Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Бразилын киноны хорхойтнууд болон урлаг судлаачдын дунд “Favela dos Meus Amores” (Амраг хайртын минь оромж) хэмээх бүтээл онцгой нэр хүндтэй байдаг. 1935 онд анх дэлгэцнээ гарсан энэ кинонд Рио-де-Жанейрогийн гол боомтын харалдаах Провиденси хэмээх толгодын орчим жуулчдад зориулан кабаре тоглодог залуу хоёр эрийн хайр дурлал, дуу хөгжим дагасан амьдралыг өгүүлдэг байна. Провиденси нь уг киног хийгдэхээс 40-өөд жилийн өмнө Бразилын анхны фавела буюу ядуусын хороолол бий болсон газар юм.
“Favela dos Meus Amores” кино өдгөө алдагдаж үгүй болжээ. Бүх хуулбарыг нь нэг бол зориудаар устгасан, үгүй бол санаандгүйгээр хаяж гээсэн бололтой. Харин эдүгээ хүртэл олны дунд нэр хүндтэй байдаг нь нэг талаар эгнэгт үгүй болсонтой нь, нөгөө талаар дэлгэцэд анх гарах үед нь ихээхэн дуулиан шуугиан дэгдэж байсантай холбоотой аж. Киноны гол дүрүүдийг мэргэжлийн хүмүүс бүтээсэн бол туслах болон олны хэсгийн дүрүүдэд нь Провиденсийн жинхэнэ оршин суугчдыг тоглуулжээ. Энэ нь гэмт хэрэг, өвчин эмгэг, ёс суртахууны доройтол зэрэгтэй утга нэг шахам байсан ядуусын хороолол гэх үг хээнцэр, загварлаг шинжтэй болж ирснийг илтгэсэн содон явдал байлаа.
Өдгөө Риогийн борчуудын дүүрэг хотын өнгө төрхийг туйлын ярвигтай бөгөөд эрс тэс нөлөөллөөрөө тодорхойлж байна. Ерөөс аль ч бүтээн байгуулалт, дүүрэг, хорооллоос илүү фавела л тус хотын түүхийг илүүтэй төлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Фавела нь нийгмийн сэтгэл зүй, нийтийн урлаг соёлд давтагдашгүй содон уур амьсгал, бараг донтуулах шидтэй хар домын ид увдис нэмэхийн сацуу хүчирхийлэл, өвчин зовлонгийн үүр уурхай болжээ.
Провиденси толгод дээр анх 1896-97 оны Канудусын дайнд оролцсон ахмад дайчид суурьшсан аж. Голдуу цагаан арьстнууд байсан тэд шинээр тогтноод удаагүй байсан Бүгд Найрамдах Бразил Улсын Зэвсэгт хүчинд хүсэлтээрээ татагдсан цэргүүд байлаа. Тэднийг зүүн хойд нутгийн Баия мужийн эрс тэс, хахир хуурай гүнд байх Канудус хот руу шинэ засгийн бодлоготой тэрсэлдсэн нутгийн цөөнхийг устгуулахаар илгээжээ.
Тэд дайны өмнө ар гэрийнхнийхээ хамт Риогийн төвд бохир заваан, олон хүн шавсан гудамжинд амьдарч байсан бол Канудуст 30 мянган хүний амиар ялалт байгуулаад ирэхдээ Бразилын Дайны яамнаас Провиденси толгодыг бүхлээр нь эзэмших эрхээр шагнуулсан байна. Уг толгод хотын хайрга бэлтгэлийн газар, гол боомт, галт тэрэгний төв зогсоол гурвын дунд орших, онцгой давуу байрлалтай байлаа.
Ахмад дайчид, халагдсан цэргүүд удалгүй Провиденси толгодын хормой бэлээс эхлэн Канудуст барьж байсантайгаа төстэй шавар тоосгон жижиг байшингууд барих болов.
