Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Васко Нуньес де Бальбоа 1513 онд Панамын хоолойг явган туулахдаа Номхон далайд хүрэх анхны европ аялагч болохыг санаархаагүй ч эдүгээ тэрбээр ийм тодотголтойгоор түүхнээ үлджээ. Түүний удирдсан экспедиц шинэ тивээр дамжин Номхон далайд хүрсэн европчуудын анхны аялал болохоос гадна Панамын стратегийн онц чухал байршлыг Испанийн эзэнт гүрний бусад эзэмшил нутгийнхтай адил үнэ цэнэтэй болохыг нээж өгснөөрөө онцлог юм.
Бальбоагийн энэхүү түүхэн аяллын дараахнаас Испанийн ихэс дээдсүүд Панамын нутгийг хөндлөн нэвтлэх суваг барих талаар хэлэлцэж байсан ч тухайн цагийн техник технологийн хөгжлөөс шалтгаалан зорьсноо бүтээж чадаагүй байна. Харин олон зууны турш хуурай газрын чухал зам байсан дээрх хоолойг Америкийн нэгэн консорциум анх удаа сэтлэн, Панам нутгийн өтгөн ой ширэнгийг нэвтлэх анхны төмөр замыг 1855 онд тавьсан нь ихээхэн амжилт олжээ. Гэхдээ нутгийн уугуул иргэдийн хувьд энэ нь таатай сайхан өөрчлөлт биш байв. Шинэ зам нээгдсэнээс ердөө жилийн дараа панамчууд болон галт тэргээр зорчигчдын дунд үймээн самуун дэгдлээ.
Панамыг эрхшээх явдал нь олон улсад ч мөн зөрчил үүсгэв. АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн газар нутгаа тэлэх бодлогыг сайшаагчид Панам, Колумбын хоорондох зөрчлийг дэвэргэж, Колумбыг гэрээгээ зөрчмөгц панам босогчдын талд орлоо. Ингэж Панам улс 1903 онд Колумбаас тусгаар тогтнож, америкчууд шинэ улс орон байгуулалцсаныхаа хариуд Панамын хоолойд суваг барих эрхтэй болжээ. Гэвч нарийн хоолойг сэтэлж, далайн холбоостой болох гэсэн панамчуудын хэдэн зуун жилийн мөрөөдөл дэндүү их золиос шаардах учиртай байж.
Америкчууд 48 миль буюу 77 км урт суваг барихын тулд түүний хоёр талаар найм найман км өргөн газар нутаг эзэмших шаардлага тавьсан нь Панамын доторх жижиг хэмжээний тусгаар улс адил, бүрэн хараат бус нутаг болов. Уг газрыг Панамын сувгийн бүс гэж нэрийдлээ. Энэхүү бүс 1904 оны тавдугаар сарын 4-нд албан ёсоор нээгджээ. Америкчууд шинэ эзэмшил газар дээрээ цэргийн болон иргэний зориулалттай барилга байгууламж, орон сууц, сургууль, эмнэлэг, албан газар гээд юм бүхэнтэй болов. Панамын сувгийн бүс нь төд удалгүй шатлан захирах ёс бүхий нийгэм, хууль журамтай болж, тусгай бүсэд ажиллаж амьдрах хүн бүрийг ангилж ялгаварлан, иргэдийн дунд ажил хөдөлмөр, цалин хөлсний асар их зааг, зөрүү үүсгэлээ.
Энд мөн арьсны өнгө, үндэс угсаагаар ялгаварлах тун хүчирхэг механизм бий болжээ. Тусгай бүсийн оршин суугчдыг алт, мөнгөн хэсэгт хуваав. Алтан хэсэг нь цагаан арьстнууд бол мөнгөн хэсэгт нь голдуу Карибын бусад арлаас ирсэн өнгөт арьст ажилчид багтана. Сюзанн П.Жонсоны бичсэн “Сувгийн бүсийн товч түүх” номонд нэгэн ажилчны дурссанаар ийм кастын тогтолцоо нь Энэтхэгийнхтэй адил маш нарийн, ангилж заагласан шугам нь тун ч хурц, шулуун байлаа. Тухайн хүний арьсны өнгөнөөс шалтгаалан байр сууц, цалин хөлс, гэр доторх тавилга сэлт, бүр хамгийн бага хогшил нь хүртэл өөр өөр байж.
Мөнгөн хэсгийн ажилчид шинэ суваг барих хамгийн хүнд хүчир, хамгийн эрсдэлтэй ажилд дайчлагдана. Их сувгийн замыг хааж нурсан уулын хөрс шороог зайлуулах, хөлөг онгоц зорчих зам дээр байх аварга том хаалгыг уулархаг нутгийн өндөрлөг цэгээс доошлуулах гэсэн хүнд ажлын голыг тэд л нугалж, хэдэн мянгаараа амиа алджээ. Суваг ашиглалтад орох үед барилгын ажлын явцад нас барсан хүний тоо 5609-д хүрсэн гэх албан ёсны дүн мэдээ бий. Тэдний ердөө 350 нь л цагаан арьстан байв.
