Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Австрийн эрх баригчдын санааг 1890-ээд оноос зовоох болсон Вена хотын байр сууцны хомсдол дэлхийн I дайны дараагаас бүр ч нэмэгдэж, зургаагаас найман хүн нэг буландаа гал тогоотой ганц өрөө байранд бөөгнөрөн амьдрах нь хэвийн үзэгдэл болжээ. Хотын хүн ам дайн дуусах үед 2.1 саяас 1.8 сая болон буурсан ч инфляц өссөнөөс болж шинэ барилга барихаа больсон нь энэ асуудлыг дордууллаа. 1919 он гэхэд амьдралын өртөг хоёр сарын дотор гурав дахин нэмэгдэв. Эрх баригчид орон сууцны зах зээлийг хянахын тулд иргэдийг хувийн байраа түрээслэхийг хорьж, байдлыг улам хямраажээ.
Орон сууцыг бүхлээр нь түрээслэх мөнгөгүйгээс нийтийн байрны ор дэвсгэрийг хэдэн цагаар ашиглаж байсан хүмүүс бүр гудамжинд гарлаа. 1919 оны сүүлч гэхэд байр сууцны хомсдол барилга байшингаар бус, орон гэргүй хүмүүсийн тоогоор хэмжигдэх болов. Тэд хотын зах руу, мод бут, хог новшоор дүүрсэн эзэнгүй газар руу хэдэн мянгаараа нүүж, оромж босгож болох бүхнээр урц овоохой барин суужээ. Дайны үед иргэдийг хоол хүнсээр хангахын тулд түр зуурын тариалан эрхэлж байсан, жижиг хэмжээний фермүүдийг ч энэ үеэр дахин ашиглаж эхлэв. Ийнхүү өөрсдийн чадал чинээгээр Вена хотын захад толгой хоргодох болсон хууль бус “зэрлэг” өрхийн тоо 1921 он гэхэд 30 мянга давлаа. Энэ нь хожмоо Улаан Венийн орон сууцжуулах хөтөлбөр гэгдсэн, өнгөрсөн зууны хамгийн өргөн далайцтай ийм төрлийн “ажил”-ын суурийг тавьжээ.
Тухайн үед Европын олон хотод иргэдийг байр сууцтай болгох хөтөлбөр хэрэгжиж байсан ч өөр нэг ч томоохон хот Вен Венийх шиг хэмжээний, хотыг бүхэлд нь хамарсан өөрчлөлтийг өрнүүлээгүй аж. Вена хотын орон сууцжуулах хөтөлбөр бүхэл бүтэн сүлжээ бий болгосон агаад тэр нь одоо ч хотын хүн ам өсөхөд нөлөөлж байна.
Венад шинэ загварын сууц барьж, хоосон орон зайг нөхөн, жижигхэн цэцэрлэгтэй хувийн байшин болон тус хотод анхлан баригдсан супер блок буюу орон сууцны цогцолборуудыг байгуулахад 190-ээд уран барилгач оролцжээ. 1934 онд уг хөтөлбөрийг дуусах үед орон сууцны 400 гаруй төсөл хэрэгжиж, хотын хүн амын 10 хувь шинэ байртай болоод байлаа. Венийн Технологийн их сургуулийн байр сууцны мэргэжилтэн Майкл Клайны өгүүлснээр Улаан Венийн орон сууцжуулах хөтөлбөр нь тодорхой мастер төлөвлөгөө юм уу, эсвэл ерөнхий төлөвлөгч гэх удирдсан эзэнгүйгээр хэрэгжсэн, байр сууцгүй хүмүүсийг яаж орон гэртэй болгох вэ гэсэн ганц асуултад хөтлөгдөн аяндаа бүтсэн хэрэг байв.
