Домогт шатарчин, гайхалтай хувь тавилантай хүн Виктор Корчной 85 настайдаа энэ сарын 6-нд хорвоог орхилоо. Тэрбээр дэлхийн аварга болоогүй ч өөд болтлоо манай гаригийн ахмад их мастер нь байсан юм.
Корчной шиг хүнд нөхцөлд хүүхэд насаа өнгөрөөсөн хүнийг олоход түвэгтэй байж мэднэ. Ленинградад төрөөд өсвөр насандаа нацистуудын бүслэлтийг даван гарч, эцгээ алдаад хойт эхтэйгээ үлджээ. Чухамхүү энэ эмэгтэй л түүнийг Пионерын ордны янз бүрийн дугуйланд оруулж байв. Хэл ярианы согогтой тул уран зохиолын дугуйлангаас 13 настайдаа хасагдаж, хөгжмийн дугуйланд орсон ч өөрийн гэсэн төгөлдөр хуургүй байлаа. Тэгж яваад шатрын дугуйланд бүртгүүлжээ. Зөвлөлтийн сая сая хүүхэд гартаа автомат буу барьж үзэх гэж хорхойсож байхад Корчной анх удаа шатрын хөлөгтэй нүүр учрав. Энэ бол 1944 он.
Шинэ дугуйлан хүүгийн шохоорхлыг бүрэн татлаа. Хичээлийн бус бүхий л цагаа шатарт зориулах болов. Ленинградын их сургуульд сурч байхдаа ч шатраа орхисонгүй, хойт эхдээ туслахыг ч мартсангүй. Энэ эмэгтэйд Виктор маш их баярлаж явдаг байв.
Корчной шатарт маш хурдан сайжирч, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, багш Владимир Закийн анхаарлыг эхний өдрөөсөө л татсан аж. 1947 онд 16 настай Виктор Корчной ЗХУ-ын сурагчдын аварга болж, таван жилийн дараа насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байр эзэллээ. Нэг жилийн дараа хоёр, гуравдугаар байрыг хувааж авав.
Тухайн үед одоогийнхоос үлэмж нэр хүндтэй, авахад хэцүү байсан их мастер цолыг Корчной 1956 онд 25 настайдаа хүртэв. Хачирхалтай нь чухам үүнээс хойш л шатарчны хувьд нэр алдар нь унаж эхэлсэн аж. ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хэдэн жил дараалан шагналт байр ч эзлэлгүй явсаар 1960 онд л төрөлх Ленинград хотноо болсон тэмцээнд улсынхаа аварга болжээ.
Ийнхүү их мастер Корчнойн амжилтын үе ирэв. ЗХУ-ын спортын гавьяат мастер болж, Буэнос-Айрест болсон олон улсын томоохон тэмцээнд түрүүллээ. Жилийн дараа ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн ч дэлхийн аваргын төлөөх тулаанд анх удаа оролцов. Харамсалтай нь Кюрасао арал дээр болсон энэ өрсөлдөөнд Виктор Львович тавдугаар байр эзэлжээ.
Зөвлөлтийн шатрын түүхэнд 1960-аад оны эхэн, дунд үе зүй ёсоор Корчнойн эрин байв. 1960-1964 онд гурван удаа улсынхаа аварга болж, хоёр удаа мөнгөн медаль хүртлээ. Энэ жилүүдэд түүний гол өрсөлдөгчид нь Борис Спасский, Леонид Штейн нар байлаа.
Улсынхаа түвшинд олсон амжилт нь өөртөө итгэлтэй их мастерт чамлалтай байсан юм. Дэлхийн шилдэг нь болох зорилгоо тэрбээр хэзээ ч нууж байсангүй. Гэхдээ дэлхийн шатрын оргилд хүрэх зам нь эх орныхоо шатрын магнайд гарахаас үлэмж хэцүү байв. 1968 онд дэлхийн аваргын төлөөх өрсөлдөгчийг шалгаруулах шувтаргын тоглолтод Спасскийд хожигдсон бол гурван жилийн дараа Зөвлөлтийн өөр нэг их мастер Тигран Петросян түүний замд хөндөлсөв.
