Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
1858 оны бүгчим зун Темза мөрөн хог хаягдал, хүний ялгадсаар хальж урсан парлементын шинэхэн ордондоо тухлаад байсан төр засгийн тэргүүн нарыг байж суухын аргагүй болгожээ. Ам, хамраа дараад ч ажлаа хэвийн үргэлжлүүлж чадахаа больсон тэд шинэ байрнаасаа нүүж, голын эхэнд очиж хуралдав. Чингээд Лондоныг “чөтгөр шулмын өмхий”-гөөс салгах яаралтай арга хэмжээ авахаар шийдлээ. Парламентын гишүүд тэр муухай үнэр л хүн ардыг хордуулж, халдварт өвчин, гэнэтийн үхлийн шалтгаан болж байна гэдэг дээр ч санал нийлжээ.
Түүхэнд Их өмхийрөл нэрээр үлдсэн энэ явдал хотжилтын түүхэн дэх хамгийн агуу хөгжил, бүтээн байгуулалтын нэгийн суурийг тавьсан байна. Чухам тэр зун Британийн улстөрчдийн гаргасан шийдвэр хэдийгээр тооцоо алдсан төлөвлөлт, улс төрийн ашиг хонжоо харсан бодлого дагуулсан ч одоогийн Лондон хотыг бий болгожээ. Тэрхүү бүтээн байгуулалт эдүгээ газрын зургаас юм уу, эсвэл хотын гудамж талбайгаас харагдахгүй. Учир нь аж үйлдвэржсэн эриний нэгэн гайхамшиг, гоц туурвил болох тэр бүтээл ньВикториягийн үеийн, одоо ч бүрэн ашиглагдаж буй усны шугам сүлжээ, ариутгах татуурга юм.
Лондон хотмэдээжийн хэрэг нэн эртний түүхтэй. Гэхдээ тус хотын түүхийг дагнан судалдаг эрдэмтэн Питер Акройдын тодорхойлсноор XIX зуун л Лондоныг бүхэлд нь өөрчилсөн бүтээн байгуулалтын зуун байлаа. Хотын гол судас болох Темза мөрөн олон зууны турш ариун, дээдгэгдэж ирсэн ч 1850-иад онд хүн, мал, үйлдвэрийн хог хаягдлаар дүүрчээ. Хотын хүн ам 1800-1850 оны хооронд хоёр дахин өссөн нь Темзаг ойртож харах нь бүү хэл, холоос үнэрийг нь ч авахын аргагүй асар том хогийн цэг болгоод байв.
Олон хүн амьдран суух газарт тохирох дэд бүтэц, нарийн төлөвлөсөн байр сууцгүй, муу ус нь ил урсах их хотын бүх л бохир заваан бүхэн Темза мөрөн рүү цутгаж байлаа. 1851 оны Дэлхийн үзэсгэлэнгээр анх дэлгэгдэж, хэрэглээнд нэвтэрсэн татдаг устай жорлон энэ байдлыг бүр ч дордуулжээ. Өмнөх үеийн шүлэгч, найрагчдын Мөнгөн Темза хэмээнмагтан дуулж байсан их мөрөн эрдэмтэн Майкл Фарадэйн 1855 онд бичсэнээр шаргал бор өнгөтэй бохир усны суваг шуудуу шиг харагдах болов. Усанд нь цэвэрхэн цагаан цаас дүрж үзэхэд л гол найрлага нь юу болох нь тодорхой байж. Товчхондоо Британийн эзэнт гүрэн зүрхэн талаасаа өмхийрч эхэлжээ.
Жозеф Базэлжет Лондоны хэд хэдэн дүүрэгт шахуургын төв байгуулжээ
Тэр үед Темзагийн өмхий самхай үнэр л хүний амьсгалыг боож, хордуулдаг гэсэн ойлголт тархаад байв. Түүнээс биш усыг нь шуудхан шахаж, хагас дутуу боловсруулсан болоод ундандаа хэрэглэж байгаа нь үхлийн аюултай гэдгийг хэн ч бодолцсонгүй. Хотын захаас татсан ус ч бохир хоолойгоор дамждагийг тооцсон хүн үгүй. Энэ нь гэдэсний хижиг, цусан суулга, мөн тухайн цагийн эрлэг гэгдэж байсан булчин задрах тахал дэгдэх гол шалтгаан байлаа. Британийг дайрсан булчин задрах тахлын анхны томоохон дэгдэлтийн үеэр буюу 1831-1832 онд зөвхөн Лондонд гэхэд 6000 гаруй хүн нас баржээ. Харин 1848 оны удаах дэгдэлтээр 14 мянга, 1853 онд дахин 10 мянга гаруй лондончууд булчин задрах тахлаар амь үрэгдэв.