Энэ нь хэдийгээр орох оронгүй болж, хотын захад амь зуух болсон ч боловсрол, мэдлэгтэй мөнөөх иргэдтэй холбоотой байлаа. Тэд муухан байраа бага багаар чанаржуулахын хамт ажилчин ангийн хөдөлгөөн, Социал демократ нам, үйлдвэрчний эвлэлийн үйл хэрэгт оролцон нэгдэл, хамтралын талаар чамгүй мэдлэгтэй болжээ. Чингээд хамтын хүчээр амьдрах орчноо сайжруулж, байнгын сууцтай болохоор нэгдэж эхлэв. “Суурингийнхаа төлөө ажиллах нь социалист үйл хэрэг мөн” гэсэн үг тэдний уриа боллоо.
Гэхдээ Австрийн Социал демократ намынхан анхандаа тэдгээр иргэнд тун тоомжиргүй ханджээ. Тэд ардаа жижигхэн цэцэрлэг, хүлэмж бүхий хувийн сууцтай болохыг хүссэн, нэгэнтээ “зэрлэг” гэгдэж байсан иргэдийг социалист улсад тохиромжгүй, язгууртны аястай байртай болох гэлээ хэмээн сэрдэж байв. Харин Австрийн Шинэ суурин ба жижиг цэцэрлэгүүдийн нэгдсэн холбоог 1921 онд үндэслэсэн эдийн засагч, философич Отто Нейратын ухуулга, зүтгэлийн ачаар тэдний бодол өөрчлөгдсөн байна.
Нейрат зорилго, хүсэл нэгтэй хүмүүс үйлдвэрлэл, захиргаа, хэрэглээ гээд бүхий л зүйлээрээ нэгдэх хэрэгтэй, тэгсэн цагт бүгд санхүүгийн чадамжтай, бие биедээ дэмтэй, жаргалтай сайхан амьдарна хэмээн үзэж, үүнийгээ холбооныхоо гол баримтлал болгожээ. Тэрбээр “Хамтын хүчээр боссон байр нь иргэний өмч гэхээсээ аварга том байгууламжийн эд эс, тоосго нь болох учиртай” гэж хэлсэн нь бий. Ингээд “зэрлэг” суугчдын соёлжих, хамтрах хөдөлгөөн эхлэв. Тэднийг Вена хотын захирагчаар тогтохгүй Социал демократ намын зарим нэг нөлөөтэй гишүүд, сэтгүүлчид, уран барилгачид, олон тооны сэхээтнүүд дэмжиж байлаа. Цаг үеийнхээ нэртэй уран барилгачийн нэг Адольф Лоз байнгын, чанартай сууцтай болох гэсэн иргэдийн талд бүр анхнаасаа зогсож байсан бөгөөд хөдөлгөөнд нь 1920 оноос эхлэн цалин хөлсгүйгээр зөвлөхийн үүрэг гүйцэтгэх болжээ. Тэрбээр дараа оных нь сүүлчээр Хотын орон сууцны албаны ерөнхий төлөвлөгчөөр томилогдсон байна.
Лозын гаргасан зураг төслүүдээс нэг ханатай байшин гэх санаа нь магад хамгийн онцгой нь юм. Энэ нь даацын ханыг айл хоорондын тусгаарлагч хана болгох, ингэснээр барилгын өртгийг бууруулахад чиглэжээ. Гэхдээ Лозын үзлээр бол байр сууцнаас илүү ардах жижиг цэцэрлэг нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр, орон байртай байхын үндэс байх учиртай байлаа.