Харин алтан хэсэгт багтсан америкчуудын хувьд амьдрал тухтай, аюулгүйн дээр заримынх нь хувьд онцгой тансаг байлаа. Панамын суваг 1914 оны наймдугаар сард ашиглалтад орж, байлдааны болон худалдааны хөлгүүд зогсоо зайгүй цуварч эхлэхэд тэдний амьдрал бүр ч дээрджээ. Сувгийн бүсийн иргэд Панам хот руу шилжихгүй гэдгээ байнга илэрхийлнэ. Учир нь бүсийн дотор америк амьдралын аль давуу сайхан бүхэн цогцлоод байв. Театрууд нь хамгийн сүүлд гарсан америк кинонууд үзүүлж, дэлгүүрүүд нь Америкийн томхон хотуудын их дэлгүүрийн адил бараа бүтээгдэхүүн худалдаж, зоогийн газрууд нь амтат гамбургер, сүүтэй коктейлээр үйлчилнэ.
Сувгийн бүс дотор баригдсан бүхнийг байнгын ажиллагаатай байлгах, түүнийг хамгаалах нэрээр ирсэн америк цэргийн тоо хэдхэн жилийн дотор мянга мянгаар өсөж, Солонгосын дайны үед дээд хязгаартаа буюу 100 мянгад хүрчээ. Тэдэнтэй зэрэгцэн суух энгийн иргэд ч мөн чамгүй олон байв. Сувгийн бүс XX зууны сүүлчээр албан ёсоор хаагдахад тэрхүү иргэдийн төлөөлөл л эл шийдвэрийг эсэргүүцэн тэмцсэн байдаг.
Панам улсын хувьд сувгийн ажил болоод түүнийг тойрсон АНУ-ын эзэмшлийн газар нутаг хэзээд сөрөг үр дагавартай байлаа. Америкчууд анхнаасаа л нутгийн уугуул иргэдтэй ашиг хонжоо хуваалцахыг бодоогүй агаад суваг барих ажилд панамчуудыг оролцохыг хоригложээ. Панам хотын баруун хэсэгт төвлөрсөн Сувгийн бүс хэдийгээр хотын хөгжилд эергээр нөлөөлсөн тал бий ч хотын иргэдийн хувьд энэ нь олон талаар хөндүүр цэг байв. Панам хотынхон бүсийн дотор нэвтрээд ч америкчуудын хараан дор л хөдөлнө. Ингэж нутгийн иргэд төрөлх газар шороон дээрээ харийн цагдаагаар харгалзуулдаг боллоо. Энэхүү таагүй харилцаа 1950-иад он гэхэд зөрчлийн шинжтэй болж, албаныхан Сувгийн бүсийг Панам хотоос тусгаарлах хана барихаар шийдвэрлэв. Анх төлөвлөсөн хэмжээнд хүртэл нь барьж дуусаагүй ч уг хана удаа дараагийн хагарал, зөрчлийн шалтаг болжээ.
1960-аад онд байдал бүр ч хурцдан, 1964 оны нэгдүгээр сарын 9-нд Панамын Үндэсний их сургуулийн оюутнууд Сувгийн бүс рүү жагсан орж, америкчуудын байгуулсан Бальбоагийн нэрэмжит ахлах сургуулийн барилга дээр Панамын далбааг мандуулна хэмээн зүтгэв. Харин сургуулийн захиргааг татгалзсан хариу өгөхөд тэд үймээн дэгдээж, бүсийн барилга байшингуудыг сүйтгэж эхэлжээ. Америкийн тал жагсагчдыг нулимс асгаруулах хийгээр шүршиж тараасан байна. Гэтэл дараахан нь бүр ч эмх замбараагүй байдал үүсэж, талуудын аль аль нь ихээхэн хохирч, мөнөөх тусгаарлагч хана хүртэл сүйдэж хоцорчээ. Үймээн самууны үеэр 28 хүн нас барснаас олонх нь панамчууд байлаа. Панамын суваг болоод түүнийг тойрсон зөрчлийг олон улс ихэд сонирхох болсон нь чухам энэ явдлын дараа юм. Тэр үед Панамд айлчилсан АНУ-д суух Колумбын Элчин сайд нэг хэсэг нь нурж сүйдсэн, сувгийн дэргэхэд ханыг хараад “Энд өөр нэг Берлиний хана байна” гэж хэлсэн байдаг.
Дээрх хэрэг Америкийн улс төрийн дотоодод ч мөн хямрал үүсгэжээ. Шинээр сонгогдоод удаагүй Ерөнхийлөгч Линдон Жонсон Сувгийн бүс дэх Америкийн бүрэн эрхт байдлыг ямартаа ч хэсэг зуур хамгаална, дараа нь нутгийнхантай хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байдлыг зөөлрүүллээ. Харин Америкийн стратегичид Латин Америкийн орнуудыг Зөвлөлт маягийн коммунист засаглалтай болохоос сэргийлж, тэдэнтэй тохиролцсоны үндсэн дээр Сувгийн бүсийн хяналтыг шилжүүлэх хэрэгтэй гэлцэв. Ингээд энэ шийдэл бодлогын хэмжээнд хэлцэгдсээр АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер, Панамын Ерөнхийлөгч Омар Торрихос нар Сувгийн бүс болоод Панамын суваг дахь Америкийн ноёрхлыг шат дараатайгаар Панам улсад шилжүүлэх тухай хоёр ч гэрээнд 1977 онд гарын үсэг зуржээ. Панамчуудын олонх нь үүнийг талархан хүлээж авсан ч суваг тойрсон зөрчил эцэс болох яагаа ч үгүй байлаа.
