Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Чикаго хотын уран барилгач Уолтер Гриффин 1912 оны тавдугаар сард хараахан нэр нь тодроогүй байсан Австралийн нийслэл хотын зураг төслийг зохиох олон улсын шалгаруулалтад тэргүүлжээ. Шалгаруулалтыг зохион байгуулагчид хилийн чанадаас оролцсон хүмүүст зөвхөн шинэ хот баригдах газрын зургийг л илгээсэн байлаа. Тэмцээнд ирүүлсэн зургуудын дийлэнх нь туйлын уран зөгнөлт аястай, нүсэр том хоолой, далан бүхий, нягтрал ихтэй хотуудыг дүрсэлсэн байсан нь Австрали шиг тал нутагт гэхээсээ хүйтэн, чийглэг, газар нутаг багатай оронд тохирох хотын төлөвлөлт байв.
Харин Гриффин хоорондох зай нь өргөн уужим, том том барилгатай, газрын болон усан замын тэнхлэгээр өөр хоорондоо тусгаарлагдсан, модот гудмууд нь урт гэгчийн хонгил шиг харагдах зургаан талт өргөн чөлөө бүхий зураг гаргаж, түүнийгээ зураач, уран барилгач эхнэр Марионоороо усан будгаар тодруулуулжээ. Гол тэнхлэг шугамуудын уулзах цэг буюу хотын зүрхэн хэсэг дэх хиймэл нуурын хаалт Молонгло мөрний усыг хот байх хөндий рүү татах далан, дамжуургатай холбогдож байлаа.
Уг төлөвлөлт Гриффинд ихэд нөлөөлсөн, түүний адил Чикагогийн уугуул, нэрт уран барилгач маэстро гэгддэг Фрэнк Лойд Райтын дэлгэрүүлсэн цэцэрлэгт хотын хэв шинжийг гүн гүнзгий агуулсан байв. Харин Гриффин боловсруулсан зураг төслөө “Дэлхийн өөр хаа ч байхгүй төгс хотын төлөвлөлт. Ирээдүйн хот газрын өнгө төрхийг тодорхойлох, зоригтой ардчилагчдад зориулсан зураг” хэмээн үзжээ.
Гэвч одоогийн Канберра хотын талаарх магад хамгийн ташаа ойлголт нь хотыг түүний эх зургаар барьж байгуулсан, тэр нь огт өөрчлөгдөөгүй гэх эндүүрэл юм. “Гриффиний дараах Канберра” номын зохиогч Пол Рейд “Энэ хотын иргэд Гриффинийг хотынхоо гол загвар зохион бүтээгч гэж дуу нэгтэй баталдаг. Түүний зураг дээр цагийн эрхээр цөөн хэдэн засвар оруулсан ч тэдгээр нь гойд өөрчлөлт биш гэлцдэг. Үнэн хэрэгтээ Гриффиний нарийн зохион байгуулалт бүхий аварга том хотын зураг нь амар амгалан ердийн хотын дүрээр солигдсон юм” хэмээн бичсэн байна.
Гриффин олон зууны турш оргодол босуул, уурхайчин, хувьцаа борлуулагч, цэрэг эрсийн нутаг байсан Австралийг 1901 онд холбооны улс болсон цагаас нь сонирхжээ. Тэрбээр Австралийн парламентын гишүүн Кинг О’Моллейн дүрсэлж асан нийслэл хотын дүр төрхийг дотроо ургуулан бодож, түүнийгээ мөрөөдлийн хотоо болгож. О’Моллейн тодорхойлсноор Австралийн шинэ нийслэл бусад улсын нийслэл шиг хүйтэн ган төмөр, хүний амь, дарийн утаагаар бүтээгүй учир үүнийг нь илтгэх бэлгэ тэмдгээр дүүрэн байх ёстой байлаа. Мөн олон зууны түүхтэй бусад оронд байдаггүй эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн аюулгүй байдал, амьдралын баталгаатай улс гэдгийг нь тодотгох зохион байгуулалттай байх учиртай байв. Кинг О’Моллей энэ тухайгаа “Манай нийслэл хот хэдхэн жилийн дараа Лондон шиг том, Афин шиг соёлжсон, Парис шиг үзэсгэлэнтэй болно” хэмээгээд “Австраличууд бид өөрсдөө боломжийн загвар гаргавал сайн л байна. Гэхдээ үнэхээрийн төгс төлөвлөлт байвал зохион бүтээгч нь швед байна уу, дани байна уу, шашин шүтлэгтэй байна уу, үгүй юү хамаагүй, бид хүлээж авна” гэжээ.
Ингээд Уолтер Гриффиний ялагчаар нь тодорсон дээрх шалгаруулалтын дараа, 1913 оны гуравдугаар сард Курраяонг толгодын орой дээр болсон ёслолоор Австралийн ирээдүйн нийслэлийг Канберра хэмээн нэрийдлээ. Энэ нь Курраяонг орчмын хөндийд анх суурьшсан гэх нгамбри хэмээх эртний хүмүүсийн нэрээс эхтэй, домгийн шинжтэй нэр байв.