1974 онд өрсөлдөгчийг тодруулах барианд дэлхийн зиндаа руу довтолж явсан сод авьяаст залуу Анатолий Карповт “тахимаа өгөв”. Дэлхийн аваргын төлөөх тэмцээнд чухам энэ Карпов олон жил Корчнойн өрсөлдөгч байсан юм. Виктор Львович түүний өмнө гишгэж чадаагүй билээ. 1976 онд Корчной өрсөлдөгчдийн хоорондох тэмцээнд хоёр удаа шалгарсан ч нөгөө л Карповыгоо дийлсэнгүй. 1978 онд Филиппин улсын Багио хотод болсон дэлхийн аваргын төлөөх тулаанд Корчной бас мөнөөх Карповтой үзэлцэв. Тэр хоёрын хожил нэгэн үед тэнцсэн ч шийдвэрлэх өрөгт Корчной хожигдлоо. Тэгэхэд Корчной мөрөөдлөө биелүүлэхэд тун ойртсон байна. Карповтой хийсэн эдгээр тоглолтыг шатарчны хувьд Корчнойн оргил үе байсан гэж үздэг. Гурван жилийн дараа Италийн Мерано хотод урьдынх шиг гал гарсан тулаан болсонгүй, Карпов 6:2- оор илт илүүрхэв. Шатрын олон нийт Виктор Корчнойг дэлхийн аваргын титэм авч чадаагүй ч шилдэг шатарчин хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
Корчнойн өөрийнх нь ярьснаас үзвэл 1966 онд Германд болсон тэмцээний үеэр түүнийг ЗХУ-даа буцаж очихгүй байхыг санал болгосон ч тэрбээр хүлээж аваагүй аж. Хожим нь үүндээ харамсаж “хүн шиг амьдрах 11 жилээ алдсан” гэж үздэг байсан гэдэг. Үгэнд ордоггүй зөрүүд зангаасаа болж Корчной Зөвлөлтийн спортын байгууллагын удирдлагад адлагдаж явсан юм.
1974 онд Карповт хожигдсоныхоо дараа Югославын сэтгүүлчдийн асуултад Корчной хариулахдаа ялсан хүнийхээ талаар таагүй үг унагажээ. Хамгийн гол нь “дээрээс” үзүүлсэн дарамт шахалтын улмаас хожигдсон гэж ойлгогдохоор юм хэлсэн байна. Үүнд ЗХУ-ын Спортын хорооны удирдлага маш их дургүйцжээ. Тэгээд түүнд олгодог тэтгэмжийг багасгаж, ЗХУ-аас гадагш явахыг нь хориглов. Сонирхолтой нь жилийн дараа Карпов түүнд тусалсны хүчинд гадагш дотогш явах эрхтэй боллоо.
1976 онд Амстердамд болсон тэмцээнийг дуусгаад Виктор Корчной ЗХУ руу буцахаас татгалзаж, Нидерландаас улс төрийн орогнол хүсэв. Гэтэл хүсэлтийг нь хүлээж авсангүй, харин авсан шатрын алдар цолыг нь хэвээр үлдээж, дэлхийн аваргын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх боломжийг нь хөндөлгүй байх батламжийг их мастер Макс Эйве түүнд өгчээ. Үүнээс хэдэн жилийн дараа Корчной Швейцарьт суурьшив. Эхлээд улс төрийн орогнол авч, 1994 онд тэндхийн иргэн болов. Түүнийг бүр 1978 онд ЗХУ-ын иргэн биш болгосон аж. Гэр бүлийг нь Швейцарь руу явахыг зургаан жилийн дараа зөвшөөрсөн байна. Энэ хугацаанд Корчнойн гэр бүлийг Зөвлөлтийн төр зүгээр байлгасангүй. Хүү Игорийг нь дээд сургуулиас хөөж, цэрэгт явахаас цааргаллаа гэж баривчлан, хоёр жил гаруй шоронд суулгажээ. Хүүгээ суллуулах, гэр бүлээ Швейцарьт аваачих оролдлогодоо Брежневийн дэмжлэгийг авах гэж түүнд захидал бичээд ч тусыг эс олсон байна.
