Гадаадын телевизийн ижил төрлийн нэвтрүүлгийг хуулбарласан бүтээлийг үзүүлэхээ хязгаарлана гэж БНХАУ-ын Хэвлэл, кино урлаг, радио, телевизийн хэрэг эрхлэх газар мэдэгджээ. “Хятадын дуу хоолой” зэрэг зөвшөөрөл авч байж бэлтгэдэг шоу нэвтрүүлгийг хязгаарлах шийдвэр ирэх сараас хэрэгжиж эхлэх гэнэ.
Ийм нэвтрүүлэг бэлтгэхийг хүсвэл эфирт гарахаас хоёр сарын өмнө зохих шатны байгууллагад шалгуулж, зөвшөөрөл авах шаардлага тавьж байна.
Энэ нь үндэсний хөтөлбөр болон шоу бэлтгэхэд түлхэц өгөх гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр ижил хүйстэн, гэрлэлтээс гадуур болон насанд хүрээгүйчүүдийн хайр дурлалын харилцааг харуулсан үзвэрийг хориглосон байна. Тэрчлэн олноо алдаршсан хүүхдийг реалити-шоуны баатар болох, ийм төрлийн нэвтрүүлэг болон сурталчилгааны ярилцлагад оролцуулахыг хоригложээ.