Парисаас холгүй орших Маньянвиль гэдэг жижиг хотхонд цагдааг эхнэрийнх нь хамт хөнөөсөн хэргийг алан хядах ажиллагаа гэж Францын эрх баригчид хүлээн зөвшөөрчээ. Ийм эмгэнэлт хэрэг дахин гарч болохыг Манюэль Вальсын Засгийн газар үгүйсгээгүй байна. Францын хүчнийхний анхаарал Европын хөл бөмбөгийн АШТ болон омголон хөгжөөн дэмжигчдийн үйлдэл рүү хандсан учраас алан хядагчид ар хударгаар нь аюул учруулах эрсдэл маш их байна.
Цагдаагийн офицерыг мөн цагдаагийн ажилтан болох эхнэрийнх нь хамт хөнөөсөн нь Францын Сайд нарын танхимыг яаралтай хуралдахад хүргэсэн билээ. Энэ уулзалтын дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд уг хэргийг алан хядах ажиллагаа гэж мэдэгджээ.
Энэ он гарснаас хойш францчуудын аюулгүй байдалд заналхийлсэн 100 гаруй хүнийг баривчилснаа Дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдээлэхдээ халдлага гарах магадлал маш өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Саяын хэргээс хойш Францын цагдаагийн ажилтан ажлаа дууссаны дараа өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалах шаардлагатай бол гэр рүүгээ буугаа авч явахыг зөвшөөрсөн гэж тэрбээр мэдэгджээ.
Хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаагийн гэр бүлийг гэрт нь бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн даваа гаригийн орой гарсан. Гэмт этгээд “Лалын улс”-ын босогч байсныг тус бүлэглэл мэдэгдсэнийг “Reuters” уламжилсан билээ. Хэлэлцээ хийж байхдаа “Лалын улс”-тай холбоотойгоо хүлээн зөвшөөрсөн түүнийг цагдаагийнхан урьд нь мэдэх аж. Тэрбээр Пакистан, Афганистанд лалын нууц ажиллагаанд оролцсон нь 2013 онд нотлогдож, таван жил хорих ял шийтгүүлсэн ч хоёр жил суугаад суллагджээ. Үүний сацуу Ларосси Аббалла гэгч энэ хүн хулгай, гудамжны хүчирхийлэл, луйврын хэрэгт холбогдож байсан гэнэ. Сүүлийн үед тэрбээр Сири рүү тулалдахаар явсан хүнтэй холбогдсоны учир цагдаагийн хяналтад байжээ. Аббалла өнгөрсөн оны эцсээр түргэн хоолны газар нээж, фэйсбүүкээрээ сурталчилдаг байв. Харин тавдугаар сарын сүүлчээр лалын хэт даврагч үзэлтнүүдийг дэмжсэн материалууд түгээх болсон аж. Цагдаа нарыг устгаснаа тэрбээр хэргийн газар дээрээс мэдээлж, амь үрэгдэгсдийн зургийг хүртэл фэйсбүүк хуудсандаа тавьсан байна. Цагдаагийнхан, сэтгүүлчид, рэп дуучдыг устгахыг тэрбээр уриалаад, Европын АШТ оршуулгын газар болно гэж бичсэн байжээ. Тэрчлэн гэмт этгээд халдлага үйлдэх зургаан бай жагсаасныг мөрдөн байцаагчид илрүүлсэн байна. Жагсаалтад олны дунд алдартай хоёр хүний нэр орсныг нийтлээгүй аж.
Ларосси Аббалла Европын хөл бөмбөгийн АШТ-ийг дурссан нь Парисын анхаарлыг онцгой их татаж байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн төлөөлөгчид цугласан үед гарсан ямар ч халдлага олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг. Тэгээд бас АШТ лалын ариун сар Рамаданы үеэр болж байна. Алан хядах бүлэглэлүүдийн удирдагчид энэ сарыг буруу номтнуудын гамшгийн сар болгохыг уриалсан тухай “Коммерсант” мэдээлжээ.
Францын цагдаа нар одоо АШТ-ий аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байна. Тухайлбал, тусгай албаныхан Орос, Английн багуудын тоглолтын өмнө Марсельд болсон шиг хөгжөөн дэмжигчдийн зодооноос урьдчилан сэргийлэхийг оролдож байгаа аж. Хэт даврагч үзэлтнүүдтэй тэмцэгчид хөл бөмбөгийн дэггүй хөгжөөн дэмжигчидтэй холбоотой материалыг судалж байгаа гэнэ. Францын Ерөнхий сайд Манюэль Вальс Маньянвильд сэтгүүлчдэд үг хэлэхдээ алан хядах ажиллагаа идэвхжсэнийг эсэргүүцлийн жагсаал болон хөл бөмбөгийн тэмцээн болж байгаа энэ үед гудамжуудын байдал хурцадсантай шууд холбожээ. Европын АШТ дуусах хүртэл бараг нэг сарын хугацаа үлдсэн байна.