Венийн иргэдийн энэ хөдөлгөөн хотожсон нийгэмд хүмүүс өөрсдийн хүчээр ахуй амьдралаа өөд татаж болохыг харуулсан явдал болов. Гэхдээ тэдний хотын төвд шинэ суурингууд бий болгосон нь Венийн байр сууцны хомсдолд бараг нөлөөлсөнгүй. Австрийн нийслэл хот татварын шинэчилсэн тогтолцооны дүнд санхүүгийн хувьд бие дааснаар 1922 оноос л албан ёсоор орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Хотын захиргаа дараагийн арваад жилд нь 60 мянган сууц барив. “Улаан Венийн хотын сууц” гэгдсэн уг хөтөлбөр амьдрахын эрхэнд хотын захад сууж, өөрсдийн хүчээр байр сав барьж эхэлсэн мөнөөх иргэдийн хөдөлгөөнөөс санаа авсан төсөл байлаа. Албаныхны хэрэгжүүлсэн ажлуудаас тус бүр нь мянгаад айлын сууц бүхий супер блокууд хотын төвийн өнгө төрхийг өөрчилж, хотын доторх хотууд гэгдэн, дайны ул мөр нь арилаагүй байсан Венийн орчин үеийн, хөгжингүй уур амьсгалтай болгожээ. Мөн хотын нягтаршлыг бууруулж, хороолол тус бүр саруул сайхан цэцэрлэгтэй, театр, үзвэрийн газар, номын сан, сургууль, цэцэрлэг, халуун усны болон хувцас угаалгын газартай болсон нь иргэдийн амьдралын түвшин дээшлэхэд эергээр нөлөөлөв.
Орон сууцны шинэ цогцолбор хорооллууд нь Австрийн социалист өөрчлөлт шинэчлэлийн илэрхийлэл болохоос гадна Вена хотын ажилчин ангийг бас эмх журманд оруулжээ. Хотын хамгийн чинээлэг дүүргийн захад баригдсан Карл Маркс Хоф хэмээх орон сууцны хороолол гэхэд тухайн цагт Европын хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байсан Венийн төв цэнгэлдэхийг долоо хоног бүр зорих ажилчин эрсийн дайран өнгөрдөг гол цэг байлаа.Хороолол дундуур зорчих хүмүүс барагтай бол иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй билээ.
Улаан Венийн орон сууцжуулах хөтөлбөр 1933-34 онд дэгдсэн Австрийн иргэний дайн, түүний дараа тогтсон фашист дэглэмээс болж гэнэт зогсчээ. Уг хөтөлбөр дэлхийн II дайны дараа л эргэн сэргэсэн бөгөөд аз болоход урьдын эрчээ алдалгүй, улс орны сэргээн босголтод нэн чухал хувь нэмэр оруулж байв.
1990-ээд онд Европын бусад хот нийтийн байрны хувьцаагаа зарж байхад Вена хотын удирдлага дээрх хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж, өмнөх байр сууцнуудаа засварлан, ахуй орчныг нь сайжруулжээ. Өнөөдөр Венийн захиргаа хотын бүх орон сууц, байрны 22 хувийг эзэмшиж буй бол олон нийтийн санхүүжилттэй, төрийн бус байгууллага, нэгдлүүдийн мэдэлд мөн 25 хувь нь байна. Тэдгээр нь байр сууцыг энгийн иргэдэд зах зээлийн дундаж үнээр, хөөрөгдөлгүй зарж борлуулдаг. Венийн оршин суугчдын 60 хувь нь өдгөө “Улаан Венийн хотын сууц” хөтөлбөрийн хүрээнд болонолон нийтийн санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдээр баригдсан орон сууц, байрнуудад амьдарч буй нь чухамдаа үүнтэй холбоотой юм. Харин хотын хүн ам 2030 он гэхэд дүрвэгсдийг үл оролцуулан тооцоход одоогийнхоос 20 хувиар нэмэгдэхэд орон байрны асуудал хааш эргэх нь өнөөхөндөө тодорхойгүй байна. Венийн Хот төлөвлөлтийн газрын дарга Томас Мадрайтерийн хэлснээр Австрийн эрх баригчид энэ асуудалд одооноос зовниж буй бөгөөд газар ашиглалтын бодлогод өөрчлөлт оруулах, хэдий нягтрал ихтэй ч иргэдийн амьдрах орчныг аль болох ногоон байгууламжтай болгоход түлхүү анхаарч эхэлжээ.