Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол Улсын 2 иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий 8 хайрцагтай нийт 29.145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсан.
Мэдээллийн мөрөөр нягтлан үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байгаа талаар холбогдох албанаас мэдээлэв.
Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харъяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004 – 2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан байна.
Ингээд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарчээ. Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн байна. Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоогоод байна.