зөвшөөрч “Орчин цагийн хүмүүс хорт хавдар тусах туйлын эрсдэлтэй орчинд аж төрж байна. Харин манай хотынхон энэ тал дээр бүр түрүүнд нь яваа” гэжээ.
Харин хотын зөвлөлийн дарга Морозов энэ бүх мэдээллийг ихээхэн хэтрүүлэгтэй хэмээжээ. Тэрбээр Магнитогор орчмын газрыг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй эрүүлжсэн, үйлдвэрийн хог хаягдлаас үүдэх эрүүл мэндийн эрсдэл буурсан талаар ярьжээ. ММК-ийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн ийм байр суурьтай байгаа бөгөөд тус компани 2013-2015 онд байгаль орчны нөхөн сэргээлт болон үйлдвэрийн хаягдлыг багасгахад 2.5 тэрбум рубль зарцуулсан, ирэх гурван жилд бүр 10.5 тэрбумыг зориулахаар төсөвлөсөн гэлээ.
ММК нь Зөвлөлтийн үеийн олон том үйлдвэртэй харьцуулахад одоо ч ашигтай ажилладаг цөөхөн газрын нэг. Хэдийгээр 2015 оны сүүлийн хагаст улс орны эдийн засаг хямарч, ихээхэн хохирол амсахад, мөн дэлхийн зах зээл дэх гангийн үнэ унахад нэлээд алдагдал хүлээсэн ч ирэх онд биш гэхэд 2018 оноос байдал дээрдэнэ гэдэгт албаныхан эргэлзэхгүй байна. Ард иргэд ч хотынхоо болон гангийн үйлдвэрийнхээ ирээдүйг тун өөдрөгөөр, эх оронч сэтгэлтэйгээр төсөөлж байна. Орон нутгийн “Магнитогорск металл” сонины ерөнхий эрхлэгч Олег Фроловын хэлснээр тус хотын түүхэнд өнөө ч нууж хаамаар, шүүмжилж хэлэлцмээр явдал олон бий ч улс орны ДНБ-ий нэлээд хувийг бүрдүүлдгийн хувьд Магнитогор шиг хүч нөлөөтэй хот Орост цөөн юм. Уг хотыг “Эх нутгийн ган зүрх” гэж зүгээр ч нэг нэрлээгүй нь лавтай.