Гриффиний зураг дээрх Канберра хот анхандаа эмх цэгцтэй байсан ч үүнийг нь удалгүй дэгдсэн дэлхийн дайн өөрчилж орхив. Тухайн цагт хүн ам нь таван сая хүрэхтэй үгүйтэй байсан Австралиас 416 мянган цэрэг эр дайнд татагдсанаас 331 мянга нь фронтод тулалдаж, 60 мянга нь амь эрсдэн, 155 мянга нь шархаджээ. Харин сэтгэлийн шарх олж, сэтгэцийн эрүүл мэндээрээ хохирсон нь хэдэн арван мянгаар тоологдож байлаа. Энэ нь бүрэлдэн тогтоод удаагүй байсан холбооны улсын энхийг эрхэмлэх хандлагыг гашуудсан, талцсан уур амьсгалаар сольж, улс орны өнгө төрх, үзэл санааг илтгэх нийслэл хотын дүр байдал өөрчлөгдөхөд ч нөлөөлсөн байна.
Гриффиний өмнөд, хойд тэнхлэгт зураг төслийн гол онцлог нь Курраяонг толгод дээрх нийслэлийн захиргааны барилга, Эйнсли уулын хормой бэл дэх казино гэгдсэн амралт, зугаалгын төв байлаа. Харин гудамж талбайн ерөнхий зохион байгуулалт нь Хааны болон Хамтын нөхөрлөлийн өргөн чөлөө, тэдгээрийн үзүүр дэх нуур давсан гүүрүүд, нуурын хойд захтай нийлэх Үндсэн хуулийн өргөн чөлөөний мухар тал гэсэн гурван өнцөг бүхий, тэгш гурвалжин хэлбэр нь байв. Энэхүү гурвалжны өмнөд хэсэг нь дундаа дэлгүүр хоршоо, орон сууцны бичил хороолол бүхий нүсэр том, олон нийтийн барилга байгууламжаар дүүрэн байхаар төлөвлөжээ. Гол байшин барилгуудыг ийнхүү тараан байрлуулсан нь хотын нутаг дэвсгэрийг өргөн уудам харагдуулж, салангид төвгүй болгох байлаа.
Мөнөөх казиногийн тухайд гэвэл хатагтай Марион Гриффин 180-аад метр өргөн, түүнээс ч илүү урттай цэцэрлэгт хүрээлэн төлөвлөсөн нь хотын зугаа цэнгэлийн төв болох учиртай байв. Хэдийгээр казино нэртэй ч тэнд мөрийтэй тоглоомын газар бус кино театр, зоогийн газар, хүүхдийн тоглоомын төв, шар айрагны парк зэрэг багтжээ. Шар айрагны парк нь Гриффиний төрөлх хотод элбэг байсан онцгой газар байлаа. 1890-ээд оны үед Чикагод герман хэлээр гардаг 30-аад сонин, төдий тооны герман театр, уушийн газар байсан нь дээр дурдсан нэрт уран барилгач Фрэнк Лойд Райтын зураг төсөлд багтаж, Гриффиний төлөвлөлтөд ч нөлөөлсөн аж. Харин О’Моллей нарын улстөрч Гриффиний зураг төслийг сайшааж байсан бол зарим нь иймэрхүү европ хэв шинжийг ер таалсангүй. Герман маягийн уушийн газар бүү хэл, дунд зэргийн нягтралтай, гадаа суун хооллож ундалж болох аруу таруу байрлалтай байр сууцнуудыг нь хөдөө маягийн хэмээн шүүмжлэх хүмүүс ч байв. Германы эсрэг дайн тэдний ийн дургүйцэх шалтгааныг бүр ч үндэслэлтэй болгожээ. Гриффинийхэн энхтайванч үзэлтэй, герман хэлтэй, дорнын гүн ухаан, далд ертөнц, илбэ жатга сонирхдог байсан нь дайны улмаас Британийн эзэнт гүрний нэг хэсэг гэдгээ улам бүр мэдрэх болсон Австралийн төр засаг, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн, элитүүдийн хувьд дэндүү харь санагдах болов. Тэд Уолтер Гриффинийг Австралид бүр хөл тавихаас өмнө зураг төслийг элдвээр өөнтөглөж, төлөвлөөд байсан хиймэл нуур нь бий болох газрын өмнөд биеэр жижиг хот барьж эхлэн, орон сууц барина гэсэн газарт нь цахилгаан станцын шав тавьжээ.