Халдварт өвчний дэгдлэлт Лондоны бохир уснаас болж буйг Жон Сноу хэмээх эмч 1854 онд тогтоож, нийтэд сэрэмжлүүлсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тэрбээр хотын Сохо дүүрэгт хийсэн судалгаагаараа холер өвчин дэгдсэн үеэр усны оронд дан шар айраг ууж байсан 70 хүн амьд үлдсэнийг анзаарч, ийм дүгнэлтэд хүрсэн аж. Харин албаны хүмүүс, эрүүл ахуйч эмч нар аливаа тахал өвчин зөвхөн агаар дуслын замаар халдварладаг гэж ухуулсаар байлаа. Гэвч тэд нэг зүйл дээр алдсангүй. Тэд юу ч болсон, ямар ч үнээр хамаагүй Темза мөрнийг цэвэрлэх асуудлыг дуу нэгтэйгээр дэмжжээ.
Удалгүй парламентын доод танхим дахь консервативчуудын тэргүүн, Сангийн сайд, хожмын Ерөнхий сайд Бенжамин ДизраэлиТемза мөрөн болон хотын ил усны хоолойнуудыг цэвэрлэх тухай хуулийг парламентаарбатлуулж авав. Мөн байгуулагдаад удаагүй Хотын ажлын захиргааны газар хэмээх албанд гурван сая фунт стерлингийн хөрөнгө оруулахаар боллоо. Уг газрын дарга Жозеф Базэлжет Лондоныг орчин үеийн цэвэр цэмцгэр хот болгохыг хүсэж, олон жилийн турш янз бүрийн төлөвлөгөөболовсруулж байсан агаад санасан бодсоноо гүйцэлдүүлэх эрхийг ийнхүү арай гэж олж авчээ. Түүний төлөвлөсөн гол ажил нь Темза мөрний хоёр талаар газрын дор байгуулах, гадаргын болон гүний усыг нэгэн зэрэг зайлуулах ариутгах татуургын хоолойны нэгдсэн сүлжээбайлаа. Энэ нь хотын зүүн хязгаарт хүрч, ариутгасан усыг тэнгис рүү цутгах ажлыг илүү хөнгөвчлөх учиртай байв.
Нэгдсэн сүлжээ нь нийтдээ 82 миль буюу 130-аад кмүргэлжлэх ус зайлуулах хоолойнуудаас бүрдэнэ. Тэдгээр нь миль тутамд 60 см-ээр намсах ба тус бүр нь доод хэсгээрээ нарийссан, өндөгөн хэлбэртэй байх тул усны урсац хурдан байна. Тараан байрлуулсан эдгээр хоолойг арчилж тордох шахуургын төвүүд Лондоны Челси, Дептфорд, Эбби Миллс, Кросснесс дүүргүүдэд байгуулагдав. Ингэснээр Темза мөрний хөвөөг даган Викториягийн, Альбертийн, Челсийн зэрэг чулуун далан, хиймэл эргүүд бий болжээ. Базэлжет төмөр замын инженер байсан тул хуурай газрын усыг зайлуулах технологийг сайн мэдэж байв. Тиймдээ ч дээрх дэнж, далангууд нь дотроо нүхэн гарц, хоолой агуулахаас гадна Темза мөрнийг хоёр талаас нь шахаж нарийсган, хальж урсахааргүй болгож, хотын төвөөр дайрах урсацыг нь түргэсгэжээ.