ЗХУ-ын иргэний харьяалалгүй болсноос хойш ч Корчной амжилттай тоглож, тэмцээнүүдэд дээгүүр байр эзэлж байв. Түүний нэр Зөвлөлтийн эсрэг үзэлт цагаачдын дотор байсхийгээд л дурдагдаж байх болсон ч тэрбээр өөрийгөө тэрс үзэлтэн гэж үзэж байсангүй. Цагаачилсан цорын ганц шалтгаанаа мэргэжлийн шатарчны амьдралаа саадгүй үргэлжлүүлэх гэсэн хүсэлтэй нь холбоотой байсан гэж Корчной хэлдэг байлаа. “Зөвлөлт Холбоот Улс задраарай гэж хүсдэг, үүний төлөө тэмцдэг тэрс үзэлтэн гэж намайг олон сая хүн боддог юм билээ. Тийм биш. Би ердөө шатраа тоглож байхыг л хүссэн. Гэтэл үүнд маань аюул учрах гэж байсан учраас Зөвлөлт улсаас гарч явсан. Үүнийг би эхэлж сэдсэн юм биш, Зөвлөлтийн эрх баригчид намайг “дайнд” татаж оруулсан юм. Өөрийгөө хамгаалан ЗХУ-ын эсрэг тэмцсэн гэж намайг үзэж болно” гэж Корчной бичсэн байдаг.
1990 онд Виктор Корчнойг цагаатгаж, эх орноо орхиж явсан нэр алдартай бусад олон хүний хамт иргэнийх нь эрхийг сэргээсэн байна. Түүнийг эх орондоо эргэж ирэхийг санал болгосон ч эрс татгалзжээ. “Европт хүмүүсийн дундаж наслалт Оросынхоос 10-20 жилээр илүү байна. Баруун руу явснаар бий насаа арван жилээр уртасгасан. Урьд нь харилцаатай байсан Орост үлдсэн чацуутнууд маань аль хэдийнэ хорвоог орхисон байна. Би энд ирэхдээ Орост үг солих хүнгүй болсон байсан. Одоо намайг эргэж ир гэж байгаа нь амыг минь үүрд барихыг тэд хүсээ юм болов уу” гэж Корчной нэгэнтээ сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн аж.
Өөрийгөө шатрын ер бусын авьяастай хүн гэж үздэггүй, шаргуу мэрийлтийнхээ үр дүнд л амжилт олсон гэж Корчной нэг бус удаа хэлж байсан юм.
“Корчной бол шатар дахь үзэгдэл. Түүний тоглох арга маяг нь бүхнээс өөр. Тэрбээр шатрын спортод маш өвөрмөц ханддаг. Онцгой авьяастай, гайхамшигтай хөдөлмөрч хүн. Маш өндөр түвшний шатарчин. Өнгөрсөн үеийн сүүлчийн хүмүүсийн нэг нь яваад өгсөнд харамсаж байна” гэж Корчнойг өөд болсны дараа Анатолий Карпов хэлсэн байна.
Корчной дэлхийн аваргын титмийн төлөө 25 жил өрсөлдөж, олон тэмцээн уралдаанд тэргүүлж байсны дотор Петросян, Спасский, Полугаевский, Геллер, Таль, Портиш, Хюбнер нарыг хожиж байв. Шатрын ертөнцөд бүх дээд амжилтыг тэр тогтоосон. Өөрийнхөө 70 насны ойд зориулсан, олон хүн оролцсон тойргийн тэмцээнд 2001 онд түрүүлж байв. Уг тэмцээнд Гельфанд, Свидлер, Грищук нар оролцсон байна. Виктор Львович Корчной 80 насандаа Швейцарийн таван удаагийн аварга болж, цуглуулгадаа бас нэг медаль нэмсэн аж. Тэрбээр ЗХУ-ын дөрвөн удаагийн, Европын таван удаагийн аварга болсон юм.