Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
1955 оны хоёрдугаар сарын 9-ний өглөөний 05.00 цагийн орчимд Софиятаун суурин руу бульдозерууд дайран оржээ. Байр сууцаа даруй чөлөөлөх учиртай иргэдийн нэрс, хаягийн жагсаалт болон Софиятауны оршин суугчдыг Совето хотын хойд захаас 15 км зайд орших Мидөүлэндс суурингийн шинэ дүүрэгт шилжүүлэх тухай шийдвэр зэрэг бичиг цаас барьсан цагдаагийн дарга нар тэдний ард зогсож байлаа. Харин тэдний цаана урт буу, саваа мод барьсан, Софиятауныг хар арьстануудаас чөлөөлөх 2000 орчим цагдаа эгнэн жагсчээ. Тэд айлуудын хаалгыг нүдэн, африкаансаар “Maak julle oop!” буюу “Үүдээ тайл!” хэмээн орилж гарлаа.
Нар мандах үед Софиятауны 110-аад өрх ойр зуурын хэрэгцээний зүйлсээ хамж аваад, цагдаагийн бүхээгт тэргээр Мидөүлэндс хотын зах дахь нийтийн байрнуудад хүргэгдсэн байв. Софиятаун нь Иоханнесбург хот дахь өнгөт арьст эзэдтэй байр сууц бүхий сүүлчийн хэдхэн суурин, дагуул хотын нэг байжээ. Өмнөд Африк улсын парламент дээрх явдлаас таван жилийн өмнө Ангиудын нутаг дэвсгэрийн тухай хууль гэгчийг баталж, өнгөт арьст өмнөд африкчуудыг хөгжингүй бүс нутгаас албадан гаргах, хот газрын апартеидийг тогтоох шийдвэр гаргаж. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Иоханнесбургийн дундаж давхаргад багтах хар арьст иргэд хотын хойд хэсгээс өмнөд зах руу шилжин суух ёстой болжээ.
Тэр үед орон гэрээсээ хөөгдсөн иргэдийн нэг, яруу найрагч Дон Маттерагийн дурссанаар Софиятаун нь тухайн цагийн эрх баригчдын хүсэж төлөвлөж байснаас яг эсрэг дүр төрхтэй, өнгөт арьстанууд гэх ерөнхий нэрэнд багтах африк гаралтай харууд, энэтхэгчүүд, цус холилдсон эрлийзүүд болон цагаан арьстанууд зэрэгцэн амьдарч асан суурин байсан гэнэ. Софиятауны иргэд энэ онцлогоо хадгалж үлдэхийн тулд хэр чадлаараа тэмцжээ. Африкийн үндэсний конгресс намынхан болон 5000 гаруй сайн дурынхан хотын Эрх чөлөөний талбайд олон сарын турш эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулсан ч апартеид тогтолцооны хүчийг сөрж чадаагүй байна.
Дээрх явдлаас 20 хүрэхгүй жилийн дараа гэхэд Өмнөд Африкийн гурван сая гаруй өнгөт арьст иргэн гэр орноосоо хөөгдөж, нутаг заагдаад байлаа. Софиятауны тухайд Триомф буюу африкаансаар ялалт гэсэн утгатай шинэ нэр зүүн, Иоханнесбург хотын өнгөт арьст иргэдийг апартеид засаг “ялсан”-ыг илтгэх гол газар болон өөрчлөгджээ.
Иоханнесбург уг нь хар арьст өмнөд африкчуудын нуруун дээр боссон хот билээ. Хотын алтны уурхай, томоохон үйлдвэрүүдийн ажлын гол хүч нь чухамдаа өнгөт арьстанууд байв. Дэлхийн I дайны үед хотын уурхай, үйлдвэр, барилгын салбарт 100-гаад мянган хар арьстан ажиллаж байсан гэх баримт бий. Гэвч нутгийн цагаан арьстанууд эрх баригчдын удаа дараагийн шийдвэрээр эдийн засгийн харилцаанд тэднээс давуу эрх эдэлж, хэзээд ноёлогч анги байлаа.