Тэдгээр нь яваандаа жижигхэн дуган, ус түгээгүүрийн газартай ч боллоо. Ингээд шинэ маягийн, борчуудын суурин үүссэн нь мянга мянган хүнийг татаж эхэлжээ. Ур чадваргүй, ажлын байргүй ажилчин ангийнхнаас эхлээд дөнгөж эрх чөлөөгөө олж авсан, хаачихаа мэдэхгүй боолууд нутгийн өнцөг булан бүрээс ирж, тухайн үед улсын нийслэл байсан Риогийн захад байх Провиденсид толгой хоргодов.
Харин Провиденсид байшин барилга боссоноос ердөө гурван жилийн дараа буюу 1900 он гэхэд Бразилын анхны фавела хэдийнэ муу нэртэй болоод байлаа.
Түүхч Альба Залуар, Маркос Алвито нар 1998 онд хэвлүүлсэн “Фавелын нэгэн зуун” номондоо Бразилын Үндэсний архивын газарт хадгалагдаж буй, 1900 оны арваннэгдүгээр сарын 4-нд бичигдсэн нэгэн захидлыг багтаажээ. Риогийн нэгэн цагдаагийн офицер даргадаа илгээсэн тэрхүү захидалд “Провиденсид гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг бараг боломжгүй байна. Оргодол босуул, хулгайч дээрэмчин, доншуур цэргүүдээр дүүрсэн энэ газарт гудамж талбай алга. Байшингууд нь голдуу мод, шавраар баригдсан, цайрдмал өнгөлгөөтэй юм. Толгод дээрх энэ олон байшингийн нэг нь ч хийн гэрэлгүй байна” гэж бичжээ.
Фавелын гэмт хэргээс гадна халдварт өвчин эмгэг нь албаныхны санааг зовоож байлаа. 1904 онд хэвлэгдсэн, салхин цэцэг өвчний эсрэг тэмцэхийг уриалсан нэгэн шог зураг дээр Бразилын нийтийн эрүүл ахуйн гол ухуулагч Освальдо Крузийг “фавела” гэсэн шошго зүүсэн аварга том хүний даг даарь болсон үснээс ядуусыг самнан унагааж буйгаар дүрсэлсэн байв. Харин зураач Густаво Даллара 1913 онд Риогийн ядуусын дүүргийг арай хүнлэг, өр өвдөм талаас нь харуулсан, Провиденсийн оршин суугчдын өдөр тутмын амьдралыг романтик аясаар дүрсэлсэн анхны зургуудыг нийтэлж, фавелаг бодит байдлаас хол зөрүүтэй сайн сайхан талтай мэт сэтгэгдлийг олонд төрүүлж орхилоо. Энэ нь фавелаг хотын доторх хот, ядуус болоод хавчигдаж гадуурхагдсан хүмүүсийн ганц аврал болсон газар мэт харагдуулах хандлагын эхлэл болжээ.
Провиденсийг харин XX зууны эхнээс сүйтгэх болов. Толгодыг битүү бүрхсэн ядуусын оромж байрыг бүгдийг нь нураах шийдвэр 1927 онд гарч, Францын хот төлөвлөгч Альфред Агашаар зураг төсөл гаргуулсан ч тэр нь ажил хэрэг болсонгүй, толгодыг энд тэндээс нь эмтэлж, хагас дутуу засаад хэсэг хүнийг албадан шилжүүлсэн төдий болоод өнгөрчээ. Харин 1960-1970-аад оны цэргийн дэглэмийн үед Риогийн ядуусын хорооллуудын бараг 20 хувийг үгүй хийж, оршин суугчдыг нь хотын олонх фавела байх хойд захаас баруун хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн их ажил өрнөв. Провиденси энэ “дайрлага”-ын гадна үлдсэн ч 1968 онд ойролцоох хайрга бэлтгэлийн газарт болсон дэлбэрэлтийн уршгаар үлэмж хохирол амслаа. Тэрхүү ослоор 36 хүн амиа алдаж, олон арван байшин үнсэн товрог болжээ.
Дараах хэдэн жилд нь ган гачигт нэрвэгдсэн Бразилын зүүн хойд нутгаас хэдэн сая хүн ирж, Риогийн фавелуудад суурьшсан нь хотын хүн амыг ч, ядуусын хорооллуудыг ч нэмж орхив. Тэр үед гэрэл цахилгаантай фавела нэг ч байсангүй.