XIX зуунд баригдсан бохир усны нэгдсэн хоолой одоо ч бүрэн бүтэн ашиглагдаж байна
Судлаачид өдгөө Жозеф Базэлжетийн хийж бүтээсэн ажлуудаас тэдгээр далан, өндөргөсөн эргийг хамгийн гайхамшигтай нь хэмээдэг ч Базэлжет өөрөө хотыг ус зайлуулах төв сүлжээтэй болгосноо хамгийн хүнд хэцүү, гол ажлаа байсан гэж үзэж байлаа. Ус зайлуулах төв шугамыг барих нь яалт ч үгүйхэдэн мянган хүнийг дайчилсан нүсэражил байсан бөгөөд гол хэсэг нь 1865 онд ашиглалтад орсон ч засвар, өргөтгөл нь дахин 10 жил үргэлжилсэн байна. Газар доорх энэ их бүтээн байгуулалтад ойролцоогоор 318 сая тоосго орсонгэдэг.Харин тэдгээрийг өрөх, доош зөөх хүнд ажлыг өдрийн зургаан шиллингийн хөлс авч байсан олон зуун барилгачин гүйцэтгэжээ.
“Observer” сонинд тухайн үед сайшаан тэмдэглэсэнчлэн тэр бүх мөнгийг зүгээр ч нэг зарцуулаагүй нь удалгүй тодорхой боллоо.Хэдий өргөн далайцтай байсан ч Базэлжетийн гардан гүйцэтгэсэнажилхэдхэн жилийн дараа үр дүнгээ өгчээ.Лондонд 1866 онд булчин задрах тахлын ээлжит тархалт дэгдэхэд шинэ сүлжээтэй хараахан холбогдоогүй байсан хотын зүүн захаас бусад хэсэг халдварт өвчинд нэрвэгдэлгүй өнгөрөв.
Одоогийн Лондон хотын Төв цэвэрлэх байгууламжийн мэргэжилтэн Пол Добрашчикийн хэлснээр Базэлжетийн гаргасан зураг төслийн гол онцлог нь түүний ирээдүйг харсан, хотыг цаашид өргөжин тэлсэн ч цогцоор нь ашиглаад байж болохуйц асар том хэмжээ, орон зай нь байлаа. Базэлжетгазар доорх “хот”-оо Лондоны хүн ам хоёр дахин өссөн ч ашиглагдана хэмээн тооцоолсон аж. Хотын хүн ам 1875-1905 оны хоорондүнэхээр ч хоёр дахин нэмэгдэж, зургаан саяд хүрчээ. Эдүгээ найман сая хүнтэй болсонЛондон хотын цэвэр, бохир усны нэгдсэн системийн голтулгуур багана нь хоёр зууны тэртээ баригдсан Базэлжетийн усны хоолойны нэгдсэн сүлжээ хэвээр байна.
Харамсалтай нь тулгуур багана ч элэгдэж хуучирдаг. Зогсолтгүй нэмэгдэх хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон байгууламжийн хорогдол зэргээс болж Темза мөрөн дахин бохирдоод байна. Базэлжет хотыг усанд автахаас сэргийлж,хур бороо элбэгших үеэр их мөрний усыг хальж урсахад зориулан хэсэг бусаг газар зориуд үүсгэсэн нь эдүгээ эрэг хөвөө газрын хог хаягдалВестминстерт суугаа парламентын гишүүдийн хамар дор жилд хамгийн багадаа 50-иад удааил гарч ирдэгийн гол шалтгаан юм. Энэ нь 150 жилийн өмнө хийгдсэнтэй төстэйдалайцтай, шийдмэг ажлыг дахин гүйцэтгэх цаг ирснийг харуулна.
Их Британийн бохир усны цэвэрлэгээ, усан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани “Thames Water”энэ оны сүүлчээр“Thames Tideway Tunnel” буюуСупер хоолой гэгдсэн төслийг хэрэгжүүлж эхлэх юм. 4.2 тэрбум фунтийн өртөгтэй уг төсөл 2023 он гэхэд Лондон хотын төв хэсгийн бохир усны сүлжээг цогцоор нь сэргээн засварлаж, шинэчлэх ажээ. Питер Акройдын хэлснээр энэ нь Жозеф Базэлжетийн санаанд лавтайяа нийцэх байсан, алсыг харсан, Британийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын нэг болох гэнэ.