Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтын журам”-ыг баталсан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагч, хорооны ажилтан, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх, шийдвэрлэлтийг шалгах зориулалттай хөршийн хяналтын цахим хуудас /www.neighbourhood.mn/, ухаалаг гар утсанд зориулсан “Би цагдаа” программыг шинээр нэвтрүүлж эхэллээ. Иргэд ухаалаг гар утсанд зориулсан iPolice программаар дамжуулан гэмт хэрэг, зөрчил, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг илгээж, шийдвэрлэлтийн явц, үр дүнг шалгах боломжтой юм. iPolice аппликэйшн нь Хөршийн хяналтын цахим хуудас, Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөх хэсэг, нэвтрэх хэсэг гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Хөршийн хяналтын цахим хуудаст нэвтэрснээр цахим хуудсанд нийтлэгдсэн хөршийн хяналттай холбоотой мэдээ мэдээлэл /видео, фото/, холбогдох хууль тогтоомж, тогтоол, журам, хөтөлбөр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээллийг хүлээн авах юм байна. Харин гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөх хэсэгт хандаж хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд өөрийн эрхээр, иргэд овог, нэр, е-мэйл хаягаараа бүртгүүлэн гэмт хэрэг, зөрчил, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг өгөх боломжтой. Нэвтрэх хэсэгт иргэд бүртгүүлсэн эрхээрээ нэвтрэн орж цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийн шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг харах боломжтой юм байна