Бүр хожим буюу 1980-аад оны сүүлээр л цөөн хэдэн байшин төвийн эрчим хүчтэй холбогдож эхэлжээ.
Провиденси толгодоос эхлээд Риогийн ядуусын гэгдэх олон газар одоо ч цэвэр усны хангамжгүй, дийлэнх нь бохирын системгүй байна. Гэтэл фавела дүүргүүд 2014 онд хотыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 75 сая ам.долларын өртгөөр бүтсэн дүүжин трамвай буюу агаарын метроны сүлжээтэй болжээ. Провиденсид төрж өссөн, 26 настай Космэ Фелиппсен гэх оршин суугчийн хэлэх нь эндхийн иргэд ийм зүйлд мөнгө үрэхийг ер хүсээгүй гэнэ. Харин иргэдийн эрүүл ахуйг сайжруулсан бол хамаагүй үр дүнтэй, түмэнд тустай ажил болох байсныг тэрбээр ярьж байна. Гэвч хотын захиргаа тэндхийн оршин суугчдын санаа бодлыг огт сонсоогүй аж. Фелиппсен гудамжны цэвэрлэгчээс гадна Провиденсид ирэх жуулчдад хөтчөөр ажилладаг. Тэрбээр дүүжин трамвайн сүлжээ нь хэдэн жилийн дараа хотын ядуусын дүүргийг Бразилын галт тэрэгний төв буудалтай холбоно гэдгийг сайшааж буй ч энэ нь ядуусын хороололд урьд урьдынхаас илүү олон хүн авчирч, фавелын уур амьсгал эвдэж байна гэлээ. Мөн уг сүлжээг барихын тулд 200 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлснийг дурдав. Иймэрхүү өргөн цар хүрээтэй ажил, айсуй олимпын наадам шиг томоохон арга хэмжээнүүд фавелын хүрээг хумих, иргэдээс газрыг нь булаан, байшинг нь нураах шалтаг болдог гэнэ.
Харин Рио-де-Жанейрогийн мэр Эдуардо Паэс зөвхөн олимпын хотхоны ойролцоох газрыг чөлөөлөхийн тулд иргэдийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсээр байна. Гэтэл хотын захиргаанаас гаргасан албан мэдээнд 2009 оноос хойш 22 мянга гаруй өрхийг эрсдэлтэй бүсэд суурьшсан, дэд бүтэц сайжруулахаар газар чөлөөлөх зайлшгүй шаардлага гарсан зэрэг шалтгаанаар албадан нүүлгэжээ.
Эдийн засгийн хямрал даамжирч, улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед ч Риогийн борчууд дунд олимпын наадмыг ямар нэг нааштай өөрчлөлт авчрах том үйл явдал гэж үзэх хүн цөөн байна. Бүр өнөөх агаарын метрог олимп өнгөрсний дараа ажиллахаа болих вий гэж хардах хүн ч байгаа аж.
Фавелуудад гэмт хэрэг, хүчирхийлэл бол шийдвэл зохих гол асуудал юм. 2010 онд зөвхөн ядуусын дүүрэгт ажиллах цагдаагийн тусгай хүчин хүртэл байгуулагдсан ч нөхцөл байдал дорвитой өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд хар тамхины наймаачид, цагдаа нарын дунд бүтэн гурван цаг үргэлжилсэн буудалцаан болжээ. Хэдийгээр осолдсон, шархадсан хүн байхгүй ч энэ үймээнээр агаарын метроны тулгуур баганууд бууны суманд эмтэрч, цуурсан байна.
Төрсөн ахаа цагдаа нарын гарт алдсан Фелиппсений хэлснээр цагдаа нар фавелын оршин суугчдыг хэзээд дарладаг гэнэ. Тэрбээр дарлагч, дарлагдагчдын дунд нэг ч удаа яриа хэлэлцээ болж байгаагүй нь Риог хэдий орчин үежсэн, өндөр хөгжилтэй ч ихээхэн хуваагдмал, нийгмийн ялгаа, хагарал ихтэй хот болгож байна гэжээ.