АНУ-ын Брауны их сургуулийн багш, эрдэмтэн Бенжамин Брэдлоугийн тайлбарласнаар Иоханнесбург нь байгалийн түшицгүйгээр, хоосон зэлүүд газарт үүссэн, одоо цагийн цөөхөн том хотын нэг юм. Өөрөөр хэлбэл, уурхайн жижиг суурингаас өдий хэмжээнд хүртлээ тэлсэн хэрэг. Тиймээс хотыг тойрсон уурхайнуудад хэн ажиллах вэ, ажил лагсдыг хаана суулгах вэ гэсэн асуултууд л Иоханнесбургийн хөгжлийг тодорхойлж иржээ.
Өмнөд Африкийн Засгийн газар 1923 онд Нутгийн иргэдийн суурьшлын бүсийн тухай журам баталж, бүх томоохон хот сууринг цагаан арьстануудынх хэмээн зарлаад зогсохгүй өнгөт арьстануудад хот руу нэвтрэх зөвшөөрөл, өөрсдийнх нь хурууны хээ, цээж зураг, ажил олгогч цагаан арьст эзнийх нь нэр бүхий тусгай бичиг хийж өгөхөөр болов. Тийм бичиггүй хүнийг нэг бол хоригдох, үгүй бол хөдөө цөлөгдөх гэсэн хоёр л зам хүлээж байлаа. Иоханнесбургийн төвөөс хөөгдсөн өнгөт арьстанууд Совето зэрэг хотын дотоод суурин, захын дүүргүүдэд шилжин суужээ. Тэнд албаныхан хоёр өрөө жижиг сууцнууд бэлдсэн агаад өнгөт арьстанууд тэнд амьдрах байр сууцаа өмчлөх ч эрхгүй байв. Харин өнгөт арьст иргэн хуучны байшингуудыг өмчлөх эрх нь Софиятаунд нээлттэй хэвээр байж.
Энэхүү зохион байгуулалтын дүнд Иоханнесбургийн захын дүүрэг, дагуул суурингуудын нягтаршил ихсэж, иргэд байраа томсгох боломжгүй байснаас улсаас өгсөн жижиг сууцаа хойш уртасган сунгаж, хотын өнгө төрх ундуй сундуй болов. Өнгөт арьстануудын эдийн засгийн оролцоог хязгаарлаж байсан ч тэдгээр байрны дунд хүнс, барааны дэлгүүр, жижиг мухлагууд бий боллоо. Гэхдээ Кэйп Тауны их сургуулийн профессор Сюзан Парнеллийн өгүүлснээр Иоханнесбургийн хөгжлөөс хүртэх эрхгүй болсон тэр олон хүн хотод шинээр тогтсон апартеид дэглэмд тэгтэл захирагдаж байсангүй. Софиятаун гэхэд олон арьстан холилдон суусан суурин болж, ядуу буурай өнгөт арьстануудын дунд давхаргад шилжих нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Энэ нь харин Софиятауны хувьд шинэ зүйл биш байж.
Иоханнесбургийн энэ хэсгийг Херман Тобианский хэмээх хөрөнгө оруулагч 1897 онд худалдан авч, эхнэр Софиягийнхаа нэрээр нэрлэсэн аж. Тэрбээр эндхийн гудамжуудыг мөн хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэжээ. Гэвч удалгүй Иоханнесбургийн захиргаа хотын захын усны шугам сүлжээг шинэчлэх болж, шинэ сууринг зорих хөрөнгө мөнгөтэй цагаан арьстануудын сонирхол буурав. Иймээс Тобианский газраа хар арьстануудад зарахаас өөр аргагүй болжээ. Чухам энэ үеэс Софиятаун арьсны үзэлгүй Иоханнесбургийн цөөхөн хэсгийн нэг болсон ч дээрх апартеид шинэчлэлээс болж 1950-иад он гэхэд нэг байранд нь дунджаар найман хүн суудаг ядуусын дүүрэгт хувирав.
Гэсэн хэдий ч өөр бусад газарт байгаагүй, дээр дурдсан хуучны байшингуудыг эзэмших бололцоо нь эндхийн өнгөт арьстануудад бага ч гэсэн эрх чөлөө мэдрүүлж байлаа. Энэ нь Софиятауныг онцгой хөдөлгөөнтэй, ер бусын амьд, золбоолог уур амьсгалтай болгожээ. Өмнөд Африкийн бусад хэсэг дэх өнгөт арьстануудыг бодвол эндхийн иргэд арьсны өнгө, үндэс угсаа үл харгалзан амьд хөгжмийн тоглолт, шашны элдэв цуглаан зохион байгуулж, бүр уушийн газар хүртэл ажиллуулж байв. 1927 онд батлагдсан Согтууруулах ундааны тухай хуулиар африк, энэтхэг гаралтай хүмүүс баар, цэнгээний газар ажиллуулах нь бүү хэл, бүх төрлийн уушийн газарт нэвтрэх эрхгүй болоход ч Софиятаунд бүх зүйл урьдын хэвээр байжээ.