1989 он гэхэд Панам хот суваг баригдахаас өмнөх жуулчны нойрмог суурингаас хөл хөдөлгөөнтэй том хот болон хувирчээ. Бэлэн мөнгөө хадгалах газар эрж хайсан Колумбын хар тамхины бүлэглэлүүдийн хүчирхэгжилт, улс хоорондын худалдааны сэргэлт зэргээс шалтгаалж олон улсын банк, санхүүгийн төв болох эхлэл нь ч тавигдав.
Тэр онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Ерөнхийлөгч Мануэль Норьега ялагдлаа. Харин Америкийн Тагнуулын төв газраас нэгэн цагт санхүүжиж байсан тэрбээр сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцож, дүнг будлиантуулсан хэмээн америкчуудыг буруутган, төрийн эрхээс буухаас татгалзав. Дараахан нь Панам хотын төвд нутгийн залуус америк цэргүүд рүү халдан, дөрвөн хүн шархдуулсны нэг нь амиа алдсан хэрэг гарч, талуудын хоорондох зөрчлийг улам бүр дэвэргэлээ. Энэ явдлаас таван өдрийн дараа буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 15-нд Америкийн Зэвсэгт хүчин “Шударга үйлс” хэмээх цэргийн ажиллагаагаар Панам орныг эзлэв. Уг ажиллагааны гол зорилго нь Норьегаг түлхэн унагах байсан ч гол хохирогч нь энгийн иргэд болжээ. Пентагоны мэдээгээр эл үймээнд 516 панам хүн нас барсан гэдэг ч Панамын хүний эрхийн байгууллагууд 3500 гаруй хүн амь үрэгдсэн гэж тооцдог.
Америк цэргүүд Панам руу халдсанаас хэдхэн цагийн дараа Норьега эрх мэдлээсээ хагацаж, түүнийг ялсан Гильермо Эндара төрийн тэргүүн болов. Харин хотын ихэнх хэсэг нуранги балгас болж үлджээ. Энэ явдал Панамыг бараг зуун жил дарласан америкчуудын түрэмгий бодлогоо хадгалах гэсэн сүүлчийн бохир арга байв.
Тэр цагаас хойш Панам хот ихээхэн өнгө засаад байна. Хотыг ойролцоох Перика арлаас дээрээс нь тольдохуй хотын төв дэх Сан-Франциско дүүргээс панамчуудын хөрөнгө чинээ, байр суурь хэр өссөнийг илтгэх тэнгэр баганадсан олон барилга үзэгдэнэ. Харин эсрэг талд нь аварга том тээврийн хөлөг онгоцууд сувгаар нэвтрэхээр эгнэн байна. Эдгээр хөлөг ирэх сард эхлэх сувгийн өргөтгөлийн дараа бүр ч том хөлөг онгоцуудтай зэрэгцэн зогсох юм. Өргөтгөлийн ажлын дараа одоогийн хөлгүүдээс даруй гурав дахин том хөлөг онгоцууд сувгаар гарах боломжтой болно.
Панамын олон улсад танигдсан гол нэрийн хуудас болох Панамын суваг цаг нь ирэхээр Никарагуад баригдах өөр нэг усан замд байраа тавьж өгч мэдэх юм. Гэхдээ тэндхийн уугуул иргэд америкчуудын Сувгийн бүс байгуулагдах үед панамчууд дурамжхан, сэжиглэнгүй байсны адилаар шинэ сувгийг хөгжил дэвшил авчрах томоохон өөрчлөлт гэж үзэхгүй байгаа тул барилгын ажил нь одоохондоо хэдэн сараар хойшлоод байгаа аж.
Америкчуудын Сувгийн бүс эдүгээ хуучирч муудсан барилга олонтой, Панам хотын орхигдож мартагдсан дүүрэг болжээ. Өнгөтэй өөдтэй байгууламжууд нь панамчуудын мэдэлд шилжсэн бол зарим нь зүгээр л хаягдсан байна. Хэдийгээр түүх нь ээдрээ нугачаатай, хар бараан талтай ч панамчууд Панамын сувгаараа бахархдаг. Саяхан “La Estrella de Panama” сонины нэгэн нийтлэлчийн бичсэнээр Панамын иргэдийн тэн хагас нь амьдран суудаг Панам хот чухам энэ сувгийг даган хөгжсөн учир, уг суваг бүх панамчуудад заяагдсан байгалийн өв тул иргэн бүрээс хариуцлагатай, эх оронч сэтгэл хүртэх эрхтэй үндэстний баялаг юм.