Гриффин Австралид ирмэгцээ анхлан гаргасан зураг төсөлдөө эрх баригчдын хүсэлтээр зарим нэг өөрчлөлт оруулсан ч албаны хүмүүсийн, ялангуяа австрали хурандаа нарын шүүмжлэлд өртсөн хэвээр байв. Гэсэн ч тэрбээр хиймэл нуураар холбогдсон хотын зургаа өмгөөлж хамгаалсаар байлаа. Дайны үеийн хэмнэлтийн бодлого шинэ нийслэлийн ажлыг яст мэлхийн хурдтай болгосон ч Гриффин санасан зорьсноо гүйцэлдүүлэхээр аль чадлаараа зүтгэжээ. Австралийн Засгийн газраас томилогдсон дайны сурвалжлагч Чарльз Бин 1916 онд өрнөд фронтод болсон аймшиг бүхнийг нүдээр үзсэний учир дайнд эрсэдсэн австрали цэргүүдийн дурсгалд зориулж, хүндэтгэлийн цогцолбортой болох санал гаргав. Тэр нь цэргийн музейгээс гадна архив, бунхан байх нь зүй гэсэн шийдвэр ч гарлаа. Харин энэ зуур Уолтер Гриффин Галлиполийн тулаанд оролцсон австрали коммандлагч, генерал Уильям Брижесийн, Канберра дахь Дантруны цэргийн сургуулийн дэргэд баригдах бунхны загварыг гаргахаар болжээ. Тэрбээр Австрали улс дайны улмаас хэрхэн өөрчлөгдсөнийг бодолцож, Дайнд амь үрэгдэгсдийг дурсах цогцолбор нь генерал Брижесийн бунхны хамт мөнөөхөн Курраяонг толгод дээр, захиргааны байрны оронд сүндэрлэвэл зохино гэсэн санал дэвшүүлсэн ч шүүмжлэгчид нь түүнийг бас л дэмжсэнгүй. Гриффиний төлөвлөсөн хотын захиргааны барилга Марионы зугаа цэнгэлийн төвтэй хамт зураг төдийхөн үлдсэн бөгөөд 1941 онд нээгдсэн Дайнд амь үрэгдэгсдийг дурсах цогцолбор нь мөнөөх казино баригдана гэсэн газар сүндэрлэсэн байна.
Эдүгээ Эйнсли уулын орой дээрээс Гриффиний эх зураг дээр байсан бүхэн тэр чигээрээ биш гэхэд, төлөвлөлтийнх нь ерөнхий төрх байдал, агч модны навчийг нарны гэрэл өөд барихад үзэгддэг нарийн ширхэг судлууд шиг хотын доторх налуу, ташуу шугамууд харагддаг. Канберра хот саяхнаас л Гриффиний хүсэж байсан шиг их хотын уур амьсгалтай болж буй ч хэт том, дөнгөж 400 мянга шүргэх тооны оршин суугч нь 800 гаруй ам.км талбайд тархан суусан онцлог нь эрчим хүч их зарцуулдаг, цөөн хүн амьдардаг аварга том байшингууд баригдахад хүргэж, хотыг тэр чигт нь эл хуль мэт санагдуулах болжээ.
Канберра Гриффинийхний амьдралд хар мөр үлдээсэн нь тодорхой байлаа. Марион Гриффин нөхрөөсөө ч илүү сэтгэл дундуур үлдсэн бөгөөд “Америкийн ид шид” хэмээх дуртгал номондоо нөхрийнхөө Канберрад ажилласан цаг үе болоод ерөөс уг хот байгуулагдсан түүхийг (Уолтер Гриффин Ерөнхий сайд Билли Хьюзийн шийдвэрээр 1920 онд Канберрагийн Загвар, барилгын албаны даргын албанаас халагдах хүртлээ Австралид амьдарчээ) “Эзэнт гүрэнтэй хийсэн ганц хүний тэмцэл” хэмээгээд “Тэр цагийн Австралид ажил яаж явагддаг байсныг ганц үгээр илэрхийлье гэвэл үр бүтээмжгүй байдал гэж хэлэх байна. Тэдний хувьд алтан дундаж л төгс сайхны дээд хэмжүүр байлаа” гэж бичсэн байдаг.
Гриффинийхэн өөрсдийнхөө загварыг нь гаргалцсан Сиднейн Кастлькрэг дүүрэгт амьдарч, Канберрагийн эрх баригчидтай нийслэл хотын зураг төслөө хамгаалан маргалдсаар, эцэст нь сүүлчийн хэдэн жилээ Энэтхэгт өнгөрөөжээ. Уолтер Гриффин тэнд 61 насандаа өөд болсон байна. Түүний Канберрад бий болгохыг хамгийн ихээр хүсэж, хотын зүрх нь болгохыг зорьж байсан хиймэл нуурыг 1964 онд л сая нэг бүтээж, Барли Гриффин нуур хэмээн нэрийджээ.
Гриффиний Канберрагийн түүхтэй холбогдох сонирхолтой, басхүү гунигтай гэмээр өөр нэг баримт бий. Австралийн нийслэл хот хэдийгээр түүний ерөнхий төлөвлөгөөгөөр боссон ч ердөө нэг л байгууламж анх төлөвлөсөн газар нь босчээ. Тэр бол Дантруны цэргийн сургуулийн дэргэдэх мөнөөх генерал Брижесийн бунхан юм.