Нийгэм, соёлын ийм идэвхтэй амьдралтай америкчуудаас эхлээд орос, германчууд хүртэл олноороо амьдран суудаг, америк жааз, кино, нийтийн бүжиг ихэд хөгжсөн Софиятауныг удалгүй Өмнөд Африкийн Чикаго хэмээх болов. Энд нутгийн цонга, зулу үндэстэн болон цус холилдсон өнгөт арьстанууд цагаан арьст бусад олон үндэстэн, ястантай зэрэгцэн амьдарч байлаа. Тэр бүүхэл тэдний хүүхдүүд хамтдаа тоглож наадан, нэг сургуульд сурах нь элбэг байж. Апартеид тогтолцоог үл ойшоосон энэ байдал нь Софиятауныг эрт орой нэг л өдөр улс төрийн халуун цэг болгох нь тодорхой байлаа.
Десмонд Туту, Нельсон Мандела нараас эхлээд эндхийн оршин суугчид апартеид дэглэмийн эсрэг хамгийн идэвхтэй, зоригтой дуугарсан тэмцэгчдийн эгнээнд багтаж байв. Эрх чөлөөний талбай нь гэхэд Африкийн үндэсний конгресс намын хамгийн чухал уулзалт, эсэргүүцлийн цуглаан болсон газар юм. Харин 1950-иад онд Засгийн газраас Софиятауныг амьдрах орчин муу, гэмт хэрэг их гардаг гэдгээр шалтаглан иргэдийг нь албадан шилжүүлж эхлэхэд тус нам урьдын адил эсэргүүцсэн ч Өмнөд Африкийн Чикагог аварч чадаагүй байна.
Албадан шилжүүлгээс 50 жилийн дараа буюу 2006 оны хоёрдугаар сард хотын дарга Амос Масондо апартеид засгийн үеийн Триомф нэрийг халж, хотыг дахин Софиятаун болгожээ. Гэхдээ энэ мэт өөрчлөлт нь апартеид дэглэмийн дараах Софиятаунд, цаашлаад Иоханнесбургт ердөө гоо сайхны хагалгаа төдий юм. Кэйп Тауны их сургуулийн социологич, профессор Оуэн Крэнкшогийн үзэж буйгаар хотын захад суугаа хар арьст иргэд одоо ч ажлын байраар дутмаг, хотын төв тэдний хувьд хүршгүй хол хэвээр байгаад эрх баригчид анхаарах цаг болжээ. Хотын цагаан арьст оршин суугчид улам бүр хойш нүүж, тэднийг дагаад хотын үйлчилгээний салбарын нэлээд хэсэг тийш төвлөрсөн байна. 2008 оны судалгаагаар Иоханнесбургийн хойд дүүргүүдэд 1993-2000 онд өнгөт арьст иргэдийн хийсэн худалдаа нийт худалдан авалтын ердөө гурван хувийг эзэлж байсан аж. Энэ нь апартеиддэглэм хэдийгээр албан ёсоор нуран унасан ч арьсны үзэл, иргэдийн дундах хагарал эдийн засгийн нео-апартеид шинжтэй, амь бөхтэй хэвээр буйн захын жишээ гэнэ.
Апартеид засаг тогтохоос өмнөх Иоханнесбургт ажиглагдаж байсны адилаар өдгөө хотын өнгөт арьст иргэд дунд давхарга руу хурдтай шилжиж буй ч тэдний ард үлдэж хоцрох, эдийн засгийн өсөлтийн үр шимийг үл хүртэх хүмүүс хэдэн мянгаараа байна. Энэ нь өнгөт арьстай хүн бүрийг яг ижил хувь заяа хүлээдэг гэх арьс өнгөөр ялгаварлагчдын түгээсэн ташаа ойлголтоос огт өөр дүр зураг юм. Арьсны үзэл гэхээсээ эдийн засгийн ялгаанаас болж үүссэн энэхүү шинэ цагийн тэгш бус байдлыг хэрхэн шийдвэрлэхээс одоо Иоханнесбургийн ирээдүй шалтгаалах болжээ.