Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ өдрүүдэд Сонгуулийн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэд, байгууллагаас хууль зөрчсөн тухай гомдол, мэдээлэл их ирж байгаа юм. Хэчнээн гомдол санал ирж, хэрхэн шийдвэрлэж буй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 20-ноос энэ сарын 17 хүртэлх хугацаанд 604 гомдол, мэдээлэл ирсний 362 нь Улаанбаатарт, 242 нь орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, албадад бүртгүүлжээ.
Үүнээс сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн тухай 174, нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76, бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага цайллага хийсэн 65, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан 23, сурталчилгааны болон намын байранд танхайрсан 30, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан 153 гомдол байна.
Дээрх гомдлын 16-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, 72-ыг нь захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлж, 496-г нь шалгаж байгаа. Сурталчилгааны самбар, зурагт болон ухуулах хуудас, сурталчилгааны бусад материалыг санаатайгаар гэмтээн, устгаж, бохирдуулсан гэх гомдлын ихэнх нь эзэн холбогдогчгүй байна. Гурван тохиолдлыг илрүүлэн шалгахад хүүхдүүд үйлдсэн болох нь тогтоогдсон. Цаашид сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даагч нар болон иргэд Сонгуулийн тухай хуулиа судалж, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.